Тархины харвалт өвчин нь Монголд болон дэлхийн орнуудад өвчлөл, нас баралтын байдлаар эхний гуравт ордог. Дэлхийд жил бүр 14 сая хүн тархины харвалтад өртөж, 5.5 сая хүн нас барж байна.
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГИЙН МЭДРЭЛИЙН ТАСГИЙН ИХ ЭМЧ Д.МӨНХЖАРГАЛ:
-Харвалттай тэмцэх энэ жилийн уриа бол “Хором бүрийг аварцгаая“ уриан дор нэгдэж байна. Монгол Улсын хувьд хүн амын нас баралтаар харвалт, зүрх судасны өвчин тэргүүлж буй. Нүүрний нэг тал мурийх, гар сулрах, хэл яриа ээдрэх зэрэг нь харвалтын үндсэн шинж тэмдэг илэрдэг хоруу чанартай өвчин юм. Тархийг цусаар хангагч судасны үйл ажиллагаа гэнэт 24 цаг ба түүнээс дээш хугацаагаар алдагдахыг харвалт гэнэ. Тархины судас нарийсах, бөглөрөхөөс үүдэн тархины цусан хангамж дутагдан шигдээст харвалт үүснэ. Тархины судас хагарч тархины эдэд цус хурснаар эдийн цус харвалт үүсдэг. Аль ч тохиолдолд цаг алдалгүй тусламж дуудах хэрэгтэй. Харвалтад хүргэдэг гол хүчин зүйл нь зүрх судасны өвчин буюу артерийн даралт ихсэх өвчин. Дараагаар нь чихрийн шижин өвчин, өөх тосны солилцооны алдагдал, тамхины хэрэглээ, биеийн жингийн илүүдэл гэх мэт бидний өөрсдийн зохицуулж болох өвчлөлүүд нь харвалтын шалгаан болдог. Иймээс амьдралын зөв хэв маяг, зөв хооллолт, хөдөлгөөний идэвхитэй байж дадал болгох хэрэгтэй. Өмнө нь 45-аас дээш насныхан харвалтад өртөх эрсдэлтэй гэж үздэг байсан. Сүүлийн үед залуус фитнессд явж, уураг нэмэлтээр их хэрэглэж байна. Энэ нь тархины харвалтад нөлөөлөх нэг шалтгаан болж байгаа. Уургийн хэт их хэрэглээ нь цус өтгөрөлийг нэмэгдүүлж улмаар судас бөглөрөх шалтгаан болдог.
Эрсдэлт хүчин зүйлс:
- Таргалалт
- Хөдөлгөөний дутагдал
- Согтууруулах ундааны хэрэглээ
- Тамхидалт
- Цусан дахь сахарын хэмжээ ихсэх
- Зүрх судасны эмгэг
- Артерийн даралт их байх
- Цусан дахь холестериний хэмжээ их байх
- Нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэг
- Буруу хооллолт зэрэг орж байна.
Хамгийн шилдэг арга бол хувь хүн бүр харвалтын шинжийг сайн мэдэж авах, мөн өөрт байгаа таван эрсдэлт хүчин зүйлийг засч чадвал харвалтын өвчлөл, нас баралтыг багасгах, хүний насыг уртасгах, амьдрах чанарыг дээшлүүлэх боломж байгаа юм.
Монголын хувьд нийт өвчлөлийн 12 хувийг зүрх болон тархины судасны өвчин эзэлдэг. Сүүлийн арван жилийн судалгаагаар 100 мянган хүн амд 6.6 буюу 2011 оноос нэг пунктээр өсчээ. Өнгөрсөн 2020 оны байдлаар нийт нас баралтын 34.2 хувийг зүрх, тархины судасны өвчлөл эзэлж байна. Үүнээс 24.5 хувь нь тархины харвалт. Тархины цус харвалтын үүсэх үндсэн суурь өвчний нэг болох цусны даралт ихдэлт 2011 оноос 1.6 дахин нэмэгдсэн.
Тархины судасны өвчлөл 2011 оноос 0.8 хувиар өсчээ. Тархины харвалт, зүрхний судасны үхлээр нас баралтын дунд эрэгтэйчүүдийн тоо давамгай байна. 2020 онд тархи болон зүрх судасны өвчнөөр нас барсан хүмүүсийн 95.2 хувь нь 40-өөс дээш насны хүмүүс байгаагаас эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 18 хувь нь ид хөдөлмөрийн насандаа нас баржээ.
С.ОЮУНГЭРЭЛ
Холбоотой мэдээ