ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ болон НАТО-гийн цэргийн хүчнийг өөрсдийн нутагт оруулахгүй байхыг Афганистаны хөрш орнуудад уриалав. Тэрбээр Афганистаны асуудлаар Тегеран хотноо зохиогдож буй бага хуралд цахим хэлбэрээр оролцох үедээ энэхүү уриалгыг гаргасан байна. Тус хуралд Хятад, Иран, Пакистан, Тажикстан, Туркмен, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид оролцжээ.
Үүнээс гадна Лавров алан хядагчид Афганистаны хөрш орнууд руу дүрвэгсдийн дүрээр орж ирэх магадлал өндөр байгаа тул цагаачлалын урсгалыг таслан зогсоох, хянах асуудлыг анхаарч үзэхийг уриалсан байна. Өөрөөр хэлбэл, Афганистанаас цэргээ татсан АНУ, НАТО-гийн цэргийн эвсэл Афганистаны хөрш орнуудыг сонирхож, зэвсэгт бүлэглэлүүд тэдгээр орныг зорих болно гэж анхааруулжээ.
Москва хуучин ЗХУ-ын бүс нутгийг өөрийн өмнөд хамгаалалтын жигүүр гэж үздэг. Тиймээс Исламын дайчид Афганистанаас Төв Азид нэвтэрч, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүс нутагт Барууны орнууд байр сууриа бэхжүүлэх нь Кремлийн хувьд “үстэй толгой өрвийлгөсөн” хэрэг юм. Орос Афганистантай урт замаар хиллэдэг Тажикистаны нутаг дэвсгэрт хамгийн том цэргийн баазаа ажиллуулж байгаа бөгөөд талибанчууд засгийн эрхийг авснаас хойш тус баазын цэргийн техник хангамжийг өргөжүүлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ