"Популист шийдвэр эдийн засгийг хөмрүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

"Популист шийдвэр эдийн засгийг хөмрүүлж байна"

"Популист шийдвэр эдийн засгийг хөмрүүлж байна"

 

Хадгаламжийн хүү болон зээлийн хүүтэй холбоотой асуудлаар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаатай ярилцлаа.


Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүүг бууруулахгүй байгаа шалтгаан нь юу вэ. Уг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь зээлийн хүүг бууруулах зорилготой байсан?

-Банк хадгаламж зээлийн хүүгийн зөрүүгээр үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Зээлийн хүү өндөр байхад хадгаламжийн хүү буурахаар зөрүүгээр нь банк ашиг олоогүй болов уу. Харин зээлийн хүүг бууруулах стратегийг тодорхойлохдоо үе шаттай, хамгийн их  зарлага гарч буй хэсгийг анхаарч үзэх ёстой.

Хуулийн хэрэгжилтийг хэрхэн харж байна вэ?

-Банкны шинэчлэл дангаараа санхүүгийн зах зээлийн бизнесийн орчныг сайжруулахгүй болов уу. Шалтгааныг өөрөөс нь биш, өөртэй нь холбоотой зүйлийг харах хэрэгтэй. Банкны тухай хууль хэрэгжих гол суурь нь бизнесийн орчин. Үүний гол суурь нь өрсөлдөөний тухай хууль. Энэ хууль Банкны тухай хуультай холбоотой юу гэдгийг харж болох юм. Монгол Улс 790 орчим хуультай. Гэвч  эдгээр хуулийг Өрсөлдөөний тухай хуулиар холбох асуудал сүүлийн 30 жил хийгдээгүй. Тэгэхээр зөвхөн Банкны тухай хууль хэрэгжиж байна гэж харахаас илүү бид том зургаар Covid-19-ийн өмнө болон тахлын үед, мөн дараа нь шинэ нөхцөл байдал руу шилжих гээд байна. Ийм нөхцөлд одоогийн хуулиуд нь дасан зохицож чадах юм уу гэдгийг харах хэрэгтэй болно. Миний харж байгаагаар Банкны тухай хууль дижитал бэлтгэлд илүү сайн зохицож хэрэгжиж байгаа болов уу гэж харж байна.

Банкны хуультай зэрэгцээд Даатгалын тухай хууль, Хөрөнгийн тухай хуулийг зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй банк, даатгал, хөрөнгийн аль нь ч өрсөлдөөний зарчмаар явбал өнөөдрийн тогтолцоонд ажиллах хэрэгтэй.

Гэтэл өрсөлдөөнтэй байж чадаж байна уу гэдгийг эргээд харах хэрэгтэй. Банкны тухай хууль, Даатгалын тухай хууль, Хөрөнгийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуультай хослох хэрэгтэй.

Нөгөө талд хадгаламжийн хүүг тэглэсэн нь иргэдэд алдагдалтай, банкинд ашигтай шийдвэр биш үү?

-Цар тахлын хуулиар хадгаламжийн өнөөгийн байдлыг авч үзвэл хугацаагүй хадгаламжийг тэглэсэн. Энэ нь банкинд боломж олгож байгаа ч нөгөө талд хадгаламжтай хүмүүс тодорхой хэмжээнийг ашиг хүртэж чадахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд дан ганц хадгаламж зээлийн зөрүүгээр харах биш банкны үйл ажиллагааны үндсэн зардлын хувийг харах нь чухал. Үүнээс гадна банк үйл ажиллагаагаа хэвийн явуулахад татан төвлөрүүлэх хөрөнгө нь чухал байгаа юм. Өмнө нь магадгүй татан төвлөрүүлэх хөрөнгийг гадаад эх сурвалжаас авч чаддаг байсан. Гэвч цар тахлын үед  дэлхий нийтээр хүндхэн нөхцөлд татан төвлөрүүлэх хөрөнгөө өмнөх шигээ авч чадахгүй байж магадгүй. Иймд томорсон үйл ажиллагаанд татан төвлөрүүлэх хөрөнгөө бодитой үүсгэж чадахгүй нь банкны томоохон асуудлын нэг болж байна.

Яагаад?

-Банкны төвлөрүүлж буй хөрөнгийн ихэнхийг Засгийн газраас цар тахлын үед 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гурван жилийн хугацаанд жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр 4000 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 150 тэрбумыг хуваарилна гэнэ. Энэ нь банкны эх үүсвэрээс гаргаж байгаа ч эргээд зээлийн хүүг бууруулах стратегит арга хэмжээ, үйл ажиллагааг хэр уялдуулж байгаа нь харагдахгүй байна. Тиймээс ч хүмүүст эргэлзээ төрүүлэх болсон. Тооцооллын хувьд авч үзэхээр хувийн банк хэзээ ч ашиггүй ажиллахгүй. Иймд банкны стратеги нь Засгийн газраас гаргаж буй УИХ-аар батлаад буй зээлий стратегийн хооронд бага зөрүүтэй байх нь хэрэглэгч, банк, үйлчлүүлэгчдийн аль альд нь өгөөжтэй байх гэсэн том зургаар нь харах хэрэгтэй болоод байна.

ЗЭЭЛИЙН БОДИТ ХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ АЛДАГДСНЫГ ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙНА

-Зээлийн хүү өндөр байх нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?

-Зээлийн хүүгийн  нэрсийн хэмжээ нь  өндөр болсон ч бодит зээлийн хэмжээнд  анхаарал хандуулж буй зүйл алга. Энэ нь цаашлаад амьжиргааны түвшин, орлогын хэмжээ, нэг цагт ногдох цалинг дээшлүүлэх гол суурь болж байдаг. Бид цөмөө тойроод л асуудлыг судалж ажиглалтаар л тайлбар хийгээд байх юм.  Одоо эдийн засгийн бүтэц алдагдсан байгааг олж харалгүй бүр ч хөмрүүлэх гээд байна. Бодлого хаашаа эргэх вэ гэхээр эдийн засгийн бүтцийг тогтвортой байлгах тэнцвэржүүлэх тал руу чиглэж зээлийг олгох хэрэгтэй.Мөн хөдөө аж ахуй экспорт хосолсон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зээлийн хүүг санхүүгийн байгууллагуудтай зөвшилцөж эрс буулгаж болно.

Асуудлын цөмийг нь харж чадвал шийдэх боломжтой. Гэвч одоогийн сэтгэлгээ нь популист хэвээрээ. Эрх баригчид “бүгдийг хөгжүүлнэ”, “бүгдийг тэнцвэржүүлнэ”, “бүгд тэнцвэртэй тогтвортой, хүртээмжтэй байна” гэж хараад байна. Хөрсөн дээр бичил, дунд, том байгууллагын чадамж, зах зээлд эзэлж буй хувь нь өөр хоорондоо харилцан адилгүй.

Гэтэл нэг л зээлийн хүү үйлчилнэ гэдэг тэр үйлчилгээг авч буй газарт л ашигтай болохоос биш бусдад харилцан адилгүй боломжийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр Засгийн газрын хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрт шүүмжлэлтэй тал байна. Хэрэв Монгол Улсад орлого бүтээж хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлж байгаа бол сайн. Бодит байдал дээр технилоги, стандарт нь ч дутагдалтай ийм үед бид боломжоороо гаднаас орлого татах, экспортод гаргах чиглэлийг ойрын 10 жилд авч үзэх хэрэгтэй. Монгол хүн дэлхийд өөрийгөө харуулж, үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд 0.01  хувь эзлэхийн төлөө уул уурхайн бус салбарт фокуслаж, үйлдвэрлэгчдийн зээлийн хүүг эрс буулгамаар байна. Энэ нь өрсөлдөөн үүсгэнэ. Экспортод гаргасан үйлдвэрлэгчдэд олгож буй зээлийн хэмжээ, зээлийн хүү эрс буурахад бусад нь ч бас өрсөлдөнө. Тэгэхээр үйлдвэрлэгчид дотроосоо цойлж, бусдыгаа манлайлах үйлдвэрлэгч үндсэндээ үгүйлэгдээд байна.

Таны хэлдгээр эрх баригчдын популист шийдвэр эдийн засгийн цөмөө олж хардаггүйтай адил 10 их наядын зээл үйлдвэрлэгчдэд дэмжлэг болж чадсан болов уу. Аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлсэн энэ зээл хэр байгаа оносон бол?

-Манайхан үйл ажиллагаа, арга хэмжээ хоёрыг л хооронд нь хольж, аль альд нь оролцох юм. Гэвч арга хэмжээ нь оновчгүй байна. Логикийн хувьд 10 их наядын хөрөнгө яагаад иргэнд очих ёстой вэ? гэдгийг гайхаад байна. Бизнесийн  талаас харвал хувь хүнээс илүү том байгууллага тогтмол орлоготой, бас хүмүүсийг ажлын байраар хангана. Ийм л аж ахуйн нэгжийг дэмжих хэрэгтэй.  Гэхдээ Засгийн газрын хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөр нь буруу шийдвэр болоогүй. Covid-19-ийн үед авч хэрэгжүүлж буй зөв арга хэмжээ боловч  хэрэгжүүлэх механизм дээр л алдаж байна. Уг зээлийн чиглэл нь дулимаг. Мөн чиг үүрэг нь хавтгайрсан. Уг нь болохгүй. Эдийн засгийн ухаанд бид аливаа нэг зүйлийг ашиглахдаа бид хязгаарлагдмал хомсдолтой,  эдийн засаг, үйлдвэрлэл, хуваарилалтын үр ашгийг хангаж ажиллана гэж үздэг. Өнөөдөр хуваарилалт болон үйлдвэрлэлийн үр ашигийн хооронд л сонголт хийлгэх гээд байна. Гэтэл хуваарилалтын үр ашиг нь тийм ч сайн арга биш.

-Зээлийн хүү буурах боломж ажиглагдаж байна уу. Манай улстай адил зээлийн өндөр хүүтэй улс орнууд бий юу?

-Зээлийн хүү инфляцтай нягт холбоотой. Өнөөдөр Монголбанкны ерөнхий бодлогын чиг хандлага нь  8+2-2 гэсэн тохируулгатай явахаар санал гаргаж байна.

Уг нь инфляцийг 8 хувьд барихаар зорьж байсан ч дэлхий дахинд инфляци өсч буй энэ үед зээлийн хүүг тогтмол бууруулах стратеги нь цаг үеэ олсон уу гэдэг нь өөрөө асуудалтай.

Зээлийн хүүг бууруулах нь гарцаагүй банкны талд ашигаа бодох, эргээд үйлдвэрлэл үйлчилгээ сэргэхэд чухал ач холбогдолтой. Зээлийн хүүг бууруулах хамгийн гол ач холбогдол нь зээлийн үйлдвэрлэлийн бүтээмжийг харах хэрэгтэй. Өнөөдөр эрэлт их байгаа учраас зээлийн хүү буурах шалтгаан болохгүй байна. Далхий дахинд эрэлт нийлүүлэлтийн аль алиных нь шок зэрэг үүсч байна. Ийм үед зэрэг хэрэглэгддэг макро арга гэж байхгүй. Инфляц тодорхой хэмжээгээр өсч буй тохиолдолд бизнесийн сөрсөн бодлогыг илүү авч үзэж байсан. Гэтэл одоо зээлийн хүүгээ бууруулъя гэвэл зээл өгч буй зорилтот  бүлэг нь илүү төвлөрсөн байх хэрэгтэй.

Гэрэл зургаар зүйрлэвэл дурангийн покус нь таарахгүй л байгаа юм. Уг нь банкны том компаниуд болон Засгийн газрын бодлогын хоорон дахь  зай маш бага байх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар том компаниудаа сонсох хэрэгтэй. Том компаниуд Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг хангах үүрэг хүлээж байгаа.

Засгийн газар дэмжиж, зарим үед хамгаалах үүрэгтэй. Өнөөдөр дэмжинэ гэж ярьдаг атал хамгаална гэдэг үгийг үгсийн сангаасаа хассан. Магадгүй цар тахлын үед зээлийн хүүг бууруулахдаа жижиг дунд үйлдвэрийн экспорт руу чиглэсэн үйлдвэрийг хамгаалах, том үйлдвэрлэгчдийн зээлийн хүүгийн асуудлыг авч үзэхдээ дэмжих гэдэг стратегийн чиглэл нь Засгийн газрын хувьд ялгаатай болж, том компаниудыг сонсч байж дунд нь харилцаа үүсснэ. Үр дүнд нь том компаниуд өөрийн хөгжлийн стратегитай, зээлийн хүүг яаж бууруулах талаар шат дараатай арга хэмжээг хэлэх ёстой. Тиймээс биш Засгийн газар хэлэхгүй.

МОНГОЛ УЛС ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛООГҮЙ АТАЛ ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛОХ ТУХАЙ ЯРИАД БАЙНА

-Хил хаалттай энэ үе бидэнд үйлдвэрлэгч  экспортлогч улс болох боломж бий юу?

-Бид өөрсдөө аж үйлдвэрийн орон биш атал үйлдвэрлэлийн болно гэж ярьдаг. Үүнийгээ ч хэрэгжүүлж чадаагүй байтал дахиад цахим үндэстэн болно гэж яриад байх юм. Бодит байдал, төсөөлөл хоёрын хооронд асар том зааг үүсч байна. Системийн хувьд бид их өөр орчинд ажиллаж амьдарч байгаа. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний  10 гаруй хувь нь үйлчилгээний салбар. Гэтэл аж үйлдвэр өндөр хөгжсөн орны тухайд хөдөө аж ахуйгаас аж үйлдвэр, түүний дараах үе рүү шилжсэн. Аж үйлдвэр нь бусад салбартай харьцуулахад цойлсон байдаг. Харин манай улсын өнөөдрийн нөхцөл байдал аж үйлдвэр цойлж хөгжих нь бүүхэл аж үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн 1990-ээд оны өмнөхөөс ч  удааширсан хандлагатай байна.

Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрлэгчид борооны дараах мөөг шиг л олширсон. Гэхдээ дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээний үйлдвэрлэгчид бий юу. Юунд анхаарах ёстой вэ. Засгийн газар дэмжих хэрэгтэй юм уу?

-Одоогийн нөхцөлд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр асуудлыг чиглүүлбэл бизнесийн орчинд өрсөлдөөн бий болно. Үүнийг л бид зөв гаргаж ирэх хэрэгтэй. Эдийн засгийн харилцаа нийтлэг байдлаар сул байна. Яагаад гэхээр, өрсөлдөөний бодлого байхгүй. Үүнийг яаж хүчтэй болгох юм. Зах зээлийн компаниуд үнэ, бүтээгдэхүүн, технилоги, стандарт, хэрэглэгчдээр үү гэдэг зах зээлд өрсөлдөх маш олон стратиги бий. Ийм бодлого нь сул. Том компаниудын хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх найдвар харагдаж байгаа. Бизнес хийх арга ухаан дээшилсэн. Иймд Засгийн газар томхон компаниудаа дэмжих хэрэгтэй. Аль болох зээлийн хүүг нь бууруулах ёстой.

ҮЙЛДВЭРЛЭГЧИД ӨӨРИЙН БРЭНДЭЭР ОРЛОГО БҮТЭЭДЭГГҮЙ. 

Том компаниуд экспортлогч болох ирээдүй нь байгаа ч дутагдалтай талыг нь авч үзвэл. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд юунд анхаарах ёстой вэ?

-Бизнесийн эцсийн үр дүн нь зүгээр л бизнес хийх биш. Амьжиргааны үр дүн дээшлэх, орон нутгийн зах зээл тэлэх, орон нутагт борлуулалтын хэмжээ нэмэгдэх учиртай. Ийм гурван үзүүлэлтээр хэмжихэд л Монгол Улсын борлуулалтын ихэнх нь Улаанбаатарт байна. Орон нутгийн 330 суманд борлуулалт хийх асуудал байхгүй. Үүнээс харахад, бид үйлдвэрлэл хөгжүүлэх гэж байгаа бол түүнийг худалдан авах, төлөхөд бэлэн байгаа үйлчлүүлэгч хэрэглэгчид нь чухал. Өнөөдөр хэрэглэгчдийн дийлэнх нь худалдан авах гэхээсээ илүү төлөхөд бэлэн байх хандлага ажиглагдаж байна. Энэ нь массаараа тодорхой хэмжээгээр орлогын илүүдэлтэй, орлогоо зориулах боломжтой байна гэсэн үг. Даан ч үйлдвэрлэгчдэд  өөрийн гэсэн брендээр орлого бүтээх төвлөрсөн чиг хандлага харагдахгүй байна. Бизнесийн ерөнхий дүр зураг нь, компаниуд олон төрлийн ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л бүх хүчин чадлаа зориулдаг атал өөрийн гэсэн брендтэй нь цөөхөн. Хэрэв гол орлогынхоо эх үүсвэрийг олдог бүтээгдэхүүнд л төвлөрвөл хүний нөөц, түүхий эдийн нөөц нь ч илүү үр ашигтай. Өнөөдрийн хувьд экспорт уламжлалт хэвээр байна. Нөгөө талд, Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гол гишүүн, олон улсын олон байгууллагын гишүүн. Энэ ч үүднээс гишүүнийхээ үүргийг гүйцэтгэх тал дээр илүү анхаарч ирсэн. Бид гишүүн улсынхаа хувьд эргээд ямар үр өгөөжийг нь хүртэж өөрсдийнхөө нөхцөл байдлыг сайжруулах вэ гэдгийг дутуу хардаг болов уу. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд бид дүрэм журмыг нь дагадаг ч  зохицуулалт нь эрхзүйн орчинд байхгүй.  Өнөөдөр компаниуд түүхий эдийн үнийг унагахын хэрээр үр ашиг байхгүй болж байна. Тэгэхээр зардлаа батлах асуудал бүх түвшинд байна. Энэ бол маш чухал. Өнөөдөр нийтийн, нийгмийн хувийн үйлдвэрлэлийн аль ч түвшинд зардлаа батлах асуудал үнэхээр сул байгаа. Үйл ажиллагаа нь явж байгаа ч зардлаа тодорхойлж чадахгүй. Хэрэв зардал тодорхой болбол хэдэн хувийн ашиг гэдэг нь ч гарч ирнэ.

Ирэх оны улсын төсөвт тодотгол хийхдээ зардлаа тодорхойлж чадсан болов уу. Үүнийг та хэрхэн харж байна?

-Сайн чадаагүй. Санхүүгийн шинэчлэлт гэж яригдаж байгаагийн нэг хэсэгт Монгол Улсын төсвийн шинэчлэл гарцаагүй хийгдэх учиртай. Энэ төсвийн шинэчлэл нь эргээд л хүрээ нь хаашаа чиглэж байна вэ гэдгээс хамаарна. Харахад, Covid-19-ийн үеийн болон дараах  шинэ нөхцөлд бэлтгэж буй төсөл гэж харагдахгүй байна. Үндсэн хэрэгжүүлж ирсэн төслөө үргэлжүүлэх, цааш нь хэрхэх вэ гэдэг л хэлхээ харагдаад байгаа юм. Зардлаа хэмнэж чадахгүй байгаагийн нэг жишээ нь, телевизээр гарч буй е-mongolia академи. Энэ байгууллагыг байгуулах үндсэн зардал нь 7.5 их наяд. Үүний 4.5 их наяд нь цалин гэхээр татвар төлөгчдийн мөнгөөр ийм төсвийн байгууллага байгуулах хэрэгтэй юу. Иймд төсвийн шинэчлэлт хийхдээ төрийн байгууллагуудын шинэчлэлийг ч бас авч үзэх нь хамгийн том асуудал болсон. Төсвөөр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд нь чиг үүрэг нь давхацсан, хийдэлтэй байна. Хэрэв шинээр үйл ажиллагаа нэвтрүүлэх гэж байгаа бол академи, яам байгуулна гэхээс илүү төслийн нэгж байгуулж яагаад болохгүй гэж. Дараа нь байгууллага болгох уу үгүй юу гэдгийг шийдэж болно. Энэ мэтчилэн

МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФОКУСАА АЛДСАН

Эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Хил хаагдаж экспорт, импортын урсгал тасарсан энэ үед эдийн засгийн хүнд цохилт хэзээ ирнэ гэж бодож байна?

-Монгол Улс эдийн засгийн үйл ажиллагаанд фокусаа алдсан. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж байна. Бүтцийн шинэчлэл доторх санхүү, аль эсвэл хөдөлмөрийн зах зээл үү. Шинэчлэл гэдэг асуудлыг яаж харах вэ гэдгээс л асуудал яригдна. Бид төвлөрсөн нэг зүйлд анхаарах хэрэгтэй юм шиг.  Хэдий Хятадын тал хилээ хаасан, өмнө нь шатахуун хомсдсон нь түр зуурын асуудал ч цаашид  дахин үргэлжилнэ. Харин хэзээ вэ? гэдэг нь цаг хугацааны асуудал. Тиймээс асуудлыг том зургаар харах ёстой. Бид хөрш оронтой л худалдаа хийгээд эдийн засгийн харилцаагаа илүү чадавхжуулахыг харах  нь чухал уу. Үүнээс илүү Монгол Улс дэлхийд өөрийнхөө байр суурийг харуулж, хүн амын амжиргааг дээшлүүлж, дэлхийн өрсөлдөөнтэй зах зээл рүү оруулахын тулд бүс нутгийн интигриацийг харах ёстой. Энгийн жишээ, бид Хятадтай хэлэлцээр хийсэн ч шууд ашиггүй. Хөрш орнуудад гаргах бэлэн бараа бидэнд байхгүй. Тэгэхээр хэлэлцээр хийнэ  гэдгийг ч бодох л асуудал боллоо. Зарим талаар, гуравдагч улс руу экспортоор орлого татах тухай яригддаг. Гэхдээ бид барааг борлуулахын тулд улс оронтой харилцах биш урт хугацааны эдийн засгийн түншлэлийг найдвартай тасралтгүй үйл ажиллагаа эрхлэх талаас бодож ажилламаар байна. Дэлхийн зах зээлд 1970 оноос хойш хөгжиж байгаа орнуудад өөрийн гэсэн үйлдвэрлэлийн сүлжээг үүсгэлээ. Гэтэл Монгол Улс нэг ч үйлдвэрлэлийн сүлжээнд ороогүй. Энэ нь бид нэг ч үйлдвэрлэлийн сүлжээг дотооддоо байгуулж чадаагүй. Тэгэхээр бид тасалдсан сүлжээгээ сэргээж, үр дүнд нь нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдүүлэх тухай ярина.

Хил хаагдах нь түр зуурын асуудал ч   хүнс, барааны үнэ нэмэгддэг мөртлөө эргээд буудаггүй жишиг Монголд л тогтчихлоо?

-Гэнэтийн хэрэгцээ нь үнийг өсгөдөг ч эргээд хурдан буудаггүй. Үүнд л асуудал байна. Гэнэтийн хэрэгцээний гарах үр дагаврыг цаашид үр нөлөөг бууруулахын тулд эргээд эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх тухай яригдна. Эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхдээ цар тахлын үед төвлөрөх үү, дараах шинэ нөхцөл байдалд илүү төвлөрөх үү гэдгийг л хармаар байна. Хятадын тал хилээ хаасан нь тухайн үед болсон үзэгдэл ч  бид хариу үйлдэл гаргахдаа том ч, жижиг ч зургаар нь харах юм. Том зураг хүмүүст тодорхой байдаг бол жижиг нь яаж зохицуулагдах вэ гэдэг асуудлыг харах байх. Мэдээж цар тахлаас үүдэн түүхий эд нь багасах, хорионоос болж үйлдвэрлэлийн орц багасах нь цаг зуурын асуудал.  Хэрэв бизнес эрсдэлээ удирддаг бол ийм үзэгдэл болно гэдгийг цар тахлын үед таамаглаад тодорхой нөөцийг бэлтгэсэн байх ёстой. Ийм үед сэтгүүлчид өөрсдөө дэвэргэчихдэг юм биш биз гэдэг бодол судлаачийн хувьд харагдаж байна. Магадгүй бид өнөөдөр түүхий эдийнхээ орцыг хэдэн хувьтай байгааг урьдчилан бэлтгээд байгааг нь  бодож үзэх ёстой. Хил хаагдаад хэдий хугацаа өнгөрөх юм. Мэдээж, олог сар хил хаагдахгүй. Яагаад гэвэл, айлын тал ч бас худалдаа хийж байгаа болохоор. Тэгэхээр хориг арга хэмжээ авах энэ үед бид бэлэн байна уу гэдэг асуудлыг яриммаар байна. Хориотой байгаа үед бид бэлэн байна уу гэдгийг л харах ёстой.

УУЛ УУРХАЙ БУС АЖИЛ ЭРХЛЭЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИХ ЁСТОЙ

Гэхдээ  уул уурхайн салбар тэг зогсоход дагаад улсын төсвийн орлого тасрах эрсдэлтэй?

-Монгол Улс үйлчилгээний орон болж, үүгээр орлого олъё гэвэл бид ямар үйлчилгээг экспортлох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ийм хариултыг бодит байдал нь нэхээд байхад бид нөгөө л хөдөө аж ахуйн нөөцөө ашиглаж бүтээгдэхүүн гаргаж орлого олохоо илүү яриад байна. Бодит байдал дээр нүүрс олборлогч компаниудын орлого улсын төсөвт төвлөрүүлж буй хөрөнгө нийт эдийн засгийн хүн амын амьжиргааны түвшин, ажил эрхлэлттэй холбож үзвэл тийм ч их хувийг эзлэхгүй. Харин бидний анхаарал хандуулах гол цэг нь уул уурхай бус ажил эрхлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг, үйлчилгээг илүү тэлдэг орлого бүтээж буй салбарлуу хармаар байна. Ийм тохиолдолд борлуулалт хэр их өсч, буурсан, зогсонги байдалд орсон уу тогтвортой байна уу гэдгийг хармаар байгаа. Өнөөдөр компаниудын сар, жилийн борлуулалтыг динамикаар нь харуулж буй газар үндсэндээ байхгүй. Үндэсний статискийн хорооны мэдээлэлд гол түүхий эдийн биш эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын мэдээлэл байх ёстой. Эцсийн борлуулалтын мэдээлэл нь зээлийн хүү, инфляцид нөлөөлдөг бол дүр зургийг илүү өөр тийш харуулах болно. Өнөөдөр бид зах зээлийн эдийн засагтай гэж ярьж байгаа л бол эцсийн бүтээгдэхүүний борлуулалт ямар байгааг л хармаар байна. Энэ асуудлыг өөр зүг рүү чиглүүлэх болно.

Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдэд нийтлэг дутагдалтай тал нь юу юм?

-Бизнесийн орчин, микро эдийн засгийн бодлогыг судлаад 10 гаруй жил болоход манайх үндсэндээ том зургаа харахгүй байна. Бизнесийн салбар үйлчлүүлэгч хандаж буй чиглэл рүү л хараад байдаг. Тодорхой хэмжээний уналт бууралт явагдаж буй энэ үед сэргээж гаргаж ирэх хэрэгтэй. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хооронд, аж үйлдвэрийн компаниудын хооронд, үйлчилгээний байгууллагын хооронд зэрэг байгууллагын судалгааг илүү нарийвчилж хийвэл ямар вэ гэдэг бодолтой байдаг. Сүүлийн үед шинээр бүртгэгдсэн байгууллагыг харахад үйлдвэрлэлийн чиглэлийнх маш бага. Дийлэнх нь олон нийт, нийгэмд чиглэсэн байгууллагыг бид үүсгэн байгуулаад байна. Энэ нь эргээд үйлчилгээ нь ийм зүйл нэхээд байгаа юм биш үү гэдэг асуудал ч яригдана. Мэдээж яривал түмэн асуудал бий. Одоогийн нөхцөлд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр асуудлыг чиглүүлбэл бизнесийн орчинд өрсөлдөөн болно. Үүнийг л бид зөв гаргаж ирэх хэрэгтэй. Бизнес бизнестэйгээ холбогдож ажиллаж буй энэ асуудалд ч бид төв цэгээ олж харах хэрэгтэй. Гэтэл бизнес үйлчлүүлэгч хандаж буй чиглэл рүү л хараад байдаг. Тодорхой хэмжээний уналт бууралт явагдаж буй энэ үед сэргээж гаргаж ирэх хэрэгтэй.

-Нөгөөтэйгүүр, хувь хүн албан байгууллагад тулгамддаг хамгийн том асуудал зээлийн хүү.  Арилжааны банкууд яагаад зээлийн хүүг бууруулахгүй байх сонирхолтой байдаг вэ?

-Арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах сонирхолтой байна гэж би харахгүй байгаа. Банкны салбарынхан ч бас ашиг олохын тулд аль болох зээлийн хүүг бууруулж олон зээлдэгчийг татаж байж үйл ажиллагаа нь өргөжиж тэлнэ. Тэгэхээр бизнесийн байгууллага зээлийн хүүг бууруулахгүй байх үндэслэл байхгүй. Гол нь зээлийн хүү өндөр байгаа нь олон жил ужгирсан үзэгдэл. Хүнтэй адилтгавал архаг хуучин өвчинтэй л адил. Иймд зээлийн хүүг бууруулахад урт хугацаа хэрэгтэй. Олон жилийн асуудал болж гарч ирнэ. Зээлийн хүүг бууруулах учир шалтгаан үр нөлөөг авч үзвэл үйлчилгээ, үйлдвэрлэл явуулах ёстой. Борлуулалтаа дагаж зээлийн хүү буурна.

Ирэх оноос иргэд зээлээ төлж эхлэхэд бэлэн мөнгөний эргэлт буурна. Үйлчилгээний газруудын орлого буурна?

-Худалдаа үйлчилгээний байгууллагууд импортын барааг худалдаалах гэж л дийлэнх нь зээл авсан болов уу гэдэг таамаг төрж байна. Зээлээ төлөх ёстой болохоос биш үр ашигтай биш. Уг нь бэлэн бүтээсэн зүйлийг худалдахаас илүү өөрсдөө бүтээж худалдах чиглэлээ өөрчлөхийг л харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж