ДЦС-5, Эгийн голын усан цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Нефтийн үйлдвэр, Говьруу ус татах Хэрлэн говь, Орхон говь төсөл, Шинэ төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн парк… Энэ бол Монголын хөгжилд, Монголчуудын амьдралд үсрэлт авчрахуйц том төслүүд. Зарим нь 30 жил яригдсан, өнөөдөр ч яриа хэвээр. Таван толгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Нефтийн үйлдвэрийг эс тооцвол хэрэгжиж хөдөлсөн нь үгүй. Ашиглалтанд орж ач тусаа өгсөн нь бүр алга. Баруун дөрвөн аймгийг эрчим хүчээр бүрэн хангаж, эрчим хүчний хараат байдлаас гаргах том ач холбогдол бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тендер шалгаруулалт дуусч, ажил нь саяхан эхлэв. Гэтэл нутгийн малчид хотод ирж жагсан, эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэдний нэг нь зурагтаар ярихдаа эсэргүүцсэн шалтгаанаа “ Байгаль орчинд хортой гэсэн” гэж тайлбарлав. Тийм үү, ямар судалгаа дүгнэлт байна? гэсэн сэтгүүлчийн асуултад “Оросын эрдэмтэд тэгж дүгнэсэн гэнэлээ” гэж хариулсан. Тэр эмэгтэйн амьдардаг сумын, тодруулбал баруун гурван аймгийн эрчим хүчийг ОХУ-аас импортолдог бөгөөд байсгээд тасарч, бүс нутгаараа харанхуйд умбах нь олонтаа. Оросуудын нэрийг барьж эсэргүүцдэг, эрчим хүчний төсөл үүгээр дуусахгүй. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Оросуудын дургүйцэл эсэргүүцлээс болоод цаасан дээр макет болон үлдсэн бол Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хятадуудаар цахилгаан станц бариулах байгуулах төслийг эсэргүүцэгчид мөн “Оросын эрх ашигт харшилж байна” маягийн тайлбар хэлж байсан удаатай. Өөрсдөө нефть олборлодог хэрнээ нефтийн үйлдвэргүй олон жил болсон шалтгааныг ч эндээс хайхад болно. Харин У.Хүрэлсүхийн ЗГ зориг гарган энэ ажлыг эхлүүлсэн.
Байгаль орчин сүйдлэх нь гэсэн тайлбартайгаар улс төрчдөөсөө эхлээд эсэргүүцэж зогсоосон нэг төсөл нь Орхон, Хэрлэн голоос говьруу ус татах. Усан цахилгаан станц байгуулахаас эхлээд бусад улс орнууд гадагшаа урсгалтай голуудаа дотооддоо аль болохуйц хэмжээгээр ашигладаг. Манайхыг өөрийнхөө нутаг дэвсгэрт усан цахилгаан станц барих гэхээр ил далд эсэргүүцдэг Орос гэхэд 100МВТ-с дээш хүчин чадалтай 102 усан цахилгаан станцтай.
Хил гараад л Байгаль нуурын голууд, Сибирьт том том усан цахилгаан станцууд байх жишээний. Яг үүнтэй адил Монголд байдаггүй, барих гэхээр ямар нэг саад тотгор, эсэргүүцэл тэмцэл, хэл ам гардаг үйлдвэрүүд өмнөд хил гараад л томоосоо жижиг хүртэл хэдэн арав зуугаараа байх нь гайхалтай. Улс орны эдийн засаг, бэл бэнчинтэй холбоотой байх. Гэхдээ хөрөнгө мөнгийг нь шийдчихээд байхад хүртэл хэрэгжиж чаддаггүй том төслүүд, баригддаггүй үйлдвэр, цахилгаан станцуудыг зогсоох бодлого арай гаднаас яваад байдаг юм биш байгаа?! Яагаад нэг том ажил эхлэх гэхээр л нэг хэсэг Монголчууд жагсаж тэмцээд, Орос, Хятадын эрх ашиг яриад эхлэдэг юм бол? Яагаад том төсөл бүхнийг улс төржүүлж, дотоодын хэл ам, хэрүүл тэмцэл, шүүмжлэл эсэргүүцлийн бай болгодог юм бол? Сүүлийн хэд хоногт “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер тойрсон хэл ам, хардлага сэрдлэг Монголын хэвлэл сошиалын сэдэв болов. “Гэрээ байгуулаагүй, тендер эцэслээгүй байна, нягталж тодруулж байна” гэсэн мэдээллийг компани нь өгөөд байхад л захирлынх нь зургийг тавьж байгаад л гөвж харагдах! Маш танил дүр зураг.
Зөвхөн Баяннуур орчимд гэхэд 30 гаруй нүүрс угаах баяжуулах үйлдвэр бий. Тэр үйлдвэрүүд Тавантолгойн, тэр тусмаа Эрдэнэс Тавантолгойн өндөр чанартай нүүрсийг Өвөрмонголын арай бага чанартай нүүрстэй хольж угаан, цааш нь үнэ хүргэн зарах зарчмаар ажилладаг. Хэрвээ Монголын нүүрс олборлогчид өөрсдөө угааж баяжуулдаг үйлдвэртэй болчихвол Баяннуурын энэ үйлдвэрүүд дампуурч хаагдана.
Тийм болохоор Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй байх хүсэл сонирхол Баяннуурын захын нүүрсний үйлдвэрийнхэнд байх нь тодорхой. Ийм нэг үйлдвэр, эсвэл тэндэрт өрсөлдөөд ялагдсан нэг хятад компани хэдэн төгрөг гаргаад цацахад л миний Монголын “эх орончид” Өмнөговьд баяжуулах үйлдвэр барихыг эсэргүүцэн жагсаж, хэвлэл сошиалд хэнийг ч доромжилж харлуулж чадна. Гадны улс орнууд Монголыг хөгжөөсэй, хүчирхэгжээсэй гэж бодох нь юу л бол? Тэр дундаа хоёр том хөрш нь жижиг Монголыг хөгжилгүй, чадалгүй хэвээр байлгах сонирхолтой нь олон зүйл дээр анзаарагдаж мэдрэгдсээр байдаг. Оросууд шалтаг хэлээд шатахууны экспортоо хааж байгаагийн цаана Монголчууд Эрдэнэбүрэн дээр УЦС, дангаараа Богд хан төмөр замын төсөл эхлүүлж, Нефтийн үйлдвэр барьж байгаад эгдүүцсэн бодлого байж болох уу? Учир нь эрчим хүчээр ч, шатахуунаар ч хараат л байвал Оросуудад сайн шүү дээ! Хятадад нүүрсний үнэ тэнгэрт тулчихаад байхад гол нийлүүлэгч Монголын хил боомтыг хааж хязгаарласан хэвээр байгаа нь Ковидоос өөр шалтгаантай юм биш биз? Үнэхээр Монголын Ковид тархалт ганцхан шалтгаан нь юм бол Хятадаас, Эрээнээс Монголруу орж байгаа ачаа тээврийг яагаад хязгаарлаад байгаа юм? Энэ мэтчилэн гадныхны бодлогыг бид анзаардаг, өөрсдөөсөө асуудаг байхсан. Сэтгүүлч миний хардсанчлан, төр засгийн түвшиндээ томоор бодоогүй байдаг юм аа гэхэд Баяннуурын нүүрсний үйлдвэр, Оросын төмөр зам, нефтийн компанийн түвшинд л Монголчуудыг хөөрхөн дөнгөж чадаад байна. Нэг монголд нь мөнгө шагнал, цол хэргэм өгөөд нөгөөг нь даруулдаг байсан харийн бодлого өнөө үед ч үргэлжилсээр байгаа гэж үү?
Холбоотой мэдээ