"Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б.Болд Улаанбаатарт ирж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууж буй ч талууд үл ойлголцлын байдалтай байгаа. Монголын Засгийн газрын өмнөөс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэлцээг ахалж буй агаад тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа “Рио Тинто бууж өгсөн ч бид хүссэндээ хүрээгүй” гэх тайлбарыг хэлсэн байна. Үүний өмнөх нь “Рио Тинто” Монголын Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал тавьсан гэх мэдээлэл цацагдсан. Хүсэлтийг нь хүлээж авахгүй бол төслийг зогсоохоос “Рио Тинто” илэрхийлсэн гэх албан бус мэдээний араас мөн л Монголын Засгийн газар 66 худалдан аван санал гаргасан тухай “бор шувууд” нисч эхлэв. Хэлэлцээр нөгөө л амаргүй, үл ойлголцол дунд өрнөж байгаа ч улстөрчдийн байр суурь өөрчлөгдөж, өмнө нь Дубайн гэрээг цуцлах ёстой гэж улстөрждөг байсан хүмүүс амаа үджээ. Байнгын “Оюутолгой”-г шүүмжилж, улс төрийн ашиг хонжоо хийж ирсэн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “Бид муулж байгаагүй” ухааны ярилцлага өгдөг болсныг харвал шүү дээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх санхүүжилтийн төлөвлөгөөг батласнаас болж сайн муугаараа дуудуулж яваа хүн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Түүний Засгийн газар Дубайн гэрээг байгуулаагүй бол Монголын эдийн засаг өдгөө модоо барих байсан нь үнэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн хэлэлцээ өндөр хүлээлт дагуулж буй. Ялангуяа Рио Тинтогийн тавьсан хүсэлтүүдийг харахад "аштай юу" гэх буулт харагдаж байна. Гэхдээ ажлын хэсэг бусдын санал шүүмжлэлийг сонсоход буруудахгүй биз.
Хэлэлцээ ид өрнөж буй энэ өдрүүдэд Ч.Сайханбилэг өөрийн байр сууриа нүүр номоороо дамжуулжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголд авчирсан гээд түүний Засгийн үеийн ололт амжилт бий, бий.
Тэрбээр үе үеийн Засгийн газруудын “Оюутолгой”-н төслийн талаарх шийдвэрүүдийг дурдахдаа “2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, Ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлуудлыг шийдсэн бол 2011 онд С.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсад ирэх Засгийн газрын үр өгөөжийг нэг тэрбум америк доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ.
2015 онд манай Засгийн газрын үед та бидний нэрлэж заншсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан юм. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний ач холбогдол нь юу вэ гэдгийг 2-хон өгүүлбэрээр хэлье. Далд уурхайн бүтээн байгуулалт бол өөрөө энэ ордын нөөцийн 80 хувийг ил гаргаж байгаа учраас хуучин Ил уурхайг зөвхөн экспортолж байх үеэс 3-4 дахин их хүчин чадлаар далд уурхайн энэ үйлдвэр эхэлснээр уг төсөл хэрэгжээд явах бололцоотой болох юм. Далд уурхай 2023 он гэхэдашиглалтанд орохоор байгаа. Хэрвээ өнөөдөр далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж чадлаа гэж бодоход 8 жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй болно. Манай Засгийн газар энэ шийдвэрийг тухайн үед цаг хожиж гаргаж чадаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хичнээн их хэмжээний ашиг, орлогоо алдах байсан нь зөвхөн дээрх хоёр жишээнээс шууд харагдаж байна.
Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тухайлбал “Рио Тинто” компанийн ганцаараа 2 жил байтугай хэсэг хугацаанд хүлээж чадна гэсэн байр суурь үгүй болсон. Яагаад гэвэл Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк, санхүүгийн 15 байгууллага өнөөдөр өөрийн хөрөнгө оруулалт, зээлийг оруулсан учраас “Рио Тинто”-д одоо цаг хугацааг хойшоо тавьж, хүлээж суух бололцоо байхгүй. Тэдний хувьд бас Цагийн тоолуур адилхан ажиллаж байгаа учраас энэ гэрээ хэлэлцээний ширээнд суухаас өөр арга байхгүй. Тийм учраас энэ шинэ нөхцөл байдлаа, энэ шинэ “Хөзөр”-ийгөө Монгол Улсын Засгийн газар гүйцэд ашиглах хэрэгтэй”-г сануулжээ.
"Мөн ард чинь популист улстөрчид хүлээж байгаа. Нэг үгээр хэлбэл яагаад заавал 50,60,70 хувиар шийдэж байгаа юм, яагаад 80,90,100 хувиар шийдэж болоогүй юм бэ гэдэг энэ улс төржилт бол байнга явагдах"-ыг бас анхааруулж.
Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутган Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа интерполоор эрэн сурвалжлуулж байлаа. Харин тэр том төслийн хэлэлцээ хийхэд албан тушаалаа урвуулан ашилах авлига авах ямар ч боломжгүйг одоо Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар ойлгосон гэж найдаж байгаа бололтой.
Тэр үг нь "2016 онд манай Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэрийн харь улсад байсан 49 хувийг Монгол Улсад авчрах, Монгол Улсын нийт 100 хувийн өмч болгох түүхэн шийдвэрийг гаргаж байсан. Үүний ач тусыг ч айл өрх бүр өнөөдөр хүртэж байгаа нь бас маргашгүй баримт билээ. Үүгээр миний хэлэх гээд байгаа санаа бол том төсөл хөтөлбөр дандаа цаг хугацааны явцад ийнхүү сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам бүр нэмэгдэж байдаг утга учиртай. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн ЗГ ч гэсэн ийм шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч бишээ гэдгийг бас ойлгох учиртай. Дараа дараагийн Засгийн газрууд Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлуудыг бас өөрийнхөө цаг хугацаанд, өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд цаашид хэрэгжүүлээд явах нь дамжиггүй.
Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайд нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа боловуу гэж бодож байна. Учир нь, олон улсын ийм том Транснационал компанитай ил тод гэрээ хэлэлцээ хийж байх үед ямар нэг авилга авч өгөх тухай асуудал, эсхүл хууль бус ямар нэг асуудал гаргах боломж огт байдаггүй юм гэдгийг алхам тутамдаа ухаарсан байх. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан, өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна".
Мөн Засгийн газар гэдэг бол дандаа урагшаа харж асуудлаа шийдэж явдаг, тэрнээс биш урд урдах Засгийн газруудтайгаа улс төрийн хэрүүл хийгээд улс төрийн хилс хэрэг үүсгээд явдаггүйг анхааруулаад "Улс төрөө бага хий, PR-аа бага хий, урдах ажлаа нугал, урагшаа харж ажилла. Тэртэй тэргүй та бүхэнд дайсан зөндөө олдоно. Гэхдээ Гүйцэтгэх засаглалын Үндсэн хуулиар олгогдсон нэг том үүрэг, ажил чинь бол энэ асуудлуудыг цаг хугацаанд нь шийдээд явах ёстой"-г зөвлөсөн байна.
Өөрөөр хэлбэл, өчигдрийн Ч.Сайханбилэгийн зовлон өдгөө Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын асуудал болсон. Тиймээс хэн, хэн нь авах гээхийн ухаанаар хандана биз.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ