Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулахад бэлэн үү?

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулахад бэлэн үү?

Халдварын тархалтаас хамаарч Монгол Улсад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дөрвөн түвшинг дараалан мөрдөх түр журам бий. Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Covid-19-ийн эсрэг вакцины гуравдугаар буюу нэмэлт тунг зорилтот бүлгийн 50 хувь хийлгэсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинг “шар” болгож бууруулна гэдгийг онцолсон. Мөн “шар” түвшинд шилжих бэлтгэлээ хангахыг УОК, НОК-д үүрэг болгосон юм. Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулахад бэлэн эсэхийг холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

ЭМЯ: НЭМЭЛТ ТУНГИЙН ҮР ДҮНГ СУДАЛЖ, АЧ ХОЛБОГДОЛТОЙ БОЛОХЫГ ТОГТООЖ БАЙГАА

Дархлаа сэргээх тунгийн үр дүн ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас асуулаа. Эрүүл мэндийн сайдын А564 дугаар тушаалаар Covid-19-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунд 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулж байна. Нэмэлт тунг "Файзер" болон "Синофарм" вакцины аль нэгээс сонголтоор хийж байгаа ч хамрагдах иргэдийн идэвх сул хэвээр байна. Иргэд хариу урвал болон үр дүнд эргэлзэж байгаа учраас хамрагдалт сайнгүй байна гэж тодорхойлж буй.

Үр дүн мэдээж эрсдэлээс хамгаалах өндөр боломжтой учир ЭМЯ-наас зөвлөж байна. Тодорхой хугацааны дараа дархлал сэргээх нэмэлт тун хийснээр дархлаагаа илүү урт удаан хугацаанд хамгаалах боломжтой болж байгааг олон улсад болон Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд ч харуулж байна.

Монгол Улсад вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан хүн амд хийсэн судалгаагаар гурав дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 0.2 хувь нь л халдварт өртсөн. Энэ нь вакцины нэмэлт тун өндөр үр дүнтэйг харуулж байна. Цаашид ч нэмэлт тунгийн үр дүн, ач холбогдлын судалгааг тогтмол хийх болно.

НЭМГ: ЭМЧ АЖИЛЧДАА ИДЭВХЖҮҮЛЖ БАЙГАА Ч ИРГЭД ХАМРАГДАХГҮЙ БАЙНА

Нийслэлийн эхүүл мэндийн газраас нэмэлт дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэхээр мэдээлэл сурталчилгааг нэмэгдүүлсэн. Мөн хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Одоогоор нийслэлийн нийт хүн амын 20 хувь гуравдугаар тундаа хамрагдаад байна. Нэмэлт тун хийлгэснээр цар тахлын халдвараас сэргийлнэ. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах иргэн заавал нийслэлийн харьяат байна гэхгүй. Орон нутгийн иргэд ч хамрагдаж болно. Мөн гэрээсээ гарах боломжгүй, хэвтрийн болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэд дүүргийнхээ дархлаажуулалтын багт хүсэлт гаргаснаар бид гэрээр нь очиж нэмэлт дархлаажуулалтыг хийнэ. Олон ажилчинтай байгууллагад хүртэл очиж үйлчлэх зохицуулалттай ажиллаж байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан иргэд эрсдэлээс хамгаалагдах бүрэн боломжтой. Тиймээс Covid-19-ийн дараа дараагийн хувирлаар өвчлөхөөс сэргийлж нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалъя. Эмч ажилчдыг дайчилж, боломжит хувилбаруудыг судалж вакцин хийж байгаа ч иргэдийн хамрагдалт маш сул байна.

УОК: ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ТАЛ ХУВЬ НЭМЭЛТ ТУНД ХАМРАГДВАЛ ЗЭРГИЙГ БУУРУУЛНА

Харин Улсын онцгой комиссоос Засгийн газраас үүрэг болгосон Гамшгийн бэлэн байдлын “шар” түвшинд шилжихэд бэлэн эсэхийг тодруулахад “Нэмэлт тундаа хамрагдсан иргэдийн тал хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нэг түвшин буурна. Гол нь тодорхой хугацаа зааж болохгүй. Учир нь нийслэлийн нэмэлт тунд хамрагдах зорилтот бүлгийн иргэдийн 20 хүрэхгүй хувь нь л сэдрээх тунд хамрагдсан. Хэрэв ирц 50 хувьд хүрэх л юм бол маргаашаас нь “шар” түвшинд шилжинэ гэж ойлгож болно” гэсэн юм.

Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлэхээр ЭМЯ, УОК, НЭМГ хичээж ажиллаж байгаагаа онцоллоо. Гагцхүү он дуусахаас өмнө зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тундаа хамрагдах уу гэдэг л анхаарал татаж байна. Одоо иргэдийн идэвх сул байна. Цаашид идэвх нэмэгдвэл Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж, үзвэр үйлчилгээний зарим газрууд нээгдэнэ. Мөн хариуцлагын гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх байгууллагууд ч нэмэгдэх юм. Тиймээс иргэд хариуцлагатай хандаж нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж