Сурвалжлага: Дуудлага өгсөн иргэд өрхийн эмч нарт уураа гаргах болжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Сурвалжлага: Дуудлага өгсөн иргэд өрхийн эмч нарт уураа гаргах болжээ

Сурвалжлага: Дуудлага өгсөн иргэд өрхийн эмч нарт уураа гаргах болжээ

Утас дуугарав. Эмч дуудлагыг авахад 40 орчим насны эмэгтэй “Би Covid-19 халдвар авсан бололтой. Халуурч, хоолой өвдөөд байна” гэв. Эмч Covid-19 халдвар мөн эсэхийг бататгахын тулд  үргэлжлүүлэн өөр бусад шинж тэмдгийг лавлаж асуутал нөгөө эмэгтэй  загнаж эхлэв. “Чи ийм олон юм асуухын оронд ирээд үз. Үхэх гэж байхад юун олон зүйл асуудаг юм” гээд нэг амьсгаагаар дуржигнуулах нь тэр. Зарим нь үхэх гээд байхад эмч хүн байж утсаа авсангүй гэж уурлаж, зарим нь гэрийнхнээсээ очиж шинжилгээ авахыг шаардана. Эмнэлэгт хэвтүүлсэнгүй гэж элдвээр хэлэх нь ч бий. Иймэрхүү заналхийлсэн, дарамталсан өнгө аястай дуудлагад өрхийн эрүүл мэндийн төвийн /ӨЭМТ/ эмч, сувилагч нар дасаад уджээ.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд халдвар авсан иргэд эмч, сувилагчийг тортой эд зүйл, сандлаар цохисон, харааж зүхсэн  зэрэг эмнэлгийн ажилчдад уур уцаараа гаргасан тохиолдол цөөнгүй гарсан байна. Үүнээс болоод залуу эмч нар ажлаасаа халшрах болжээ.

Иргэдийн стресс, бухимдал нь эмч, сувилагч нарыг илүү ядраадаг аж. 

Ингээд цар тахлын хүнд хэцүүтэй нүцгэн гараараа шахуу тулж буй  эмнэлгийн байгууллагуудын төлөөлөл болох Баянгол дүүргийн наймдугаар хорооны “Амин жаргалан” ӨЭМТ-өөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. “Амин жаргалан”  төв нь В1 давхартаа Covid-19 халдварын шинжилгээг авч, хоёрдугаар давхар буюу эрүүл бүсэд бусад эмчилгээ, үйлчилгээг үзүүлнэ. Covid-19 халдвараас бусад шалтгаанаар эмнэлэг зорих хүүхдээ тэвэрсэн залуу ээжүүд, эмчилгээний дэвтрээ барьсан хөгшид, вакцинжуулалт, нөхөн сэргээх эмчилгээ  хийлгэхээр ирсэн иргэд бий.  Тэд эмнэлэг улаан бүс болсон гэдгийг мэдэж байгаа ч эрсдэл дунд дасан зохицохоор хичээцгээж байна.  

Өнгөрсөн есдүгээр сарын дельта халдварын давалгаа нь зургадугаар сарынхаас 62 хувиар илүү байсан талаар салбарын сайд нь мэдэгдэж байв.  Халдварын тоо ихсэх бүрт үүнийгээ дагаад ӨЭМТ-ийн дуудлага хүлээн авах утас ачаалалд дарагддаг аж. Тиймдээ ч есдүгээр сард өдөрт 100-200 дуудлага бүртгэгдэж байжээ. Уг дуудлагад  Covid-19 халдвараас бусад дуудлага ч мөн багтдаг. Одоо харьцангуй халдварын тохиолдол буурч байгаа учраас дуудлага өгөх иргэд ч намжсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. 

"ХЭРЭВ БИ ҮХВЭЛ ТА НАРЫН БУРУУ ШҮҮ”  ГЭХ УТГАТАЙ  МЕССЕЖ ХҮРТЭЛ БИЧИЖ БАЙСАН

“Амин жаргалан” ӨЭМТ-ийн дарга С.Наранчимэг “Дуудлага өгөх иргэдийн харилцаа, хандлага тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас хамаараад янз бүр. Өнгөрсөн зургадугаар болон есдүгээр сарын өвчлөлийн үед иргэдийн стресс, бухимдал маш  их байсан. Утсаар залгасан болгон загнаж,  зандарч “Хэрэв би үхвэл та нарын буруу шүү”  гэх утгатай  мессеж хүртэл бичиж байсан. Одоо бол иргэд Covid-19 халдвартай дасан зохицоод эхэллээ. Иргэдийн хувьд халдвар авсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ мэддэг болсон учраас хандлага нь харьцангуй зөөлөрсөн.

Би эмч, сувилагчид болон тэдний  ар гэрийнхэнд их баярладаг. Нэг ч удаа ар гэрийнхэн нь  гоншигноогүй. Тэд өглөө хоол, ундыг нь бэлдээд явуулдаг.  Эмч нар ч “Би ядарч байна. Ажиллаж чадахгүй”  гэж хэлж байгаагүй. 2020 оны арванхоёрдугаар сард хийсэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” -ний үеэр ариутгалын төхөөрөмж, сорьцын хөргөгчөө үүрээд жирэмсэн эмч хүртэл явж байсан. “Миний хүүхэд зулбачихна” гээд явахгүй үлдэж болох л байсан. Гэр хорооллоор явж шинжилгээ авсан өөр нэг эмч доороосоо даараад өндгөвчний дурангийн хагалгаанд орчхоод буцаад ажлаа хийж байсан. Уг нь тэр хүн листээ аваад гэртээ байх ёстой биз дээ. Гэтэл тэгээгүй. Би халдвар авчихна гэж айгаад  улаан бүс рүү орохгүй гэж хойш суусан эмчийг би лав хараагүй. Эмнэлгийн салбарынхан ийм хүнд нөхцөлийг давж туулсан. Covid-19 халдвартай тэмцсэн өнгөрсөн хоёр жилийн туршлагын үр дүнд эмнэлгийн салбарынхан айдгаа авдартаа хийсэн гэхэд буруудахгүй болов уу” гэв.

БҮГД ХҮНДРЭЛТЭЙ, ХОЁР УУШГИ НЬ ХАТГАЛГААТАЙ ИРЖ БАЙНА

Өрхийн эмч нар дунд улаан бүсэд ажиллаж байгаад гарч ирсэн эмч бий. Түүний хэлснээр өнгөрсөн есдүгээр сард тусгаарлах байр буюу улаан бүсэд ороход 70 хувь нь харьцангуй хөнгөн үлдсэн нь тарианд орсон байжээ.  Харин эргээд аравдугаар сард ороход бүх хүн тарианд орсон байв. Учир нь бүгд хүндрэлтэй, хоёр уушги нь хатгалгаатай ирж байгаа учраас тусгаарлах байранд хөнгөн хүн гэж бараг байхаа больжээ. Иргэд эмийн сангаас тест авч үзээд, халдвартай бол өөрсдөө дур мэдээд эм, тангаа уучихдаг байдал нь хөгшин, залуу гэлтгүй биеийн байдал нь хүндрэхэд хүргэж буй.

АЙЖ, САНДАРСАН, УУРЛАСАН ХҮМҮҮС ДУУДЛАГА ИХ ӨГДӨГ

Өнөөдөр иргэдийн дуудлагыг хүлээн авч буй эмчийн хэлснээрЭмч, сувилагч нар халдвар авсан иргэдэд зөвлөгөө өгөх, эсвэл биеийн байдлыг нь үнэлэхийн тулд байгууллагын утсаар тэдэн рүү залгадаг. Энэ хооронд гаднаас давхар дуудлага орж ирэхэд  нөгөө хүнд нь тасралтгүй яриад байгаа юм шиг сонсогддог.  Ачаалал их үед иргэдийн дуудлагад хариу өгөх нь хүлээгддэг учраас утсаа авсангүй гэж иргэд бухимдацгаадаг. Ганц утсан дээр ийнхүү ачаалал үүсээд байсан учраас нэмэлтээр хоёр утас, нэг суурин утас холбож өгсөн. Эмч нар гар утсаа ээлжилж хариуцдаг бол суурин утсыг ойролцоо байгаа сувилагч хариуцдаг.

Эмч хүнээ үзэж байхдаа яаралтай дуудлага байвал цаасан дээр бичиж авдаг. Дараа нь дуудлагуудыг эрэмбэлээд үзэхэд  яаралтай дуудлага нь 100 хувийн 10 хувьд нь л байдаг. Харин бусад нь айсан, сандарсан, уурласан хүмүүс байх жишээний. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 284 хүн байна. Эдгээр хүмүүс рүү ярьж биеийн байдлыг нь шалгана. Мөн иргэдийн бусад дуудлагыг хүлээж авдаг. Халдварын тохиолдол буураад эхлэхээр гэрийн хяналтад байгаа хүмүүст тавих анхаарал нь илүү болж байна.  Ачаалал бага үед Covid-19 халдвартай холбоотой дуудлага өдөрт 20-30 ирдэг. Бусад дуудлагыг тооцвол өдөрт нийт 80 гаруй дуудлага ирдэг” гэв.

Хүнд нөхцөл дунд өрхийн эмч нар ажиллаад удаж байна. Адилхан хүн юм болохоороо өвдөнө, зовно, айна, бачимдана, стресстэнэ.  Гэтэл иргэд тэднийг үхчихээгүй бол "өргөсөн тангарагтаа үнэнч байх"-ыг шаардана.

Нэгэн жишээ дурдахад, 21 настай жирэмсэн охин халдвар авсан гэх дуудлагын дагуу гэрт нь эмч, сувилагч нар  очиж хордлого тайлах, амьсгал дэмжих дусал, тариа тарьжээ. Тухайн охин халдвар авчихлаа, би яах бол гэж бодож айсны улмаас захын судас нь агшилт үүсч сувилагч  гурав дахь хатгалт дээрээ судсыг нь  олж эмчилгээгээ хийсэн байна. Эмч, сувилагч ӨЭМТ дээр буцаж ирээд тухайн охиныг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж үзээд тандалтын багт хэлээд хэвтүүлжээ. Удалгүй 2-3 хоногийн дараа охины ээж тариа хийсэн эмч, сувилагч нарыг вакцинжуулалт хийж байх үед нь орж ирээд “Миний охиныг халдвар авсан байхад нь гурав хатгаж дусал хийгээд байхдаа яадаг юм. Эмчилгээний багцаа өг” гэх зэргээр уурссан байна. Сүүлдээ эмч  болсон явдлыг тайлбарлах гэтэл толгой руу нь цохисон тохиолдол гарчээ.

Өөр нэг жишээ хоёр хөгшний нэг нь халдвар авч хоёр уушгинд хатгалгаа үүссэн учраас эмнэлэгт хэвтүүлжээ. Халдвар илэрснээс хойш зургаа дахь хоногт ойрын хавьтал болох эхнэрээс нь халдвар илэрч мөн эмнэлэгт хэвтсэн байна.  Тэд эмнэлгээс эдгэрч гараад ӨЭМТ-ийн эмч рүү залгаад “Та  нарыг байгаагүй бол бид бурхны оронд одох байж. Үнэхээр баярлаж байна” гээд хоолой нь зангираад уйлжээ. Үүнийг сонссон эмч “Баярлалаа гэсэн чин сэтгэлийн үг л бидэнд урам өгдөг” гэдгийг онцолж байв.

Covid-19 халдварын нууц хугацаа нь 4-7 хоног бөгөөд  зургаа дахь хоногт халдвар илэрдэг аж.  Түүнээс биш хавьтал болчихлоо гээд маргааш нь шинжилгээ өгөөд нэмэргүй. Тест, мөнгөний гарз болно гэдгийг эмч нар анхаарууллаа.  

Мөн халдвар аваад эдгэсэн иргэн эмч нарт талархлаа илэрхийлэн нэг сая төгрөгийн үнэ бүхий Д,С витаминыг  халдвар авсан хүмүүст өгөөрэй гээд хандивлажээ. “Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай муутай” гэх зүйр цэцэн үгийн утгыг дээрх  жишээнүүд бүрэн утгаар нь илэрхийлж байв.

Эмнэлгийн ажилчид өргөсөн тангарагтаа үнэнч үлдэхийн тулд тэд амь насаа гаргуунд тавьж, олон иргэнийг өвчин зовлонгоос нь аварч байна. Биднийг диван дээрээ хэвтээд, утсаа маажиж суухад тэд амрах завгүй, хоолоо амтархан идэж чадахгүй нөхцөл дунд цар тахалтай байлдаж явна. Хэрэв Covid-19-ийг дайн гэвэл дайны галын шугаман дээр “байлдаж” яваа хүмүүс бол эмч, сувилагчид. Тиймээс нөөдөр талцаж, хуваагддаг цаг биш. Хэрэлдэж, муудалцаж, хэн нэгнээс буруутгал хайж суух нь өвчнийг ялахгүй.

Эсрэгээрээ өвдсөн нэгэндээ урам өгч, ядарсан нэгэндээ дэмжлэг үзүүлж, эв нэгдэл, хамтын зүтгэлээр энэ өвчнийг ялах ёстой юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж