Богдын боовоос аваргын бонд

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Богдын боовоос аваргын бонд

Богдын боовоос аваргын бонд

Богдын боов

Сохор, долир, согтуу, самуун гэж үзэл суртлаар нүдсэн коммунистууд ард иргэддээ үзүүлж буй халамжийн түгээлтийг нь шүүмжлэн “Богдоо боов” гэж нэрлэсэн агаад шууд утгаар нь дүрсжүүлэн кинонд олонтаа мөнхөлжээ. Ингэхдээ “Богд оо, боов хайрла” гэх дуу ч зохиогоод амжсан байх юм. Үнэндээ хэрэгтэй энэхүү “боов” нь боорцог төдийхөн зүйл байсангүй. Жас буюу өнөөгийнхөөр нөөц сангаасаа хар, шарынханд хэргэм зэрэг, албан тушаал,  эд хөрөнгө тасдан өгөх бол хүрээний ардуудад хүнс, хувцас хэрэглэл, эд материал өгдөг байсан тухай бид биш Монголоор аялсан, ирсэн жуулчид тэмдэглэнэ үлдээжээ. Энэ бүхэн өнөөгийнхтэй тодорхой давтамж, тогтмол өдөртэй ч байж.

“Богдын боов” өнөөдөр гурил, будаа, хүнсний элдэв бүтээгдэхүүн болж өөрчлөгдсөн бөгөөд үүнийг нийслэлийн хороодын нийгмийн ажилтнууд түгээх авай.

…100 жилийн өмнөх хүрээний талаар Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романы эхэнд дүрсэлдэгчлэн хогийн цэг бараадсан хүн сүрэг, золбин нохой, үгээгүй ядуучууд, өмхий хамхай байсаар байгаа төдийгүй нүхэн жорлонтой навсгар амбаартай иргэд байсаар байхуй. Үүн дээр агаар, хөрсний бохирдол, авто замын түгжрэл, гэрэл цахилгааны асуудлаас эхлээд хуучирч муудсан шугам сүлжээ, ядуурал, тохижилт гээд үстэй толгойноос илүү үй түмэн асуудал хотынх билээ. Алхах тоолонд асуудалтай тулгарч, ааш зан нь догширсон нийслэлчүүдийн ая дан хэрхэн өөрчлөгдөх нь хувь хүнээс илүүтэй удирдаж буй хүмүүсийн шийдэл, шийдвэрээс илүү хамааралтай аж.

Улаанбаатарын хамгийн том асуудал нь түгжрэл, хөрсний бохиодол, орцгүй гарцгүй болтлоо шамбааралдсан барилга байгууламж болжээ. Энэ асуудлыг шийдэх нэг гарц нь төвлөрлийг саармагжуулах, дэд бүтэц, ложистикийг хөгжүүлж, орон сууцжуулах хаяагаа тэлэх бөгөөд түүнд зарцуулах хөрөнгийг босгох гарц нь “нийслэлийн бонд” гэж хотын дарга Д.Сумъяабазар үзжээ.

Нийслэлийн их наядын бондыг юунд зарцуулах вэ?

Д.Сумъяабазар хотоос сонгогдсон гишүүдийг лоббидон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж чадсан. Энэхүү хуулиар бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн хотын татварын орлогын багагүй хувь нь нийслэлдээ үлддэг болсон. Үүний хүрээнд 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлд зарцуулахаар үлдээх жишээтэй.

Товчхондоо хот хотын удирдлага урьд өмнө нь байгаагүйгээр эрх мэдэл, төсөв, хөрөнгөтэй болсон төдийгүй асуудлаа бие даан шийдвэрлэх хууль эрх зүйн, эдийн засгийн чадамжтай болсон гэсэн үг. Тэгвэл хот бондоороо 1 их наяд 60 тэрбум төгрөг босгохоор төлөвлөөд буй аж.

Босгосон бондоосоо дээр дурдсан хотын асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд буцааж авах нөхцөлтэйгөөр”хишиг”өгөх аж.

Өөрөөр хэлбэл, “Залуус-1”, “Залуус-2” хорооллыг барих ажлыг хэрэгжүүлэх, ипотекийн зээлд, дэд бүтэц, ложистикийн төвийг байгуулан хөгжүүлэх төслүүдэд зарцуулж, түгжрэлийг саармагжуулах төсөлд зарцуулна гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлж байна. “Эргэн төлөгдөх чадамжтай төслүүдэд бонд гарахад айх юм байхгүй” гэж тэрээр хэллээ.

Монголчуудын бонд

Ардчилсан нам засаглаж, Н.Алтанхуяг тэргүүлж байх үед монголчууд анхныхаа бондыг их хаанаараа нэрлэн гаргажээ. Энэхүү бондын ачаар Монголын аймаг бүрийн төвийг нийслэлтэй авто замаар холбох ажил эхэлсэн бөгөөд тухайн бондоос “МАК”, “MCS”-ээс эхлээд томоохон аж ахуйн нэгжүүд зээл авсан байдаг. Харин сөрөг хүчин бондыг эсэргүүцэж байсан төдийгүй монголчуудыг өрөнд оруулж буй талаар “шоудаж” байв. Н.Алтанхуяг ч ам алдахдаа “хожим үр хүүхэд маань төлчих биз дээ” гэсэн нь даарин дээр давс нэмсэн билээ. Монголчуудыг улсаар нь өрөнд оруулсан ялыг МАН нэхэж, Монгол Улсын нэг иргэнд 15 сая төгрөгийн өр ноогдож буй талаар ухуулан сонгуульд ялмагцаа дахин бонд гаргаж бүр ч их өрөнд оруулжээ. “Бонд бол өр юм” гэсэн хэрнээ ялмагцаа “Бонд бол хамгийн ашигтай мөнгө босгох гарц” гэж суурин дээрээ эргэсэн МАН-ын засаг өнөөдөр бонд, хандивлагчдын хандив, гадны улс орны хөнгөлөлттэй зээлээр амь зогоож байна. Монголчууд “Чингис”, “Мазаалай”, “Самурай”, “Гэрэгэ”, “Хуралдай”, “Дим сам”, хамгийн сүүлд “Номад” гэхчилэн бондыг гаргажээ. Үүнээс хамгийн бага хүүтэй нь “Чингис бонд”билээ.

“Монгол Улс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэсэн дөрвөн бондын хүүнд жилд 203 сая ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлөхөөр болж байна.” гэж Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа бахархалтайгаар хэлж байсан билээ.

  • -2012 онд гарсан нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын жилийн 5.125 хувийн хүүтэй
  • – 2015 онд гаргасан нэг тэрбум юанийн “Дим сам” бонд 7.5 хувийн хүүтэй
  • -2016 онд гаргасан 500 сая ам.долларын “Малаалай” бонд 10.875 хувийн хүүтэй
  • -2017 онд гаргасан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд 5.625 хувийн хүүтэй
  • -2017 онд гаргасан 600 сая ам.долларын “Хуралдай” бонд 8.75 хувийн хүүтэй.

 

Монголчууд ирэх онд төлөх бондын өр

Аваргын бондыг хэн хүртэх вэ?

Хуулийн шинэчлэлээр ААНОАТ-ын 40 хувь тухайн орон нутагт үлдэхээр зааж өгсөн юм. Ингэснээр 800-900 тэрбум төгрөг нийслэлийн төсөв дээр үлдэнэ гэсэн үг. Тэрхүү орж ирэх мөнгөнөөс 620 тэрбумыг нь газар чөлөөлтөд тавина гэдгээ хотын дарга хэлжээ.

Харин шинээр босгох бондыг ложистик, барилгын салбарынхан хүртэх нь ойлгомжтой болов. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг МАН-ынхан хэрхэн хуваан хүртсэн баримт дэлгэгдээд хоёр жил болоогүй ч хэн ч түүнд хариуцлага хүлээгээгүй. Иргэдийнхээ бизнесийн боломж, ажлыг байрыг нэмэгдүүлж, амьжиргааг тэтгэх байсан мөнгийг эрх баригчид эрх мэдлээ ашиглан авч, иргэдэд өндөр хүүгээр хүүлж ашиг олсноос харвал хотын бондын мөнгө ч өнөөгийн улстөрчдийн голдуу бизнес болсон барилгын компаниудад олгогдох нь тодорхой болов. Ахмад дайчдад байр өгөх гээд байсан цаад шалтгаан нь тэдний үр хойчийг халамжлах, эх оронч үзлийг төрүүлэхээс илүүтэй нэгэн улстөрчийн борлогдохгүй байгаа хотхоныг борлуулах явдал байсныг бид хожим ч гэсэн мэдсэн. Түүндээ амташсан улстөрчид нийлж “Суруга Монгол”-ын япон өвгөнийг хар тамхины эргээр барьж хориод газрыг нь дээрэмдэн өөрсдөө хороолол барин монголчуудын өвөг дээдсээр нэрлэн ашиг олсон билээ.

Ингээд харвал бонд гаргах нь нийслэлчүүдийн асуудлаас илүү тодорхой аж ахуйн нэгжийн асуудлыг шийдэх бололтой.

Бонд нийслэлчүүдэд хэрэгтэй юу?

Ад үзэгдсэн АН-ын засгийн газарт дэд бүтцээ сайжруулах мөнгө босгох ганц гарц нь бонд байв. Тухайн үед нүүрс, зэсийн үнэ унасан бөгөөд түүнээсээ мөнгө босгох нь байтугай алдагдалд орох эрсдэлтэй байв. Тиймээс ч бонд гаргасан нь оносон билээ. Бондын гайг АН үүрсэн бол гавъяаг нь МАН өмчилсөн билээ.

Гэтэл нийслэлд бонд гаргах шаардлага өнөөдөр алга. Хангалттай төсөвтэй байх, орлогоо өөртөө үлдээх эрх зүйн орчин нь бүрдчихжээ. Монголбанкид хамгийн их байгаа зүйл нь бэлэн мөнгө гээд он гарснаас хойш онгирч байгаа. Нүүрс, зэсийн үнэ оргил циклдээ хүрсэн төдийгүй ойрын ирээдүйд энэ чадамжаа хадгална гэж эдийн засагчид амлаж буй. Ийм байтал заавал нийслэлчүүдийн нэр дээр бонд босгож, ирээдүйг өрөнд оруулж, хэсэгхэн компаниудыг дэмжих хэрэг алга. Адаглаад ариун цэврийн цаас, авто замын хашлага, хайшаа Хятадаас зөөх шаардлагагүй болгох үйлдвэрлэл, хотын хөрс, хүнсний аюулгүй байдлыг хадгалах эсвэл дулаан, цахилгааны эх үүсвэрийг бий болгох станцад зарцуулах байсан бол 1,5 саяулаа дэмжмээр санж.

Гэтэл хотын проблемыг шийдэх нэрийдлээр улам л хүнд байдалд оруулах зүйлийг санаачилсан гэлтэй.

Улаанбаатарын стресстэй иргэд агаарын бохирдолдоо бачуурч, авто зам дээр түгжрээд хотын даргаа хэрхэхийг анхааралтай ажиглаж суугаа. Гэхдээ үүний төлөө өрөнд ормооргүй байна.

Улаанбаатарт барихаас илүүтэй нураах нь хөгжил болсон билээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж