Их-20 чуулган талцсан орнуудын дунд гүүр болж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Их-20 чуулган талцсан орнуудын дунд гүүр болж чадсангүй

Их-20 чуулган талцсан орнуудын дунд гүүр болж чадсангүй

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дараалан болох олон улсын хоёр чухал чуулга уулзалтад оролцохоор “Air Force One” нисэх онгоцоороо Атлантын далайг гатлан  нисчээ. Италийн Ром хотноо өнгөрсөн амралтын өдрүүдээр Их-20 бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болсон. Үргэлжлүүлээд өнөөдөр Шотландад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын чуулга уулзалт эхлэв.

Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Их-20 орны чуулганд биечлэн оролцоогүй нь АНУ болон холбоотон Европын холбооны орнуудын хувьд олон улсын чухал асуудалд байр сууриа нэгтгэх завшаан байсныг Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан онцолжээ. Гэвч чуулга уулзалт түүний санасан шиг нэгдмэл болж чадсангүй. Жо Байден Францтай маргаанаа шийдвэрлэж чадсан ч олон улс төдийгүй Европын холбоонд ч ан цав үүссээр байна. Эдгээр ан цавын зарим нь Их-20 орны чуулга уулзалтын үеэр улам нэмэгдсэн нь ажиглагджээ. Дэлхий дахинд тулгараад буй цар тахал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улс нэгдэн хамтарч ажиллах шаардлагатай байгаа ч улс орнуудын дунд зөрчил хурцадсаар байна.

 “Дэлхий илүү хуваагдмал болж байна. Энэ хуваагдал нь ерөнхийдөө авторитар болон ардчилсан орнуудын дунд ажиглагдаж байна. Хүчирхэг орнуудын дунд сөргөлдөөн, ялангуяа АНУ, Хятадын үүсгэсэн сөрөг хандлага олон улсын асуудалд хамтын ажиллагааг бууруулж, зөрчлийг нэмэгдүүлж байна” гэж Брүүклин институтын АНУ, Европын судалгааны төвийн дарга Томас Врайт дүгнэжээ.

"Хөгжиж буй орнууд цар тахлын эсрэг вакциныг хуваарилалтыг хүлээсээр тэвчээр тасарч байгаа ч дэлхийн удирдагчид үйл явцыг хурдлуулах асуудалд бага хүчин чармайлт гаргаж байна.  Чинээлэг орнууд цар тахлын дараах эдийн засгийн шокноос бага багаар гарч эхэлж байгаа ч бусдынх нь хувьд хямрал үргэлжилсээр байна" гэж тэрбээр мэдэгдэв.

Дэлхийн хамгийн хүчирхэг орнуудаас бүрдэх Их-20 бүлэг нь эдийн засаг болон бусад асуудлыг хэлэлцсэн боловч нүүрсхүчлийн хийг бууруулах зорилтод хүрэх хүсэлгүй байгаа нь ажиглагджээ. Удирдагчид энэ зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийг саармагжуулах, гадаадаас нүүрсний уурхайг санхүүжүүлэхийг зогсоох амлалт өгч байна. Бүлгийн уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэл ч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг эрчимжүүлж чадсангүй. Учир нь дэлхийн хамгийн их бохирдуулагч орон Хятад улс энэ оны эхээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах асуудлаар олны анхаарлыг татаж чадсан. Хэвлэлийн хурлын үеэр Жо Байден чуулганд биечлэн оролцоогүй Хятад, ОХУ-ын удирдагчдыг буруутган, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд үнэнч бус байгааг шүүмжилжээ.

Түүнчлэн АНУ-ын талаас цар тахалтай тэмцэх үйл явцыг Их-20 орны бүлэг толгойлно гэх хүлээлтийг биелүүлээгүй хэмээн буруутгахыг оролджээ. Цар тахлын эсрэг вакцины хуваарилалт, нийлүүлэлтийн асуудал Их-20 орны бүлгийн уулзалтын үеэр зайлшгүй хөндөгдөх сэдэв. Хөгжингүй, чинээлэг орнууд цар тахлын вакцины нэмэлт тундаа орсон байхад олонх орон эхний тундаа ч иргэдээ бүрэн хамруулж чадаагүй байгаа юм. Олон улсын эрүүл мэндийн судалгааны төвийн тооцоолсноор энэ оны төгсгөл гэхэд улс орон бүр хүн амынхаа 40 хувийг вакцинжуулсан байхын тулд ирэх хоёр сарын хугацаанд хоёр тэрбум хүн тун вакцин үйлдвэрлэх шаардлагатай аж. Энэ нөхцөл байдалд Их-20 орон найдвартай төлөвлөгөө батлан хэрэгжүүлж чадаагүй хэмээн тус судалгааны төвийн захирал Стефен Моррисон мэдэгджээ.

Жо Байден Шотландад хоёр өдрийн турш үргэлжлэх НҮБ-ын “COP26” чуулга уулзалтад оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж