"Гомдож үзээгүй юм шиг амьдрах" О.Цэнд-Аюуш

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

"Гомдож үзээгүй юм шиг амьдрах" О.Цэнд-Аюуш

"Гомдож үзээгүй юм шиг амьдрах" О.Цэнд-Аюуш

Дэлхий ертөнцийн гоо сайхан, нууцлаг ид шид, хүний оюун санааг шашнаас илүү гэгээрэлд хүргэдэг зүйл бол ном. Тиймээс ч ном бол ертөнцийг харах цонх мөн хэмээн В.И.Ленин хэлсэн байдаг. Монгол уран зохиол 1920-оод хойш, тэр дундаа их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д.Намдаг, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн нараас үндсэндээ хөгжиж өдийг хүрсэн. XX зууны сүүл үе буюу 1990 оны уран бүтээлчдийн араас шинэ мянганы гэх тодотгол бүхий залуучууд гарч ирсэн. Тэдний нэг бол О.Цэнд-Аюуш юм.

Тэрбээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрж, өссөн. Оюутан ахуй цагаасаа яруу найргийн дугуйлан, тэмцээнд оролцож 2009 онд “Манан дундуур” гэх анхны шүлгийн номоо гарсан байдаг. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадамд энэ жил тэргүүн байр эзэлсэн О.Цэнд-Аюушийн шинэ номыг энэ удаагийн "Шинэ ном" булангаараа танилцуулж байна. Тэрбээр “Тас чамайг тасчих болтугай”, өгүүллэгийн болон “Гомдож үзээгүй юм шиг амьдрах” яруу найргийн номоо уншигчдын гарт хүргээд буй.

“Тас чамайг тасчих болтугай” ном зургаан өгүүллэгтэй. Энэ ном нэг талаасаа нүүдэлчин сэтгэлгээ, монгол ахуйн уламжлалыг үлдээхийн төлөө зохиогчийн тэмцэл бол нөгөө талаасаа амьдралын утга учрыг монгол ахуй, нүүдэлчин сэтгэлгээгээний уламжлал дээр эрэлхийлсэн эрэл аж.

“Гомдож үзээгүй юм шиг амьдрах” яруу ном нь түүний дөрөв дэх яруу найргийн ном юм. Энэ яруу найргийн номоос О.Цэнд-Аюушийн сэтгэлгээг дотоод ертөнцийг танин мэднэ. Эх орон, хүний мөн чанарын тухай зовнин дуулж буй шүлгүүдийг мэдэрч  болно. Тиймээс түүний дараах шүлгүүдийг хүргэе.

ЦАС

Цастай жимээр

Настай хүн явна

Хорвоод шингэн одох

Хүн,цас  хоёр

Хөл дор чихарна

Малгай доор чийхарна.

Нэг нь ус болж

Хаврыг тэнийлгэнэ.

Нөгөө нь нулимс болж

Намрыг үрчийлгэнэ.

Нэг нь хунгар болж

Хэчнээн хатуурсан ч хайлна.

Нөгөө нь хүн болж

Хэчнээн хатуурсан ч халина.

ЭХ ОРОН, АРД ТҮМЭН, ХҮН ТӨРӨЛХТӨН

Гөрөөсөнд чинь би үзгээрээ л хүрдэг шүү эх орон минь

Бахардаад унасан амьтны хүзүүг нь мушгиж

Баатар болдог чинь үзэгдээд л байдаг шүү

Ард түмэн минь

Бугын чинь цусан эвэрт би үгээрэй л хүрдэг шүү эх орон минь

Улаан шүрэн эвэртэй тэр сайхан амьтдыг

Угаар нь хөрөөдөх чинь мэдрэгдээд л байдаг шүү Ард түмэн минь

Булга, суусарын чинь торгон үсэнд би нүдээрээ л хүрдэг шүү

Эх орон минь

Амьдаар нь хуулж өмссөн хувцаснаас чинь

Арьсаа харамлан чарлах дуу сонсогдоод л байдаг шүү

Ард түмэн минь

Хандгайн чинь зөөлөн уруулд би

Хайраараа л хүрдэг шүү Эх орон минь

Халбага сэрээ гялалзсан

Дээдсийн зоогноос

Уруулгүй болсон хөөрхий амьтны

Урагдаад үлдсэн шүднүүд харагдаад л байдаг шүү

Хүн төрөлхтөн минь

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж