Допинг үндэсний бөхийн "салшгүй" нэг хэсэг болсныг харуулав. Жил болгон допинг хэрэглэсэн гэх дуулиан дэгддэг. Ёстой л бөхчүүд допинг хэрэглэж ханадаггүй, монголчууд хэрэлдэж ханадаггүй гэгч болж байна. Бөхчүүдийн болон бөх сонирхчлын дунд хүлээлт үүсгээд байсан допингийн шинжилгээний хариу ирж, Монголын үндэсний бөхийн холбоо энэ талаар өчигдөр/2021.10.28/ танилцууллаа. Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдээлэхдээ “18 бөхийн шинжилгээнээс харамсалтай нь дөрвөөс нь допингийн төрлийн бодис илэрлээ гэх хариуг манайд ирүүлсэн. Журмын дагуу бөхчүүдтэй холбогдож хэлж байгаа. Допингийн эсрэг байгууллагаас зөрчилтэй бөхчүүд 10 хоногийн дотор Б сорьцоо шинжлүүлэхийг хүссэн. Бөхчүүд дахин шинжлүүлэх эсэхээ өөрсдөө шийднэ. Бид допингийн эсрэг байгууллагад мэдэгдэнэ” гэв. Допинг илэрсэн бөхчүүд Б сорьцоо шинжүүлсний дараа нэрсийг нь зарлах аж.
Энэ жил цар тахлаас болж үндэсний баяр наадмыг цуцалсан. Харин наймдугаар сард МҮБХ-ноос улс аймгийн цолтой 512 бөхийн барилдааныг зохион байгуулсан. Уг барилдаан ч дуулиан шуугиан ихтэй болсон билээ. Тус барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авахад ийнхүү дөрөв нь "бүдэрчээ".
Сүүлийн жилүүдэд бөхчүүдээс тогтмол допинг илэрч байгаа нь үндэсний бөхийн спортыг үнэгүйдүүлсээр байна. Даваа наймаацахаас гадна түрүүлсэн шөвгөрсөн бөхчүүдээс нь допинг илрэх болсон нь үзэгчдийнх тоог ч бууруулах болсон.
МҮБХ-ноос допинг илэрсэн гэж зарласан дөрвөн бөхийн нэр хэн бэ гэдэг ч олны анхаарлыг татаж байна. Хэвлэлүүдээр таамаглал хэдийнэ хөвөрч эхэлсэн ч МҮБХ одоогоор нэр зааж хэлэх боломжгүй зөвхөн Б шинжилгээний хариу ирсний дараа гэх үгээр ам таглаж буй. Ямар ч байсан үндэсний бөх өдгөө допингийн үүр уурхай болсон нь харамсалтай. Допингийн хэрүүл А.Сүхбатаас анх эхлэлтэй. Өдгөө энэ асуудал үндэсний бөхийн спортод хэвийн үзэгдэл болсон байна.
2019 онд улсын арслан Э.Оюунболдын шинжилгээний хариунаас дөрвөн төрлийн хориотой бодис илэрч байсан билээ. Тэгвэл 2020 онд үзүүрлэсэн Н.Батсуурь аваргаас ч мөн л допингийн бодис илэрсэн.
Допингийн шинжилгээ өгсөн 18 бөхийн нэрс:
- Монгол Улсын арслан Ц.Содномдорж
- Монгол Улсын арслан Э.Оюунболд
- Улсын харцага Б.Бат-Өлзий
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын начин Ч.Батчулуун
- Улсын начин Б.Чимэдвандан
- Улсын начин Ш.Дарханбат
- Аймгийн арслан Э.Ууганбаяр
- Аймгийн арслан Э.Мөнхбаатар
- Аймгийн арслан Э.Нямаа
- Аймгийн арслан Д.Төрболд
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
- Аймгийн арслан Б.Хадбаатар
- Аймгийн арслан Н.Батсайхан
- Аймгийн арслан Ц.Адьяа
- Аймгийн заан Б.Уртнасан
- Аймгийн заан Э.Энх-Амгалан
- Аймгийн заан Э.Мөнхжаргал
Эдгээр бөхчүүдээс улсын арслан Ц.Содномдорж болон улсын арслан Э.Оюунболд нар сайн дураараа шинжилгээ өгсөн бол бусад 16 нь шөвгөрсөн бөхчүүд юм.
Ийнхүү допингтой бөхчүүдийн жагсаалт дөрвөөр нэмэгдлээ. Энэ нь цол чимгийг нь хурааж, барилдах эрхийг хасдаг шийтгэл багадаад байна уу эсвэл бөхчүүд бүгд хэрэглэдэг, азгүй зарим нь "асуудалд" унадаг байж болзошгүй хардлага төрж буй. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл энэ онд хуралдаж, тус холбооноос дангаараа болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах заалтыг дүрмэндээ шинэчлэн оруулсан. Энэ дүрмээр дээрх бөхчүүд 40 сая төгрөгийн торгуульд унаж, 4 жилээр барилдах эрхээ хасуулахаар болж байна.
Өмнө нь 6 сараас 2 жил хүртлэх хугацаанд барилдах эрхийг нь хасдаг байлаа. Нөгөө талаар улстөрчдийн талцал, ноёны бөх гэх хандлага Үндэсний бөхийн спортыг бохирдуулж байна. Тухайлбал, 2019 оны баяр наадмаар түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдчихоод байхад түүний цол хэргэмийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга хураагаагүй нь үндэсний бөхчүүдийг хагаралдуулж, улмаар бөхийн спортыг улстөржүүлэхэд хүргэсэн. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсныхоо даргаа допинг хэрэглэсэн бөхчүүдийн цол чимгийг хураах зарлиг гаргаж байлаа.
Допингийн дуулианд дахин нэр холбогдоод байгаа ганц хүн нь Э.Оюунболд арслан. Тэрбээр Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу улсын аварга цолоо хураалгасан. Хэрэвзээ тэр допинг хэрэглэсэн бол дор хаяж найман жилээр барилдах эрхээ хасуулж, дахин төрийн наадамд түрүүлэх боломжгүй болно.
Түүнчлэн аймгийн арслан Б.Хадбаатар, Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нараас хориотой бодис илэрсэн гэх дуулиан дэгдээд байна.
Энэ нь үнэн бол тэдний спортын карьер нь дуусгавар болох юм. Ийнхүү үндэсний бөх тойрсон жилийн том "хэрүүл" ахиад л эхэллээ.
Холбоотой мэдээ