Болливудын алдарт жүжигчин Шахрух Ханы хүү Арьян Хан хар тамхины хэрэгт холбогдсон нь Энэтхэг даяар багагүй шуугиан тарьсан юм. Мумбай хотын дээд шүүхээс Арьян болон түүний нөхдийг батлан даалтаар суллах захирамжийг Пүрэв гаригт гаргасан байна. Шахрухын найз, Энэтхэгийн жүжигчин, кино продюсер, бизнес эрхлэгч Жухи Чавла түүний хүүг нэг сая рипигээр батлан даажээ.
Хэргийг тодруулбал, Энэтхэгийн хар тамхитай тэмцэх газраас аравдугаар сарын 3-ны өдөр Арьян Хан болон түүний дотны найз Арбааз, загвар өмсөгч Мунмун Дамеча нарыг хар тамхи хадгалсан, хэрэглэсэн, худалдсан болон худалдан авсан, хууль бус тохиролцоо хийсэн хэргээр баривчилсан юм. Ийнхүү уг баривчилгаанаас 25 хоногийн дараа тэд батлан даалтаар суллагдаж буй.
Дээд шүүхээс гаргасан таван хуудас бүхий захирамжийн дагуу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх газар”-аас тэдний паспортыг хураан авахаас гадна шүүхийн тусгай зөвшөөрөлгүйгээр Энэтхэгийн нутаг дэвсгэрээс гарахыг хоригложээ. Мөн “Мансууруулах бодистой тэмцэх товчоо”-ны байранд Баасан гариг бүрийн 11-14 цагийн хооронд биеэр очиж мэдүүлэг өгөх аж.
Мумбай хотын “Arthur Road” шоронгийн албанаас Арьян Ханыг аравдугаар сарын 30-ны өдөр суллахаар болсныг мэдэгдсэн юм. Ийнхүү Болливудын супер одын 23 настай хүү шоронгоос Бямба гаригийн өглөөний 11 цагт суллагдах мөчид Шахрух Хан “Range Rover” машинтайгаа хүүгээ угтаж авав. Үүнээс гадна Шахрух Ханы шүтэн бишрэгчид болон үйл явдлыг сурвалжлахаар ирсэн хэвлэл мэдээллийн албаныхан мөн шоронгийн гадна цуглажээ.
Ийнхүү Арьян Ханыг суллагдах болсонтой холбогдуулан Шахрух Ханы амьдардаг Маннат шилтгээний гадна жүжигчний шүтэн бишрэгчид түүний хүүг гэртээ буцаж ирэх болсныг тэмдэглэхээр цугласан юм. Шахрухын цуваа Маннатад ирэх мөчид тэд "Бид Шахрухад хайртай. Бид Арианд хайртай" хэмээн хашгирч, бөмбөрийн цохилтод бүжиглэжээ. Цагдаа нар болон Шахрухын хувийн хамгаалалтын албаныхан цуглааныг зохицуулахаар ажилласан аж.
ЭХ СУРВАЛЖ: NEWS 18