Тамын амьтад тамдаа жаргалтай гэж!

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Тамын амьтад тамдаа жаргалтай гэж!

Тамын амьтад тамдаа жаргалтай гэж!

Ёстой л монголчуудын хувьд улс төрийн  байдал шалдар булдир, цагийн улирал ороо бусгаа, бурханд залбирч, тэнгэрт мөргөхөөс өөр арга замгүй болов. Авчиг бурхан тэнгэр нь хүртэл Монголыг хаячихаж. Унхиагүй иргэд, урагшгүй төр засгийн байж байгаа царай нь энэ л дээ. Одоо яах гэхэв, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг.

Хагас сарын турш монголчуудад хаалттай байгаа Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхой бусын дээр БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас Монголоос зорчигч авахгүй байхаар шийдвэрлэжээ. Тус чиглэлд зорчиж буй монголчуудаас Covid-19-ийн халдварын тохиолдол ихээр бүртгэгдэж, байнга өсөлттэй байгаа тул солонгосчууд ийнхүү арга хэмжээ авсан байна. Манайхан л болсон хойно, халдвар, ханиадтайгаа мэдсээр байж нисээд явчихаж чадах хүмүүс. Тэр бүү хэл дунд, доод шатныхан нь авлига авч шинжилгээний хариуг хуурамчаар өлхөөн үйлдэж чадна. Ямар ч аминчхан, ямар аминдаа хайргүй хүмүүс вэ, монголчууд бид.

Ингээд Монгол газраар ч, тэнгэрээр ч  гарах гарцгүй хөмөрсөн тогоон дотроо үлдлээ. Хэдэн малтайгаа байхад өлсч үхэхгүй гэдэг “малнууд”-ын хувьд хүртэх ёстойгоо хүртэв. Хүртэх ёстойгоо хүртэж байгаагаа ухаарч байгаа янз манай ялсан монголчуудад даанч алга.

Мөнөх л хятад цэрэг, танкны үлгэрт итгэдэг, монгол цус ярьдаг шигээ  “Хятад вакцин бол нано чип” гэх мэтээр иргэдийн тархийг угаагаад улстөржүүлээд явж байна. Хятад биднийг эзлэх, чагнах дээрээ тулбал чипэй чипгүй, ердөө арваадхан хоног Хятад хилээ хаахад Монгол  “амьтан” болж байна даг. 

Эрээний хил хаагдсанаар хүнс, эм тариа, эд барааны хомсдол Монголд нүүрлэв. Ерэн оноос хойш дэлгүүр, хоршоодын лангуу анх удаа “хоосорлоо". Цар тахал туссан иргэддээ уулгах эм, тарих тариагүй ч болж мэдэхээр болов. Нийлүүлэлтийн хомсдол, тээвэрлэлтийн зардлаас шалтгаалж зарим барааны үнэ 3-7 дахин өслөө. Урд хөршид нүүрсний үнэ "галзуурч" байхад 267 километрын наана орших монголчууд нүүрсээ зарж чадахгүй хоосон хонож байна. Монгол 12 сая тонн, Орос  32 сая тонн нүүрс Хятадад заржээ. Монгол ялсан уу гэж асуух нь илүүц биз, гэхдээ энэ янзаар удвал Засгийн газар цалин тэтгэврээ тавих боломжгүй болно гэсэн үг.

Аливаа муу зүйлд сайн тал байдаг гэгчээр цар тахлын “ачаар” яагаад урагшаа нарийн царигтай төмөр зам тавих ёстойгоо манай 76 одоо ойлгож байх шиг. Аль эрт ухаарсан 10 тэрбум ам.долларын алдагдал амсахгүй байсан.  Цаашлаад эрчим хүчний эх үүсвэрээ нэмж, эм тариагаа Монголдоо үйлдвэрлэхгүй бол Эрээнд эрвээхэй дэвэх төдийд Монгол хийсээд уначихдаг байж боломгүй.

Монголчуудын хэрэглээний барааны 80 хувь нь Эрээний хилээр орж ирдэг. Манай импортын гол цонх гэсэн үг.  Тэгэхээр монголчууд дотооддоо халдварын тоогоо хумьж байж Эрээн цонхоо нээнэ, бараа таваар, хүнс, эм тариа орж ирнэ.

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардаг шиг ямар  “….Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэтлээ” нь биш. Ядаж вакцины бүүстэр тунгаа хийлгэж, гарч орж явмаар байна. Эдийн засгаа сэргээмээр байна.  Экспортоо нэмэгдүүлж, импортын гацааг арилгамаар байна.

Цагийн сайханд өдөртөө 3000-4000 машин нүүрс зөөдөг байсан бол цар тахлаас болоод 70 машин дөнгөн, данган хил гарч байна. Төмөр замаа барьчихсан бол цар тахлын үед нүүрс тээвэрлэлтийн гацаа үүсэхгүй байсан, харамсалтай нь ганц бөхийн гайг улсаараа үүрч байгаа нь үнэн. Гээд одоо ядахнаа бүгдээрээ бүүстэр тунгаа хийлгэж, цар тахалтай зэрэгцэн амьдрах ганц гарц байна. Угаасаа ч дэлхий цаашдаа цар тахалтай зэрэгцэн оршино гэсэн биз дээ.

Монгол Улс наймдугаар сараас иргэддээ бүүстэр тун хийж эхэлсэн. Авчиг вакцинжуулалт тун удааширалтай явж байна.  Дайны хажуугаар дажин болгож зарим хүмүүс вакцины эсрэг мухар сохор сүсэгтэй монголчуудыг улам мунхруулах болсон.  Зарим нь бараг вакцинаас болж өвдчихлөө гэж үнэнгээсээ итгээд байх шиг. ДЭМБ хүртэл вакцин халдвараас 100 хувь хамгаалахгүй, харин хүндрэх, нас барахаас хамгаална гээд байгаа.

Статистикаас харвал Монгол Улсын нийт хүн амын 67.7 хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдсан. Харин бүүстэр тунд хамрагдсан иргэдийн тоо ердөө 366 мянга. Гурав дахь тундаа хамрагдахгүй бол өвчлөл буурахгүй гэж ЭМЯ анхааруулсаар байна.

Зарим улс орнуудын иргэдэд вакцин олдохгүй зүдэрч явахад монголчууд вакцинаа хог болгож хаяж болохгүй биз дээ. Хугацаа нь дуусах дөхсөн 800 мянган тун вакцинаа яах вэ гээд Монголын төр засаг толгойгоо гашилгаж байна. Арга ядахдаа Монголд ирсэн жуулчдыг үнэ төлбөргүй вакцинд хамруулна гээд сууж байгаа нь хүртэл бадрангуй. Уг нь  ядуу буурай орнуудад хандивлах, үйлдвэрлэсэн компанид нь буцааж шинээр солих арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Түүнээс хөл хорионд орсон Монголд вакцин үнэгүй хийлгэхээр ирэх жуулчин хаана байна. Муу хэлж, муухай хардаг хятад, солонгосчууд биднээс сэжиглээд үүд, хаалгаа барьчихлаа.  Иргэдээ урамшуулдагсан уу, албаддагсан уу Л.Оюун-Эрдэнийн засгийн шийдэх асуудал.  Үгүй бол “тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн” Хуучин хүү л болж хоцрох шинжтэй, хэрэвзээ Монголд цар тахлын халдвар буурахгүй бол шүү дээ.

Эрүүл мэндийн сайд гаргасан тушаалд CoVid-19-өөр өвчилсөн 18-аас дээш насны иргэдийг эдгэсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болохоор заажээ.  Мэдээж, сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинаас сонгон хийлгэх боломжтой. Гэхдээ нэг хүний эрх ашгаас илүү нийгэм эдийн засгийн эрх ашиг гэж байна. Цаашдаа цар тахалтай зэрэгцэн оршино гэдгээ монголчууд нэг муу юм ойлгоод байх шиг байна. Атал эдийн засаг, эрүүл мэнд талаасаа бидний амьд үлдэх боломж III тун болохыг ойлгож  байгаа нь цөөхөн.

Вакцин гэхээр нано чип яриад сууж байгаа монголчуудын хувьд  үнэндээ тамын амьтад тамдаа жаргалтай гэгч үг яг тохирно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж