"Оюутолгой"-н гүнийн уурхайн төсөл ямар шатандаа явна вэ?

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

"Оюутолгой"-н гүнийн уурхайн төсөл ямар шатандаа явна вэ?

"Оюутолгой"-н гүнийн уурхайн төсөл ямар шатандаа явна вэ?

Бүх оролцогч тал гүний уурхайн төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдэл олохыг эрмэлзэж буй. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл есдүгээр сард нөөцийн тодотгол тайланг хүлээн авсан бөгөөд ойрын хугацаанд албан ёсоор бүртгэхээр байгаа аж. Гүний уурхайн төслийн огтлох малталт буюу олборлолтыг эхлүүлэхийн тулд шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хүлээж авах үлджээ.

Covid-19 цар тахлын нөлөөлөл, огтлох малталтын техникийн бус шалгуур үзүүлэлтийг хангах зэргээс огтлох малталт (олборлолт)-ыг эхлүүлэх хугацаа хамаарах нь. Гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны нэгдүгээр сар (өмнө нь 2022 оны аравдугаар сар гэж мэдээлсэн)-аас өмнө эхлүүлэх боломжгүй болсон. Огтлох малталтыг дуусгах болон цар тахлын хязгаарлалтын хугацаа тодорхой болж байж цаашид төслийн нэгдсэн төсөвт үзүүлэх нөлөөг нарийн тооцоолох боломжтой аж.

Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхийн тулд "Оюутолгой"-н ТУЗ-өөс гүний уурхайн төслийн нэмэлт санхүүжилтийг батлах, тухайн санхүүжилтийн эх үүсвэрийг батлах болон Оюутолгойн уурхайг урт хугацааны, найдвартай дотоодын эрчим хүчээр хангах шийдлийг олох хүртэл одоо байгаа эрчим хүчний гэрээг сунгах ажлыг хийх юм байна.

"Оюутолгой" өнгөрсөн гуравдугаар улиралд нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгалжээ. Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэснээс харахад дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашигласан байна. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87.15 хувийг дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.

Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох налуу амыг үндсэн уурхайтай холбох ажил дуусчээ.

"Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюутолгойн гэр бүл ил уурхайнхаа 10 жилийн ойг тэмдэглэж, газрын гүнд нэвтрэх боломж олгож буй хамгийн том туннел болох налуу амыг үндсэн уурхайтай холбох ажлыг амжилттай дуусгалаа. Манай хамт олон эдгээр бахдам ажлыг аюулгүй, амжилттай гүйцэтгэсэн нь ажилтнуудын маань ур чадвар, тууштай хичээл зүтгэлийн илрэл юм. Бидний өмнөө тавьж буй дараагийн гол зорилт бол огтлох малталтыг эхлүүлэх явдал. Оюутолгойн үр ашгийг талуудад, тэр дундаа Монголын ард түмэнд бүрэн хүргэхийн тулд шаардлагатай бүх шалгуурыг хангасан даруйд бид агуйлах олборлолтыг эхлүүлэхэд бэлэн байна” гэж хэлжээ.

Зэсийн баяжмалыг илүү их хэмжээгээр аюулгүй, үр ашигтай тээвэрлэх зорилгоор Хятад руу хил дамнасан тээвэрлэлтийг сэргээсэн ч Монгол Улс дахь Covid-19 цар тахлын халдварын түвшинтэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилсээр буй.

Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох туузан дамжуулгын налуу амны нэвтрэлт наймдугаар сард дуусчээ. Олборлолтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ачааны машин дээр хүдэр буулгах байгууламж барих зэргээр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлууд урагшилж буй аж.

Агааржуулалтын хойд амны нэвтрэлтийн бэлэн байдлыг хангажээ. Агааржуулалтын урд амны нэвтрэлтийн бэлэн байдлыг хангах ажил эхэлсэн байна. Тиймээс ажилтнуудыг татан авах болон "Оюутолгой"-н ТУЗ нэмэлт санхүүжилт баталсан тохиолдолд барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой болох нь.

Цар тахлын болон мэргэжилтнүүдийг уурхайд татан авахтай холбоотой хязгаарлалтуудаас үүдсэн агааржуулалтын амуудын нэвтрэлтийн ажил хоцрохоос улбаалан тухайн амуудын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байгаа аж.

"Оюутолгой"-н ТУЗ-өөс төслийг дуусгах нэмэлт хөрөнгө оруулалтыг батлах зөвшөөрөл хүлээж байгаатай холбоотой Материал тээвэрлэх хоёрдугаар систем, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл зэрэг гэрээнд заасан үүргийг биелүүлэхэд хийх шаардлагатай ажлууд хойшилсоор буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж