Evergrande группийн өрийг өөрийн хөрөнгөөр барагдуулахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Evergrande группийн өрийг өөрийн хөрөнгөөр барагдуулахыг шаарджээ

Evergrande группийн өрийг өөрийн хөрөнгөөр барагдуулахыг шаарджээ

Хятадын эрх баригчид “Evergrande”-ийг үүсгэн байгуулагч тэрбумтан Хуй Ка Яныг өөрийн хөрөнгөөр группийн өрийг барагдуулахыг шаардсан талаар “Bloomberg” мэдээлэв. Мандарин хятад хэлээр Сю Жиаин гэгддэг тэрбээр “Evergrande” группийн захирал төдийгүй хамгийн том хувьцаа эзэмшигч билээ.

“Evergrande” нь 1996 онд байгуулагдсан, Хятадын Гуандун мужийн Шэнжэнь хотод төвтэй, борлуулалтаараа Хятадад хоёрдугаарт ордог, үл хөдлөх хөрөнгө зуучлалын групп. 2021 онд тус группийн өрийн хэмжээ хэдэн зуун тэрбум ам.долларт хүрч, есдүгээр сарын 20-нд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд унасан юм.

“Bloomberg”-ийн нэмж мэдээлснээр, үл хөдлөх хөрөнгийн магнат 84 сая ам.долларын купон төлөх эцсийн хугацаа (09.23)-г хэтрүүлсэн тул эрх баригчид уг шийдвэрийг гаргасан гэжээ. Гэвч “Evergrande” компани төлбөрийн хугацааг сунгасан 30 хоногийн дотор дээрх купоныг төлж дуусгасан байна.

Үүнээс гадна Хуйгийн хөрөнгө тус группын өрийг төлж барагдуулахад хүрэлцэхгүй байх магадлалтай аж. “Bloomberg” тэрбумтнуудын хөрөнгө орлогын мэдээлэлд үндэслэн Хуйгийн хөрөнгө 7.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгааг тогтоожээ. Харин “Evergrande”-ийн өрийн хэмжээ зургадугаар сарын байдлаар 300 тэрбум ам.долларт хүрсэн юм.

Цаашлаад Хуйгийн нууц хөрөнгийн хэмжээ засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлэхэд хангалттай хүрэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Түүний хөрөнгө “Evergrande” дахь хувьцаа болон ногдол ашгаас бүрддэг болохыг “Bloomberg” тодотгожээ. Хуйгийн 45 сая ам.долларын зээлийн хүүг төлөх ээлжит хугацаа Баасан гаригт болох аж.

Хятадын захиргаа “Evergrande”-ийн банкны дансыг нарийн хянаж, тус компанийн хөрөнгө төлбөр, орон сууцны төслүүдийн алинд зарцуулагдаж байгааг хатуу хянаж байгаа аж. Хөрөнгө оруулагчид “Evergrande”-ийн өрийн асуудал дэлхийн зах зээлд нөлөөлж байгаа энэ үед дэлхийн эдийн засагт ч дам байдлаар нөлөөлөхийг анхааруулж буй.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж