Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төвөөс Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөнийг өнөөдөр /2021.10.29/ зохион байгууллаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол Улсад ямар түвшинд байсан, өвчлөлийн цаашдын явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүдийн талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцэв.
Зөвлөгөөний үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайханаас томуу төст өвчний талаар тодрууллаа. Тэрбээр "Дэлхий дахинд Covid-19 өвчний цар тахалтай тэмцэж, хоёр жил өнгөрлөө. Монголд хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой 2021 оны аравдугаар сарын дунд үеэс эхлэн томуу төст өвчнийг үүсгэгч вирус Cоvid-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн хүн амын дунд тархсан. Ялангуяа дөрөв хүртэлх насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол нэмэгдэж байна.
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалтад жил бүр хамрагдах юм. Одоогоор томуугийн нийт 360.600 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-11 хүртэлх насны хүүхдүүдийн 50 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувийг вакцинжуулж дууслаа. Үүнээс гадна энгийн сэргийлэлтийн арга болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх нь үр дүнтэй арга” гэв.
Салбар яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:
-Цар тахлын үед нийгмийн хариу арга хэмжээ авсан олон удаагийн хөл хорионоос шалтгаалан томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчний гаралт буурсан. Энэ удаагийн зөвлөгөөн цар тахлын үед болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед зохион байгуулж байгаагаар онцлогтой. Бидний хувьд сүүлийн хоёр жил Covid-19 тэмцсэний үр дүнд туршлага хуримтлуулсан. Туршлагаараа цаашдаа томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчинтэй тэмцэнэ. Өнөөдрийн зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын халдварт өвчинтэй холбоотой эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг бүхий л эрдэмтэн, судлаачид оношилгоо, эрт ирүүлэг, урьдчилан сэргийлэлт, цаашдын хариу арга хэмжээний тактикаа хэрхэн зөв зохион байгуулах уу, хууль эрх зүйн орчныг хүртэл хэлэлцэж байна. Ингэснээр халдварт өвчний цар тахлын үед томуугийн дэгдэлтийг аль болох бага эрсдэлтэйгээр даван туулах төлөвлөгөө гаргах ач холбогдолтой. Цар тахлын үед нэг ч хүний эрдэнэт амийг насыг аврахын төлөө манай эрдэмтэд чуулж байна. Томуу төст өвчин Covid-19 вирусийн шинж тэмдэгтэй адилхан. Тиймээс ялган оношлох асуудлууд гарч байгаа” гэлээ.
Х.Доржпалам
Холбоотой мэдээ