Үндэсний статистикийн хорооноос аж ахуй нэгжүүдийн 2021 оны улсын тооллоготой холбоотой мэдээллийг өнөөдөр /2021.11.1/ өглөө. 2021 оны аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар өнөөдрөөс эхэлж байгаа юм.
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН:
-Аж ахуй нэгжүүд тооллогод идэвхтэй хамрагдсанаар дата сан өргөн хүрээнд гарч үйл ажиллагаа явуулж байгаа болон дампуурсан байгууллагуудын нийт тоог гаргах боломжтой. Ингэснээр нэг талдаа байгууллагад, нөгөө талдаа төр болон статистик мэдээг ашиглаж буй хэн бүхэнд ашигтай гэсэн үг. Хэрэв бид мэдээллийг цуглуулж чадвал Covid-19-ийн үед эдийн засгийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болох болно. Тиймээс өмнө нь цаасаар авдаг байдлыг халж цахим шинэчлэлт хийсэн. Байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид тооллогодоо цахимаар хамрагдаж, богино хугацаанд бүртгүүлэх боломжтой давуу талтай учир идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Аж ахуй нэгжүүд ажлын байраа хадгалж үлдсэн эсэх, цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү гэх мэтэд бодитой тоон мэдээллийг гаргачих учир мөн л бодитой шийдвэр гаргахад нөлөөлөх болно. Х тайлан өгөх болсон компаниудын тоо яагаад нэмэгдсэн гэдгийг тогтоох нь чухал. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд дунджаар 60 орчим мянган аж ахуй нэгж Х тайлан өгдөг байсан тоо 90 мянга болж нэмэгдсэн. Тэгэхлээр ажлын байраа хадгалж үлдсэн үү, үгүй юу гэдгийг энэ тооллого харуулах боломжтой. Одоогийн байдлаар зургаан аж ахуй нэгж тооллогод хамрагдаад байна.
Монгол Улсад 200 гаруй мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, татвараа төлдөг нь 50 хувь нь байдаг. Тооллогын үр дүнгээр татварын ерөнхий газартай хамтран ажиллаж татан буулгах шаардлагатайг нь цуцална.
ААН-ҮҮДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ДАРАМТЫГ Ч ЦАХИМ АСУУЛГАД БАГТААСАН
ҮСХ-НЫ ДЭД ДАРГА Д.ЛХАМСҮРЭН:
toollogo.1212.mn сайтад аж ахуй нэгжүүд болон хувиараа бизнес эрхлэгчид "etax" буюу татварын мэдээллийн сангийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Хэрэв бүртгэлгүй бол emongolia-д бүртгэлтэй эрхээрээ хандах боломжтой. Энэ удаагийн тооллогыг төрийн байгууллагын мэдээллийн санг уялдуулж авч байгаа. Асуулга нийт есөн бүлэг 380 гаруй асуулттай. Байгууллагууд ямар инноваци хэрэгжүүлж, цаашид ямар зорилготой ажиллах төлөвтэй байгаа болон үйл ажиллагаа явуулахад төрөөс үзүүлж буй хүндрэл зэргийг асуулгад оруулж өгснөөр онцлог.
Энэ удаагийн тооллого нь 100 хувь цахимаар болох ба төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаж, төрийн байгууллагад мэдүүлсэн тоон мэдээллийг нь ашиглана. Мөн сайтад онлайн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна шаардлагатай мэдээллээ 75331212 утсаар авах боломжтой юм. Энэ удаагийн тооллого нь зөвхөн ААН-ийн тоог гаргах бус Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа юм.
Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингээс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Цар тахлын хүрээнд хэчнээн аж ахуй нэгж, байгууллага дампуурсан бэ?
“Үндэсний статистикийн хороон”-ы бизнесийн регистрийн санд 200 гаруй мянган аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуй нэгж, байгууллагаас 50 хувь нь үйл ажиллагаа явуулдаг. Үлдсэн хувь нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Татан буулгах шаардлагатай компаниудыг илрүүлэн гаргаж ирэх зорилготой. Өнгөрсөн хугацаанд дампуурсан аж ахуйн нэгж, байгууллагуудын өгсөн татварын тайлангаар мэдэх боломжтой. Татварын X тайлан өгсөн байгууллага 30 орчим мянгаар нэмэгдсэн. Хуучин 60 мянга байсан бол цар тахлын хүрээнд 90 гаруй мянга болжээ. Эдгээр аж ахуй нэгж, байгууллага ерөнхийдөө дампуурах магадлалтай гэсэн үг. Одоо энэ тооллогыг хийснээр энэ тоог бодитойгоор илрүүлнэ.
-Хүн амын 50-аас дээш хувь гуравдугаар тундаа хамрагдвал аж ахуй нэгж, байгууллагууд хэвийн ажиллана гэсэн. Монгол Улсын эдийн засагт хэр ашигтай вэ?
–Өнөөдөр 417 мянган хүн гуравдугаар тундаа хамрагдсан гэсэн тоо байна. Энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд Монгол Улс хамгийн хатуу хөл хорио тогтоосон улсаар тодорсон. Тэгэхээр эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах нь чухал. Цар тахалтай дасан зохицох талаар биднийг ярьж байхад дэлхий даяар гуравдугаар тунд хамрагдсанаар халдварын тоо эрс буурч байгааг мэдээлж байна. Хил богино хугацаанд нээхийн тулд халдварын тоог зогсоох ёстой. Тэгж байж л эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд орно.
-МҮХАҮТ-аас судалгаа хийж байгаа юу. Аж ахуй нэгж, байгууллагууд 50 хувийн дүүргэлттэй ажиллаж буй. Тэгэхээр орлого нь бас 50 хувь буурна. Энэ нь эдийн засагт нөлөөлж байгаа юу?
-Бүх төрлийн судалгаанаас харахад хөл хорио тогтоох нь өөрөө эдийн засгийн хамгийн том эрсдэл болох юм. Яагаад гэхээр аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдөө түрээсийн төлбөр төлдөг. Дулаан цахилгааныг нь төрөөс төлсөн. Үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдаа тарааж сул зогсолтод оруулаад байна. Тиймээс ядаж 50 хувьтай ажиллах боломж бүрдүүллээ. Цаашлаад гуравдугаар тундаа бүрэн хамрагдвал 100 хувь ажиллах нөхцөл үүснэ. Тиймээс хөл хорио тавиулахгүй байх нь чухал. Халдварын тоо өнөөдрийнх шиг байгаад байж болохгүй. Буурах ёстой шүү дээ. Монгол Улсын эдийн засаг маш том эсрдэл ороод байна.
Х.Доржпалам
Холбоотой мэдээ