Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, хот байгуулалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн явц, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, гарц шийдлийг тодорхойлох, цаашид ажлын явцыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Тус уулзалтад “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, “Монголын Ипотекийн корпораци” ХХК, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн төсөл” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төслийн төсөл” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн төсөл хэрэгжүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтыг нээж “Ковид-19 цар тахалд барилгын салбар хамгийн их өртсөн. Энэ цаг үед та бүхэнтэй ярилцаж, тулгарч буй асуудлыг сонсох нь нэн чухал. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хороог анх удаа байгуулсан. Хувийн хэвшлийн байгууллагууд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд оролцох, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлыг шийдэх үүднээс цахим системд шилжих, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг багасгах, авилга хээл хахуульгүй болгох механизмтай болохоор ажиллаж байна” гэв.
Түүнчлэн нэг жилийн хугацаанд эрх зүйн реформ хийж чадсан. Нэгжийн хууль, Нийслэлийн эрх зүйн тухай хууль болон бусад хуульд шаардлагатай гэсэн зүйл заалтуудыг тусгаж чадлаа. Цаашид хөгжлийн түр хороодоор дамжуулан бодлого боловсруулах талд санаачлагатай ажиллана гэдгээ онцоллоо.
Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл санал сэтгэгдлээ илэрхийлэв.
“Бат Хэрэйд” ХХК-ийн захирал Д.Байгальмаа:
-НИТХ-аар ирэх жилийн төсвийн төлөвлөгөө хэлэлцэж байгаа цаг үед бидэнтэй уулзаж санал солилцсон нь сайшаалтай. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол барилгын салбар дотроо хамгийн хүнд нь. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн асуудлыг Засаг дарга анхааралдаа авч явдаг нь сайн хэрэг. Цаашид энэ уулзалтыг жишиг болгон зохион байгуулж, бидний дуу хоолой нийслэлийн төр захиргааныханд, Засаг даргад хүрэх болсонд баяртай байна гэлээ.
"Баганат-Өргөө" ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан:
-Бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байгаа компаниудад тулгамдсан асуудлууд маш их байдаг. Үүний гарц шийдлийг гаргахын тулд хэлэлцүүлэг хийлээ. Би Төлөөлөн удирдах хороо байгуулах тухай хотын даргад санал орууллаа. Төлөөлөн удирдах хороо байгуулснаар компаниудын тулгамдаж буй асуудлыг шийдэх боломж бололцоо бүрдэнэ гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ