Замын-Үүдийн боомт хаагдаад хэд хоноход л импортын эм, тариа тасалдаж эхэлсэн талаар иргэд шүүмжилж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Буяндэлгэрийн хэлснээр "Нэг удаагийн тариур, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хомсдож байна. Дуслын шингэнийг дотоодын хоёр үйлдвэр үйлдвэрлэдэг. Одоо эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн, дуслын шингэний нөөцтэй байна. Одоогийн байдлаар 10 гаруй компанийн 20-40 тоннын чингэлэг ачаа хил дээр гацаад байна. Эхний ээлжид хил дээр гацсан 6-7 эм ханган нийлүүлэх компанийн ачаа барааг татна" гэж байв. Харамсалтай нь, бодит байдал дээр дуслын шингэний хомсдолд орж, эмчилгээний тариагаа ч хийлгүүлж чадахгүйд хүрсэнд иргэд бухимдалтай байгаа билээ.
Бухимдсан иргэд нийгмийн сүлжээнд хөшөө барих төсвөөр эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалт хийж болох байсанд гомдоллоно. Уг нь дурсгалын хөшөө барьснаар дуслын үйлдвэр барьвал эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдолтой.
Эндээс харвал Монголын улстөрчдөд цар тахлаар далимдуулан мөнгө "угааж" байвал иргэд эм тариагүй болох нь хамаагүй бололтой. Өнгөрсөн Баасан гаригт /2021.10.29/ өгсөн мэдээлэлдээ ЭМЯ эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг манайх биш эмийн агентлаг хариуцна. Covid-19-өөс хамаарч хил, гааль хаасан учраас иргэд хариуцлага нэхэхээс илүү хүлээцтэй хандах хэрэгтэй гэж байв. Иргэд хариуцлага тооцоод өг гээд байгаа юм биш асуудлаа яаралтай шийдэж, арга хэмжээ авч өгөөч гэж буй. Өөрөөр хэлбэл, хөшөө дурсгалд зориулж буй мөнгөөрөө эм тарианыхаа нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг нь сайжруулах боломж бидэнд байсан. Цар тахал гэнэт гарчихаагүй, сануулж, анхааруулсаар байгаад л "ирсэн" шүү дээ.
Улсын төсвөөс хөшөө бариад хөгжсөн юм Монголд алга. Экспорт, импорт тэг зогсож, төсвийн алдагдал хэдэн их наядаар тоологдож байгаа энэ үед нэн шаардлагатай бүтээн байгуулалтад хөрөнгөө зарцуулах ёстой. Гэтэл манай дарга нар эмнэлэг, сургууль барихаас илүү хөшөө дурсгалд хөрөнгө хаяж байна.
"Андлалын хөшөө" гэгчийн Хэнтийн Батноровт барихгүй бол Монгол Улс хөгжихгүй юм байх аа. Хөөрхий иргэдийнхээ татварын мөнгөөр хөгтэй бүтээн байгуулалт хийж байснаас улсдаа байдаг ганц эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийг хөгжүүлчихвэл эрүүл мэндийн нэг асуудлаа шийдэж болмоор. Тэгвэл урд хөршөөс хамааралгүйгээр натри, ринген, дуслын системээ үйлдвэрлэдэг болно. Андлал өргөх хөшөө барьснаас ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг болсон.
Гадаад харилцааны яам дээр өчигдөр тасалдал үүсээд буй тариур, тариурын түүхий эд, дуслын систем, дуслын шингэний түүхий эдийн тээврийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийн хурал болжээ. Тасалдал үүсээд байгаа дээрх бүтээгдэхүүнээс гадна нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн судалгааг гарган эрэмбэлж, тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг зохион байгуулах, тээврийн зардлын тодорхой хувийг төрөөс даах саналыг УОК, Засгийн газарт оруулан шийдвэрлэхээр болсон байна.
Хурлаас ийнхүү шийдвэр гарсан ч татан авалт хийх тодорхой хугацаа заагаагүй учир хүлээлт үргэлжлэх нь тодорхой. Гагцхүү ажлыг хурдан зохион байгуулах нь чухал.
Covid-19-өөс хамаарсан хямрал, хилийн хориг удаан үргэлжилбэл хэчнээн хүн эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барах бол гэдгийг тооцвол эмгэнэлтэй дүр зураг ажиглагдаж буй. Тиймээс хариуцсан салбартаа эзэн болж тасалдаад буй эм, эмнэлгийн хэрэгслээ хангахад ЭМЯ, ГХЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар яаралтай анхаарах цаг болжээ.
Холбоотой мэдээ