Аравдугаар сарын 24-ний Ням гаригийн 18:30 цагт Дарханы замд хүн дайрсан осол гарсан тухай дуудлага мэдээлэл иржээ. Алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж, шалгахад “Улаанбаатар-Дархан чиглэлийн 52-ын даваа”-ны замд жолооч Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Дарханы зам засварын ажил дээр ажиллаж байсан гурван хүнийг мөргөж, амь насыг нь хохироожээ. Энэ талаар зарим мэдээллийн хэрэгсэлд зам засварын автомашин тухайн хүмүүсийг дайрсан мэтээр бичсэн нь ташаа мэдээлэл болохыг албаныхан мэдээлэв.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Тухайн хэргийн мөрдөн шалгах ажил явагдаж байна. Уг осол зам засварт ажиллаж байсан хүмүүсийн ажил тарах үед гарсан. Одоогоор гэм буруутай эсэхийг тогтоохоор шалгалтын ажил хийгдэж байна" гэсэн юм.
Зам тээврийн яамнаас Дарханы замд гарсан засварын ажилчид машинд дайруулсан талаар асуухад “Зам засварын ажил үргэлжилж байна. Хэрэв тухайн зам засварын явцад осол гарсан бол бид мэдээллийг шуурхай авдаг. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж байна. Согтуу жолооч тээврийн хэрэгслээр гурван хүн дайрсан. Гэхдээ энэ нь Дарханы зам засварын машин биш” гэлээ.
Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь насыг хохироосон этгээдэд одоогоор хэдэн жилийн ял оноох нь тодорхойгүй байна. Ямартай ч осол гарах үед тус автомашинд дөрвөн хүн сууж явсан бөгөөд тус бүрдээ хөнгөн гэмтжээ. Харин дайруулсан хүмүүс түргэн тусламж авч чадаагүй байна.
Холбоотой мэдээ