Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хант улсын Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын ерөнхий санал шүүмжлэлд оролцож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалтай холбоотойгоор Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх аж.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн Гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн Банкны Дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх юм байна.
Холбоотой мэдээ