"Спутник-V" вакциныг тойрсон элдэв асуудлууд

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

"Спутник-V" вакциныг тойрсон элдэв асуудлууд

"Спутник-V" вакциныг тойрсон элдэв асуудлууд

Ньюс агентлаг Спутник-V вакцины талаар олон улсад өрнөж буй үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


"СПУТНИК-V"-ИЙГ ТОМУУГИЙН ВАКЦИНТАЙ ХАМТ ТАРЬЖ БАЙНА

Оросын эрүүл мэндийн яамнаас "Спутник-V" болон томуугийн вакциныг хамтад нь хэрэглэх зөвшөөрлийг олгожээ. Ингэхдээ вакциныг хэрэглэх зааврыг өөрчилсөн байна. Судалгаагаар хоёр вакциныг нэгэн зэрэг тарихад аль алиных нь үйлчлэл, үр дүн буурахгүй байгааг Оросын эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг Тасс агентлаг онцолжээ. Цар тахал болон томуугийн вакциныг зэрэг тарихдаа хоёр гаранд тарьж байгаа аж. Өвчний тархалт, микробиологи судлах үндэсний судалгааны Гамалей институтийн эрдэмтэд "Спутник-V" вакциныг хүний аденовирус дээр суурилан гарган авсан юм.

Одоогоор Оросын вакциныг дэлхийн 70 гаруй орон дотооддоо цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад ашиглах зөвшөөрөл гаргаад буй.

ДЭМБ "СПУТНИК-V" ВАКЦИНЫГ ДАХИН СУДАЛЖ ЭХЭЛЖЭЭ

ОХУ-аас "Спутник-V" вакциныг яаралтай хэрэглээний горимоор хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад гаргасан. Гэвч вакцины зарим мэдээлэл дутуу, хуулийн үйл явц хүлээгдэж буй гэх шалтгаанаар  ДЭМБ-аас өнөөдрийг хүртэл зөвшөөрөл олгоогүй байна. ДЭМБ-ын даргын орлогчийн мэдээлснээр "Спутник-V" вакцины мэдээлэл бүрэн биш байгаа ч судлах үйл явцыг дахин эхлүүлсэн бөгөөд ОХУ дахь үйлдвэрүүдэд дахин шалгалт хийхээ мэдэгджээ. Түүний мэдэгдлээс харвал ДЭМБ нь "Спутник-V" вакцинд зөвшөөрөл олгох үйл явцад идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Гамалей институтийн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар “Спутник-V” вакцины дараа гаргасан “Sputnik Light” нь цар тахлын илүү хөнөөлт дельта хувилбарын эсрэг 70 хувь хамгаалж байгааг дурджээ. Харин ДЭМБ-аас аравдугаар сарын 5-нд мэдээлэхдээ “Спутник-V” болон бусад вакцинд зөвшөөрөл олгохын өмнө өөр өөр үйлдвэрүүдэд шалгалт хийж, мэдээллийг бүрэн авч хянах ёстой гэжээ.

Гэсэн ч хараахан "Спутник- V" вакцины талаар хэлэлцэх хурал товлогдоогүй байна. Харин ирэх сард Энэтхэгийн Бхарат биотехнологийн үйлдвэрийн гаргасан авсан вакциныг хэлэлцэхээр товлосон байна.

Харин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайль Мурашко хэлэхдээ вакцины зөвшөөрөл саатсан нь удирдлагын асуудал ДЭМБ-ын шийдвэр гаргах үйл явцыг удаашруулж байна хэмээжээ. ОХУ-ын талаас вакцины зөвшөөрлийг түргэн гаргуулахаар ДЭМБ-ыг шахаж байгаа нь дэлхийн олон оронд тус “Спутник-V”-ийг хэдийнэ хэрэглэж байгаатай холбоотой. Түүнчлэн Оросын иргэдийн дунд вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал шаардлагатай байгаа юм.

ОХУ-ын хүн амын гуравны нэг нь л вакцинд хамрагдсан, дархлаажуулалтын явц удаашралтай буйгаас өдөрт бүртгэгдэх нас баралт өндөр, халдварын тоо өссөөр байгаа юм. Тухайлбал, энэ сарын дундуур ОХУ-д хоногт бүртгэгдэх нас баралт 1000 давсан.

ОХУ-ААС КОВАКС ХӨТӨЛБӨРТ 300 САЯ ХҮН ТУН ВАКЦИН ХАНДИВЛАНА

ДЭМБ-аас "Спутник-V" -д зөвшөөрөл олговол ОХУ-аас НҮБ болон Ковакс хөтөлбөрт олон сая тун вакцин хандивлахаар төлөвлөснөө мэдэгджээ. ОХУ-ын талаас жилд 200-300 сая хүн тун вакциныг Ковакс хөтөлбөрт нийлүүлэх боломжтой гэж мэдээлжээ. ОХУ нь энэ оны сүүл гэхэд вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлаа жилд 700 сая хүн тун хүргэж нэмэгдүүлэх аж. Үйлдвэрлэлийн 50 хувийг гадаадын орнуудтай хамтын ажиллагааны хүрээнд 10 гаруй орны 20 гаруй үйлдвэрээс ирэхээр тооцжээ. Тухайлбал, энэ сард Өмнөд Солонгосын нэг үйлдвэрт "Спутник-V"  үйлдвэрлэхээр гэрээ байгуулсан байна.

Одоогийн байдлаар ДЭМБ-аас "Файзер", "АстраЗенека", "Жонсон & Жонсон", "Модерна", "Синовак", "Синофарм" зэрэг вакцинуудад зөвшөөрөл олгосон байгаа.

Өнөөдрийг хүртэл ДЭМБ долоон вакцинд зөвшөөрөл олгосон бол 13 вакцины материалыг хүлээн авч хянаж байна.

СПУТНИК-V ТАРИУЛСАН БОЛ АНУ ТЭРГҮҮТЭЙ ОЛОН ОРОНД НЭВТРЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

Хэрэв ДЭМБ-аас "Спутник-V" вакцинд зөвшөөрөл олгохгүй удсаар байвал тус вакциныг хийлгэсэн хүмүүс АНУ, Шенгений бүс зэрэг олон оронд нэвтрэх боломж байна. Тухайлбал, АНУ-ын захиргаанаас олон улсын аялагчдыг цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан баримтыг шаардах журам боловсруулснаа мэдэгдсэн.

Журмын дагуу ирэх арваннэгдүгээр сарын 8-наас хойш гадаадын аялагчид вакцинжуулалтад хамрагдсан баримтыг үзүүлж нисэх онгоцонд суух аж. Ингэхдээ ДЭМБ-аас зөвшөөрсөн вакциныг тариулсан байх шаардлагыг тавьж байна.

Албаны мэдэгдэлд дурдсанаар вакцин нь АНУ-ын хүнс эмийн хяналтын газраас зөвшөөрсөн, ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх заалтад багтсан байх ёстой аж. Түүнчлэн маш цөөн тохиолдолд буюу 18-аас доош насны хүүхэд, вакцины хүрэлцээ муугаас шалтгаалан хүн амынх нь 10 хувиас багагүй хувь нь вакцинд хамрагдсан орны аялагчдыг “харж үзэх” гэнэ. Цар тахлын халдварын эсрэг гаргасан АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын байгууллагын зөвлөмжид авиа компаниуд олон улсын аялагчдаас вакцинжуулалтын талаар үнэн бодит, баталгаатай баримтыг шаардахыг зааварчилжээ.

Үүний зэрэгцээ Европын холбооны нэг сая орчим иргэн арваннэгдүгээр сарын 8-аас хойш АНУ-руу зорчих эрхгүй болж мэдэхээр байна.

Учир нь АНУ нь арваннэгдүгээр сарын 8-нд Их Британи, Ирланд, Шенгений бүсийн 26 улс зэрэг нийт 33 оронд хилээ нээнэ. Ингэхдээ дээр дурдсан вакцины шаардлагыг тавих юм.

Европын холбооны хоёр орон буюу Унгар, Словак улсууд "Спутник-V" вакциныг дотооддоо хэрэглэхээр зөвшөөрсөн. Улмаар Унгарын засгийн газраас хоёр сая тун "Спутник-V" вакцин худалдан авсны 1.8 саяыг,  Словак  200 мянган тунг авснаас 37 мянгыг нь  хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Унгарын 903 мянга гаруй хүн, Словакийн 18 мянган хүн "Спутник-V" вакцины бүрэн тун тариулсан гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын байрдлаар Италийн 15 мянган иргэн ажлын шаардлагаар тус вакциныг тариулсан гэх мэдээлэл бий.

Европын жижиг орнууд насанд хүрсэн хүн амынхаа 70 гаруй хувийг дархлаажуулсан байхад дэлхийн анхны цар тахлын эсрэг вакциныг гаргасан авсан ОХУ-д ердөө 43 сая хүн орчим хүн вакцинд хамрагдсан байгаа нь анхаарал татаж байна.

Европын агентлагаас цар тахлын вакцинд хяналт шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн ч "Спутник-V"-д зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ ирэх оны эхний хагаст вакцины зөвшөөрлийг шийдвэрлэхээ мэдэгджээ.

ОХУ-д цар тахлын халдвар нэмэгдсэнээр Москва хотноо хэсэгчилэн хөл хорио тогтоож, орон даяар аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд ажлын байруудыг долоон хоногийн хугацаанд хаасан. ОХУ нь 2020 оны наймдугаар сард дэлхийд анх удаа цар тахлын вакцин гарган авснаа зарласан. Улмаар ОХУ-д өдгөө Спутник-V болон өөр дотоодын үйлдвэрийн гурван вакцинаар дархлаажуулалтыг үргэлжлүүлж буй. Хэдийгээр вакцинжуулалтын идэвх муу байгаа ч Ерөнхийлөгч Владимир Путин дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр явуулсан хэвээр байна гэж мэдэгджээ.

ОРОСУУД БАРУУНЫ ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭР СЕРБИЙГ ЗОРИХ БОЛЖЭЭ

Барууны орнуудад үйлдвэрлэсэн вакциныг хийлгэхийн тулд Оросын зарим иргэд Серби улсыг зорих болжээ. Серби нь Европын холбооны гишүүн биш боловч вакцины сонголтыг чөлөөтэй байлгаж буй учир оросууд ихээр зорьж байгаа аж. Түүнчлэн оросууд Балканы хойгийн холбоотон тус орон руу визгүй зорчдог нь давуу тал болжээ.

Улмаар Сербийн аяллын компаниуд 300-700 ам.долларын вакцины багцыг санал болгож оросуудыг татсанаар Белград хот жуулчдын хөлд дарагдсан байна.

“Бид дэлхий даяар чөлөөтэй аялахын тулд "Файзер" вакцин хийлгэсэн” хэмээн Оросын иргэн 54 настай Надежда Павлова өнгөрсөн долоо хоногт тариулснаа ярьжээ. Мөн түүний нөхөр 55 настай Виталий Павлов “Бид цөөн хэдэн орон биш бүх дэлхийн хаалгыг нээхийн тулд ийм сонголт хийлээ” гэв.

Серби нь "Файзер", "АстраЗенека", "Синофарм", "Спутник" зэрэг дөрвөн төрлийн вакциныг иргэддээ санал болгож буй цөөн хэдэн орны нэг юм. Сербийн засгийн газрын мэдээллээр тус улсад 160 мянга гаруй гадаадын иргэн цар тахлын эсрэг вакцинд хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж