Монголоос ирэх зорчигчдод дэлхийн улс орнууд хөл хорио тогтоож эхэлсэн. Тиймээс Монголын иргэд аль улсад зорчих боломжтой, аль улс нь монголчуудад хязгаарлалт тавьж байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болдоос тодрууллаа.
Тэрбээр “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хилийн асуудал хүндхэн байна. Энэ сард Сөүл, Токио, Алмата, Франкфурт, Истанбул гэх зэрэг хотууд руу захиалгат нислэг хийнэ. Монгол Улсын иргэдийн хувьд Хятадаас бусад оронд зорчих боломж нь нээлттэй. Гэхдээ нисэх зорилгод хязгаарлалт тогтоосон. Ихэнхи орон Монгол Улсын иргэдийг аялах болон бизнес чиглэлээр зорчихыг хориглосон. Зөвхөн оюутнууд болон дипломат ажлын хүрээнд виз олгоно.
ОХУ-руу оюутнууд болон ажлын шаардлагаар зорчих иргэд хоёр талын УОК-ын зөвшөөрөл авсны үндсэн дээр нэвтрэх боломжтой. Солонгос улс руу мөн адил оюутнууд чөлөөтэй. Харин өөр зорилгоор зорчих Монгол Улсын иргэдэд виз олгохгүй байгаа. Америк болон Европын орнууд монгол оюутнуудад хилээ нээлттэй болгосон ч, аялал жуулчлалын зорилгоор зорчих монголчуудад хаалттай. Японоос зөвхөн Засгийн газрын тэтгэлэгээр сурдаг оюутанг хүлээн авна, богино хугацааны (аялал, бизнес) виз олголтыг түр зогсоосон гэдгээ мэдэгдсэн.
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын зүгээс Монгол Улсад хориг тавьж, улаан жагсаалтад оруулсан байсныг харин цуцалсан. Улмаар тухайн улс руу зохих ангиллын визийг мэдүүлж, зорчих боломж нээгдсэн” гэв.
Улаанбаатар хотод байрлах гадаадын консулын газар ихэнхдээ хаалттай байгаа. Тодруулбал, гадаад улсын консулууд халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, ажилчдаа буцаан татан авч, цомхотгон, визны цаг олголтыг багасгахын зэрэгцээ, зарим орнуудын консул виз олголтыг түр хугацаагаар зогсоожээ. Хэрэв Монголд халдварын тохиолдол буурсан нөхцөлд эргээд хэвийн байдалд орж, үйл ажиллагаагаа тогтмол явуулж, виз олголтын хязгаарлалтыг цуцлахаа консулын газрууд мэдэгдсэн байна.
Г.ЭНХЖАРГАЛ
Холбоотой мэдээ