Монголын тээвэрчид Чех рүү авто замаар анх удаа тээвэр хийв

Хуучирсан мэдээ: 2021.10.31-нд нийтлэгдсэн

Монголын тээвэрчид Чех рүү авто замаар анх удаа тээвэр хийв

Монголын тээвэрчид Чех рүү авто замаар анх удаа тээвэр хийв

Монголын тээвэрчид Европын холбооны Бүгд Найрамдах Чех улс руу энэ сард авто замаар анх удаа тээвэр хийсэн талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, “Монтрансавто” ХХК болон “Хар анар” ХХК-ийн дөрвөн автомашин БНХАУ-ын Эрээн хотоос маск, эмнэлгийн бээлий, тоног төхөөрөмж болон бусад дамжин өнгөрөх ачаатай энэ сарын 11-нд хөдөлж, 23-нд Чех улсад хүргэжээ. Эдгээр тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын-Үүдийн боомт руу дараалал харгалзахгүй нэвтрүүлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооноос дэмжсэн байна.

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээтэй зам, тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхээр тусгасан.

Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос, Унгар, Литва зэрэг 11 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газрын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлт гүйцэтгэж байна.

ЭНэ оны наймдугаар сарын 19-нд Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотноо “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газрын хэлэлцээр”-т хоёр тал гарын үсэг зурснаар Монголын тээвэрчид хэлэлцээрийн хүрээнд нийт 12 улстай олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болжээ.

Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс тус яамны зүгээс Европын холбооны гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Польш, Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Хорват, Итали, Австри зэрэг хэд хэдэн улстай автотээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Засгийн газрын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа аж.

Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоож, улмаар 2011 онд Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн тунхаглаж, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж буй.

Монгол Улсаас Европын Холбоонд экспортлож буй гол нэрийн бараанд өлөн гэдэс, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий, хивс, үслэг эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүн, алт, үнэт металл, монгол гэр багтдаг. Харин Европын Холбооноос машин, тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, дарс, шоколад, цай, лаазалсан ногоо, жимс, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүн голчлон импортлож буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж