Даатгалын компаниудыг төрд авахыг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Даатгалын компаниудыг төрд авахыг эсэргүүцлээ

Даатгалын компаниудыг төрд авахыг эсэргүүцлээ

Даатгалын компанийн төлөөллүүд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын  дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан. Үүнийг эсэргүүцэж, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр сууриа илэрхийлэв. Тэдний зүгээс даатгалын компаниудын үйл ажиллагааг төрд авах тухай хуулийн төсөлд тусгасныг шүүмжилж байгаа юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлээд буй жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг эсэргүүцэв. Тэд хэлэхдээ “УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлээд буй хуулийн төсөлд Т.Аюурсайхан гишүүн албан журмын даатгалын тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг бид уншаад цочирдлоо.  Хуулийн төсөлд даатгалын салбарыг улсад авна гэж тусгасан байна. Даатгалын компаниуд юу ч хийдэггүй мэтээр буруу ташаа ойлгуулсанд харамсалтай байна” гэлээ.

МОНГОЛЫН ДААТГАЛЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА П.ЭРДЭНЭБААТАР:

-УИХ-ын намрын чуулганаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг уншиж цочирдлоо. Хуулийн төсөлд даатгалын салбарыг юу ч хийгээгүй мэт олон нийтэд үндэслэлгүй мэдээлэл ойлгуулж, төрд авах тухай тусгасан байна. Үүнд маш харамсалтай байна.  Шинээр үүсгэн байгуулагдаад удаагүй манай салбарыг булшлах хуулийн төсөл болсон байна гэж бид харж байгаа. Даатгалын салбарын нөөц сан байгуулж ирээдүйд учрах эрсдэлийг тооцдогоороо онцлогтой. Даатгал бол нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрстлийг хаадгаараа онцлог. Албан журмын даатгалын сан байгуулагдаад есөн жил болж байна. Энэ хугацаанд даатгалын компаниудын тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татвараас төвлөрүүлдэг мөнгөний арван хувийг төрөөс жил бүр авч ирсэн. Ингэснээр өдгөө 27 тэрбум төгрөгийн нөөц санг бүрдүүлжээ. Гэхдээ сангийн мөнгө хаана хадгалагдаад хэрхэн зарцуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь тодорхойгүй” гэлээ.

"АМАР ДААТГАЛ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.БАТЗУЛ: 

-Албан журмын даатгал хэрэгжиж эхэлсэн есөн жилийн хугацаанд даатгалын компаниуд бүгд нэг үнэ, нэг нөхцөлөөр ажиллаж ирсэн. Бид үйлчилгээгээр өрсөлддөг. Энэ хуулиар өрсөлдөөн байхгүй болно. Өрсөлдөөн байхгүй бол үйлчилгээ байхгүй болно. Төрийн оролцоотой хяналтгүй сан бий болох гэж байгаад туйлаас харамсч байна.

Тэдний зүгээс Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг эсэргүүцэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар хуулийн төсөл нь аж ахуйн нэгжүүдээ дэмжих төрийн бодлогын эсрэг болсныг дурджээ.

Мэдэгдлийн хэсэгт “Энэхүү хуулийн төсөл нь МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ-ын  2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын бодлого, хуулийн төсөл зэрэг бодлогын бүхий бичиг баримттай агуулга, зорилго нь эрс зөрчилдөж байна.  Дөнгөж нэг сарын өмнө зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-ын зорилго, агуулгаас тэс эсрэг, “шинэ ухралтын эдийн засаг, санхүү” гэж нэрлэхээр хуулийг санаачлан хэлэлцүүлж байгааг даатгалын салбарын бүх оролцогчид эрс эсэргүүцэж байгаагаа үүгээр илэрхийлж байна. “Алсын Хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн Ухаалаг санхүүгийн зах зээл бүлгийн ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр заасан “Даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчин бүрдэж, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна” гэдэг зорилгыг энэ хууль үгүй хийх болно гэдгийг мэргэжлийн оролцогчдын хувьд хариуцлагатайгаар та бүхэнд сануулж байна” гэж дурджээ.

Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оноос хэрэгжсэн байдаг. Энэ хугацаанд  өнөөдрийг хүртэл зам тээврийн ослын улмаас учирсан  230 гаруй мянган тохиолдолд 121,9 тэрбум төгрөгийн хохирлыг даатгалын салбар нөхөн төлбөрт олгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж