Нийслэлийн эмийн сангуудад натрийн хлорид, цус шингэрүүлэх эм болон шаардлагатай зарим эм тасалдсан талаар иргэд мэдээлж буй. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад боомт хаагдсантай холбоотойгоор эм, эмийн хэрэгслийн хангамж тасалдах нөхцөл үүссэн гэлээ.
ХӨСҮТ-ИЙН АЛБАНЫ ДАРГА Д.БАЯРБОЛД:
-Эрээнд халдварын тохиолдлууд гарч Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагааг энэ сарын 14-нөөс зогссон. Covid-19-ийн эсрэг эмчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийн нөөцийг тодорхой хэмжээнд бүрдүүлэн ажиллаж байгаа. Харин иргэдэд үйлчилдэг бусад эмийн сангийн эм хангамж буурсан мэдээлэл гарсан. Үүнийг яаралтай шийдвэрлэх, зохицуулах талаар мэдээлэл солилцож байна.
Монгол Улс хилийн дөрвөн боомтоор буюу Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Чингис хаан олон улсын нисэх буудлаар дамжуулан эм оруулж ирдэг. Үүний дийлэнхийг Замын-Үүд боомтоор импортолж байна.
Боомт хаагдсантай холбоотойгоор тодорхой эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан. Гэхдээ тодорхой хэмжээний нөөцийг тэнцвэртэй хуваарилахыг хичээж байгаа. Эрүүл мэндийн яаманд эм ханган нийлүүлэгч байгууллагуудаас маш олон хүсэлт ирж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Гадаад харилцааны яам, Улсын Онцгой комиссод хандаж эм, эмнэлгийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг хайж байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох тал дээр тусгай агентлаг ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Өөр бусад боомтоор оруулж ирэхээр эмийн компаниудтай ч ярьж байна.
COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ТАРИУРТ БИШ ИМПОРТЫН ЭМЭНД АНХААРАЛ ХАНДУУЛАХ НЬ ЗӨВ
Мөн нийгмийн сүлжээнд тариур тасалдсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл. Вакцины тариур хангалттай байгаа. "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа вакцинууд тариуртай ирдэг учир энэ нь асуудал биш гэдгийг салбар яамнаас хэлсэн. Харин гол анхаарах зүйл бол эмийн импортыг яаралтай зохицуулахыг хичээж байгаа гэдгээ онцолсон юм.
Хоёр тунд хамрагдсан иргэдийн дархлаа тогтох хугацаа богиноссон тул нэмэлт тунг заавал зөвлөж байгаа. Ингэхдээ "Спутник" вакцин хийлгэсэн хүмүүст гуравдугаар тунд "Файзер", "Вероселл" зэргийг зөвлөж байна. Учир нь ДЭМБ болон "Спутник-V" вакцины татан авалттай холбоотой асуудлууд гарч байгаа учир иргэд өөрийн сонголтоор нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг зөвлөсөн юм.
73 НАСТАЙ ХҮН ВАКЦИНААС БИШ СУУРЬ ӨВЧЛӨЛӨӨС ХАМААРАЛТАЙ НАС БАРСАН БАЙЖ МАГАДГҮЙ
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд аравдугаар сарын 25-нд 73 настай иргэн Р нь Covid-19-ийн эсрэг вакцины гуравдугаар тунг хийлгээд 20 минут ажиглалтад байх хугацаандаа нас барсан хэрэг гарсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар өрхийн эмнэлгийн зүгээс тухайн иргэн ажиглалтад 23 минут байсан. Ажиглалтын өрөөнөөс гараад ухаан алдсан. Анхны тусламж үзүүлж, дараагийн шатны байгууллагад хүлээлгэж өгсөн. Даралт, амин үзүүлэлт нь хэвийн байсан. Даралт ихтэй, халуурсан хүнд бид вакцин хийдэггүй. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Бид вакцинаас хамаарч тухайн хүн нас барсан гэж шууд дүгнэх боломжгүй.
"Файзер" вакцины I, II тунг хийлгэхэд хариу урвал илрээгүй гэдэг асуулга өгсөн. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа гэсэн юм.
Энэ талаар өнөөдөр яамнаас асуухад ХӨСҮТ-ийн албаны дарга Б.Бумдэлгэр “Тухайн иргэний нас баралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Нас баралтын шалтгааныг шүүх эмнэлэг эмгэг судлалын шинжилгээгээр тодруулна. Шинжилгээний хариу гарах болоогүй.
Вакцинаас шууд хамааралтай гэдэг мэдээлэл гараагүй байна. Тухайн иргэн сүүлийн нэг сарын хугацаанд биеийн байдал нь тааруу байсан гэх яриа байгаа. Тухайн хүн вакцинаас биш суурь өвчлөлөөс хамааралтай нас барсан байж ч магадгүй. Шинжилгээний хариу гарахаар албан ёсоор мэдээлэл өгнө” гэв
Холбоотой мэдээ