ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Израилийн ерөнхий сайд Нафтали Беннеттэй өнгөрсөн Баасан гаригт Сочи хотноо уулзсан билээ. Энэ нь Беннет ерөнхий сайдын албыг хүлээн авснаас хойш Путинтэй хийсэн анхны уулзалт болсон юм. Уулзалтаар талуудын хэлэлцсэн сэдвийн талаар Израилийн албанаас мэдээлж эхлэв.
Путины хувьд АНУ-тай ойр дотно харилцаатай Израилийн ерөнхий сайдаас Сири дэх хориг арга хэмжээг сулруулах тал дээр Байдены захиргааг ятгаж өгөхийг хүссэн байв. АНУ-аас Сири улсад тавьж буй хориг арга хэмжээг сулруулснаар Оросын компаниуд Сирийн бүтээн байгуулалтад оролцох боломжтой болох бөгөөд үүнээс талууд хамтдаа ашиг хүртэж болно гэжээ.
2019 оны арванхоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч асан Трампын гарын үсгээр баталгаажсан “Цезарийн тухай хууль”-иар Сирийн эрчим хүч, дэд бүтэц зэрэг эдийн засгийн хэд хэдэн салбарт хориг тавьсан юм. Цаашлаад тус хууль Сирийн сэргээн босголтод оролцох хүсэлтэй ч АНУ-ын хоригоос болгоомжилсон гадаадын компаниудад ч тээг тавьжээ.
Гэвч энэ нь АНУ-ын хоригт аль хэдийнэ орсон Ираны компаниудад төслүүдээ хэрэгжүүлэх томоохон боломжийг олгож, улмаар Сири дэх Ираны нөлөөг нэмэгдүүлж болохыг Путин анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл, Сири дэх Ираны эзэмшлийг сулруулах Израилийн сонирхол байгаа учраас Байдены захиргааг ятгах нь тэдний ч эрх ашигт нийцэхийг сануулсан байв.
Сүүлийн үед Арабын хэд хэдэн улс Башар аль-Асадын дэглэмийг хүлээн зөвшөөрч, Сиритэй харилцаагаа сэргээх болсон юм. Тухайлбал, Асад сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Иордан, Египет, Арабын Нэгдсэн Эмират улсын удирдагчидтай уулзаж ярилцжээ. Сирийн сэргээн босголтыг эсэргүүцдэг АНУ-д Асадын хүлээн зөвшөөрөгдөх байдал таалагдахгүй нь тодорхой.
Гэвч нөхцөл байдал АНУ-ын хоригийг үл хамааран Асадын талд ашигтай байдлаар өрнөж байгаа энэ үед Орос, Израиль, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн гурван талт уулзалт хийж, Сирийн асуудлыг хэлэлцэхийг Путин уриалжээ. Израилийн албаныхан Путины уулзалт зохион байгуулах саналыг дэмжиж байгаа ч хурлын товыг хараахан тогтоогүй байна.
Эх сурвалж: AXIOS