News.mn мэдээллийн сайтад редакцийн уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

News.mn мэдээллийн сайтад редакцийн уулзалт хийлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакцийн уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулж буй. Энэ хүрээнд аравдугаар сарын 20-ны өдөр цахим сэтгүүл зүйн анхдагчдын нэг болсон News.mn сайтын редакцид зочилж, хэвлэл мэдээллийн эрх зүй, сэтгүүлчийн ёс зүй сэдвээр уулзалт хийлээ. Уулзалтад тус байгууллагын 15 орчим сэтгүүлч, редакторууд оролцож, санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин болон өөрийн зохицуулалтын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийг бэхжүүлэхэд үр өгөөж бүхий өөрийн зохицуулалтын тогтолцоо хөгжих нь чухал” гэлээ.

Түүнчлэн өөрийн зохицуулалт нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакциад мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн өмнө хариуцлагатай байлгахын төлөө ажилладаг болохыг онцоллоо.

Мөн News.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор Ш.Оюунчимэг “Сэтгүүл зүй сошиал медиагаас ялгарах нэг онцлог бол мэргэжлийн ёс зүйн зарчмаа баримталж ажиллах юм. Мэргэжлийн редакци, мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажиллах нь сэтгүүлчийн болон редакцийн үндсэн зарчим. Тиймээс хүний эрхийг дээдэлсэн, ардчиллын суурь зарчимд тулгуурласан, нийтийн эрх ашгийг хөндсөн мэдээ, мэдээллийг News-чүүд бид бэлтгэн хүргэсээр ирсэн. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олноор түрэн гарч ирж, сошиал хөгжсөн энэ цаг үед иргэд мэдээллийг сонсох, унших, харах гээд бүх төрлөөр хүлээн авч байгаа боловч үнэн бодит, баталгаатайг нь сонгож мэдээлэл авах нь чухал байна.

Манай редакцийн хамт олон үнэн бодит, баталгаатай, асуудал дэвшүүлсэн, иргэд, нийтийн эрх ашгийн төлөө асуудал хөндсөн мэргэжлийн экспертүүдийн байр суурийг хүргэх, хүний эрхийг дээдэлсэн, ардчиллын суурь зарчимд тулгуурласан мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй мэргэжлийн ёс зүйн зарчмаа цаашид ч баримтлан ажиллах талаар хамтран ажиллах санамж бичигт нэгдлээ. Бид цаашид ёс зүйн зарчим, мэргэжлийн редакцийн бодлогоо тодорхойлж ажилласаар байх болно” гэв.

Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог “Сэтгүүлчийн ёс зүй” сэдвээр хичээл заасан бол төслийн зохицуулагч А.Амартүвшин байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Дараагийн редакцийн уулзалт, сургалт Стар ТВ-ээр үргэлжлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж