Монголд финтекийн харилцагчдын тоо 4.2 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Монголд финтекийн харилцагчдын тоо 4.2 саяд хүрчээ

Монголд финтекийн харилцагчдын тоо 4.2 саяд хүрчээ

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувьд хүрчээ. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 13.4, даатгалын зах зээл 1.2, банк бус санхүүгийн байгууллага 6.7, хадгаламж, зээлийн хоршооны салбар 0.8 хувьтай байна.

Тус хороо чиг үүргийнхээ хүрээнд 3489 зохицуулалттай этгээд, 2388 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт тавин ажиллажээ. Зохицуулалттай этгээдүүдийг салбараар нь ангилбал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 312 компани, 257 мэргэжлийн оролцогч, даатгалын зах зээлд нийт 321 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 2388 төлөөлөгч, 531 банк бус санхүүгийн байгууллага , 225 хадгаламж зээлийн хоршоо, 277 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 464 иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн 1102 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91.0 хувиар өсч, 4,969.1 тэрбум төгрөгт хүрчээ. Харин хувьцааны хөрвөх чадвар 2.4 нэгжээр өсч, 3.7 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 25,405.62 нэгжээр өсч, 42,937.26 нэгжид хүрсэн байна. Нийт 1.1 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 78.7 хувийг компанийн бонд, 16.2 хувийг хувьцаа, 4.7 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.4  хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлж байгаа аж. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 42.3 хувиар өсч, таван төрлийн 672.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагджээ.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар өсч, 444.6 тэрбум төгрөгт, нөөц сан 12.4 хувиар өсч, 202.8 тэрбум төгрөгт хүрчээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өсч, 188.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч, 75.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсч, 44.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 23.8 хувийг эзэлжээ. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 1.9 хувиар буурч, 3.3 саяд хүрчээ.

Банк бус санхүүгийн байгууллага: Нийт 531 банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өслөө. Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсч, 1.8 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд олгосон зээлийн 62.3 хувь нь хэрэглээний зээл, нийт зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байгаа аж. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсч, 1.6 саяд хүрчээ. Мөн нийт харилцагчийн тоо давхардсан тоогоор 4.5 сая болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн байна.

Финтекийн харилцагчдын тоо 4.2 сая буюу нийт харилцагчийн 93.2 хувь байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн бүтээгдэхүүний эх үүсвэр нэмэгдэж, нийлүүлэлт өсөн, улмаар зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2.6 хувь боллоо.

Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.1 сая төгрөг бол финтекийн гар утас буюу аппликейшнээр олгосон дундаж зээл 142.1 мянган төгрөг байна. Финтекийн зээлдэгчид 1.3 сая буюу нийт зээлдэгчийн 81.2 хувийг бүрдүүлж байна. Гуравдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн багцад чанаргүй зээлийн эзлэх хувь 8.3 буюу 146.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 пунктээр буурчээ.

Хадгаламж, зээлийн хоршоо: Нийт 225 хадгаламж зээлийн хоршоо 75711 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байгаа аж. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өсч, 289.4 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 203.8 тэрбум төгрөг буюу 70.4 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.04 пунктээр буурч, 1.42 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр буурч, 2.25 хувь болжээ. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өсч, 208.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.8 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 34296 байгаа бол зээлдэгчдийн тоо 35763 -д хүрчээ.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 277 компани, тэдгээрийн 248 брокер, 1274 агент үйл ажиллагаа эрхэлж байна. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд нийт 4190 хэлцлээр, 758.8 мянган м.кв талбай бүхий нийт 613.9 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө зуучилж, худалдан шилжүүлжээ. Харин нийт 1420 хэлцлээр 164.4 мянган м.кв талбай бүхий 13.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 39, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 235, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн 125, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 65 иргэн байгаа аж. Гуравдугаар улиралд 264.2 тэрбум төгрөгийн үнэт металл борлуулж, 466.4 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж