Монголын боксын болон хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ багууд тус тусын тэмцээн уралдаандаа амжилттай оролцлоо.
ЛАОС 3 – 2 МОНГОЛ
Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдсөн монголын залуучуудын баг өчигдөр/2021.10.31/ хэсгийн сүүлийн тоглолтоо Лаосын багтай хийлээ. Хэдийгээр Тайланд, Малайзын багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөж, манай залууст цааш шалгарах боломж үлдээгүй ч тэмцээнээ хожлоор өндөрлүүлэх боломж байв.
Тоглолтын эхний гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос алдсан манай шигшээ нэгдүгээр үе дуусахаас өмнө амжиж тооны харьцааг 1:2 болгон тэргүүлийг авав. Монголын шигшээ баг давамгайллыг авахад тэнцээний гоолыг Лаосын шигшээ өөрсдийн хаалганд оруулсан бол тэргүүллийн гоолыг О.Оюунболд орууллаа.
Лаосын шигшээ хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад тоог 2:2 болгон тэнцүүлсэн. Тэд манай шигшээ багийн ашиглаагүй боломжуудад хариу барьж тоглолтын төгсгөлд тооны харьцааг 3-2 болгосноор тэмцээнээ хожлоор өндөрлүүллээ.
J хэсгээс Малайз, Тайландын багууд Азийн аваргад өрсөлдөх эрхээ авав.
Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн үр дүн:
- Тайланд 1 – 1 Монголд
- Монгол 1 – 0 Малайз
- Лаос 3 – 2 Монгол
Г.ГАН-ЭРДЭНЭ, Б.ЧИНЗОРИГ НАР ЯЛАГДАЛ АМСААГҮЙ ЯВНА
Серби улсын нийслэл Белград хотноо сонирхогчийн боксын ДАШТ үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.6 сая ам.доллар. Алтан медалийг 100 мянган ам.доллар, мөнгөн медалийг 50 мянган ам.доллар, хүрэл медалийг 25 мянган ам.доллар тус тус дагалдана.
- 48 кг: Г.Ган-Эрдэнэ эхний тулаандаа Балбын тамирчин Рабин Тапаг, хоёр дахь тулаандаа Германы тамирчин Кристофер Гоманыг тус тус ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдана.
- 51 кг: Х.Энхмандах эхний тулаандаа Азербайжаны тамирчин Масуд Юсифзадад ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.
- 54 кг: Э.Баярсайхан эхний тулаандаа Тайландын тамирчин Патипан Утаидаг ялсан ч хоёр дахь тулаандаа Барбадосын тамирчин Жабали Бридид ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.
- 57 кг: Х.Энх-Амар эхний тулаандаа Казахстаны тамирчин Серик Темиржановд ялагдан, тэмцээнээ өндөрлүүлжээ.
- 60 кг: О.Тулга эхний тулаандаа Тринадад Тобагогийн тамирчин Доннел Филлипийг ялсан ч хоёр дахь тулаанаа Финландын тамирчин Арслан Хатаевтай хийн шүүгч эмчийн шийдвэрээр тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.
- 63.5 кг: Б.Мишээлт эхний тулаандаа Грекийн тамирчин Василеиос Макригианнисыг ялсан ч дараагийн тулаанаа Тайванийн тамирчин Лаи Чу-Энтэй хийж, ялагджээ.
- 67 кг: Б.Чинзориг эхний тулаандаа Гуатемалагийн Карлос Тобарыг, хоёр дахь тулаандаа Италийн тамирчин Винсензо Мангиасапрег тус тус ялсан. Тэрбээр дараагийн тулаанаа Мексикийн Марко Эрнандезтэй хийнэ.
- 71 кг: О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөж, дараагийн шатандаа Тайландын тамирчин Пирапат Йасунёнтой тулалдан, ялагджээ.
75 кг-д өрсөлдөх байсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Covid-19-ийн халдвар аван эх орондоо эргэн ирсэн.
Монголын нийт найман ширэн бээлийтнээс 48 кг-ын Г.Ган-Эрдэнэ, 67 кг-ын Б.Чинзориг нар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Холбоотой мэдээ