Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж эмч, сувилагч нарыг ажлын байрандаа чававхжиж, тогтвор суурьшилтай ажиллахад нь Орон нутгийн төсвийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Дорнод аймгийн хэмжээнд нийт 298 сувилагч, Хэрлэн сумын хэмжээнд 46,6 мянган хүн амд анхан шатны эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Асралт-Үйлс, Ягаан цээнэ, Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 23 сувилагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох мэргэжлийн албан хаагчидтай хамтран хүргэн ажиллаж байна.
Судалгаагаар Хэрлэн сумын Өрхийн эмнэлгүүдийн сувилагч нарын ажлын байрны шилжилт хөдөлгөөн их, одоо ажиллаж байгаа сувилагч нарын 65 хувь нь тухайн эмнэлэгт 1-3 дахь жилдээ ажиллаж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй сувилагч нарыг тогтвортой ажиллуулах хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа.
2019 оноос өрхийн эрүүл мэндийн төвийн 21 эмч, 2020 онд сумын эрүүл мэндийн төвийн 37 эмчид тус бүр 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол 2021 онд ийнхүү Хэрлэн сумын 3 өрхийн эрүүл мэндийн төвийн 23 сувилагчид тус бүр нь 500.000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.
Мөн “Нутгийн ирээдүй төсөл”-ийн хүрээнд аймаг орон нутагт дутагдалтай байгаа сувилагчийн мэргэжлийн хүний нөөцийг бодлогоор дэмжих зорилгоор, анагаах ухаан, сувилахуйн ухааны чиглэлээр суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг орон нутгийн төсвөөс үзүүлж байна.
Цаашид орон нутгийн зүгээс сувилагч нарыг сургаж дадлагажуулах, хүний нөөцийг бодлогоор дэмжих зорилгоор төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, ирэх оны бодлого хөтөлбөрт тусгахаар төлөвлөж ажиллаж байна.
Холбоотой мэдээ