Гүнжийн хайрыг булаасан "Далайн ханхүү"

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Гүнжийн хайрыг булаасан "Далайн ханхүү"

Гүнжийн хайрыг булаасан "Далайн ханхүү"

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Японы гүнж Макогийн дурлалт залуу Кэй Комүрог онцолж байна. Жирийн гэр бүлээс гаралтай, хуульч мэргэжилтэй тэрбээр Макогийн зүрх сэтгэлийг өөртөө татаж чаджээ. Хайрандаа үнэнч үлдсэн гүнж ч өөрийн хэргэм зэргээсээ татгалзаж, хуримаа хийн, энгийн иргэн боллоо.


Ганц бие ээжийн хуульч хүү

Энэ жил 30 нас хүрсэн Комүро олон улсын сургалтын хөтөлбөртэй бага, дунд, ахлах сургуульд сурчээ. Түүнийг бага ангид байхад аав нь таалал төгсч, ээж нь хүүгээ боловсролтой, сайн хүн болгохын тулд чадах бүхнээ хийсэн байна. Токио дахь олон улсын Христийн их сургуульд сурч байсан тэрбээр 2010 онд Канагава мужийн Фүжисава хотын эрэг орчмын аялал жуулчлалын кампанит ажлыг нэг жилийн турш удирдах “Далайн ханхүү”-гээр сонгогджээ.

Комүро Японд өнгөрүүлсэн оюутан насандаа анх гүнж Макотой учирсан аж. Гүнжийн хувьд гэр бүлийнхээ уламжлалын дагуу Гакүшүин элит их сургуульд суралцахаас татгалзаж, олон улсын Христийн сургуульд элсчээ. Тэрбээр 2014 онд урлаг, соёл судлаач мэргэжлээр их сургуулиа төгссөн байна. Энэ хугацаандаа гүнж Эдинбургийн их сургуульд нэг жил сураад амжсан. Хожим нь тэрбээр урлагийн музей, галерей судлалаар магистрын зэргээ хамгаалав.

Комүрогийн хувьд аялал жуулчлалын чиглэлээ орхиж, хууль руу “урважээ”. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард Нью-Йоркийн Фордхем их сургуулийн хуулийн салбар сургуульд докторын зэргээ хамгаалж, долдугаар сард Нью-Йорк мужийн хуульчийн шалгалт өгсөн байна. Шалгалтын хариу арванхоёрдугаар сарын дундуур гарах аж.

Нью-Йоркийн хуульчдын холбооноос мэдээлснээр, Комүро тус холбооноос жил бүр зохион байгуулдаг оюутнуудын эссе бичлэгийн уралдаанд 2020 онд түрүүлж байжээ.

Комүро Токиод байхдаа хуулийн фирм болон банкинд үнэт цаасны брокерийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай аж. Мөн оюутан насандаа франц ресторанд болон сургалтын төвд цагийн ажил хийдэг байжээ.

Гүнжтэй учирсан нь

Хосууд анх 2012 онд олон улсын Христийн их сургуульд байхдаа гадаадад суралцах хөтөлбөрийн уулзалтын үеэр танилцсан аж. Мако хайрт залуугийнхаа талаар ярихдаа “Эхлээд түүний нар шиг гэрэлтсэн инээмсэглэл намайг татсан” гэжээ. Тэд 2017 онд сүй тавьсан тухайгаа зарлаж, Комүро ч бид хоёр бие биедээ заяагдсан гэж ярьж байв. Гэвч Комүрогийн ээжтэй холбоотой шуугиан дэгдэж, хосууд нэг хэсэгтээ хэвлэл мэдээллийн гол бай болсон. Үүний улмаас гүнжийн сэтгэл санаа тогтворгүй болж, "гэмтлийн дараах стрессийн эмгэг"-ээр оношлогдож байжээ.

Ээжийн скандал

Комүрогийн ээж хүүгээ мэдлэг боловсролтой, сайн хүн болгохын тулд бүхнийг хийжээ. 2017 онд Комүро хэвлэлийн гол бай болж, хааны гэр бүлийн хүнтэй гэрлэх тухай яриа гарсны дараа Комүрогийн ээжтэй нь дэр нэгтгэж байсан залуу гэнэт гарч ирэн, ээж хүү хоёр надад 4 сая иений өртэй гэж мэдэгдэв. Энэ мэдээ тэр дороо газар авч, Комүрогийн ээж ч энэ мөнгийг хүүгийнхээ боловсролд зарцуулсан гэдгээ хэлжээ.

Макогийн аав ханхүү Акишино ч энэ мөнгө зээл, эсвэл бэлэг байсан эсэхийг тодруулахыг Комүрогоос хүсчээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Комүро 28 хуудас бүхий мэдэгдэл гаргаж, өрөө төлнө гэж хэлсэн аж. Гэвч “The ​​Asahi Shimbun” сонин энэ сарын эхээр мөнгөө нэхсэн эртэй холбогдож, энэ талаар лавлахад өрөө өгөөгүй гэжээ.

Саяхан Комүротой холбоотой бас нэгэн таагүй мэдээ гарсан. Тодруулбал, тэрбээр Японд ирэхдээ энгийн хувцаслаж, урт үсээ морины сүүл шиг боосон нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, Эзэн хааны гэр бүлд хүндэтгэлгүй хандлаа гэх шүүмжлэл дагуулав.

Хайр бүхнээс хүчтэй

Комүро зорьсон бол эцсийг нь үздэг гэдгээ харуулж, гэрлэх санал тавьсан гурав дахь жилийн ойн дээрээ гүнжтэй гэрлэв. Гүнж Мако ч хайрынхаа төлөө олон зүйлсийг золиосолсон. Тухайлбал, тэрбээр өөрийн хэргэм зэргээсээ татгалзаж, амьдралаа шинээр эхлүүлэх 1.23 сая ам.долларын дэмжлэгийг аваагүй. Мөн нөхрийнхөө овгийг авч, анх удаагаа овогтой болжээ.

Хааны гэр бүлийн гишүүн жирийн иргэн болох үед Засгийн газраас санхүүгийн дэмжлэг өгдөг.

Саяхан болсон хэвлэлийн бага хурлын үеэр Мако “Кэй бол миний хувьд үнэлж баршгүй хүн. Зүрх сэтгэлээ нандигнаж амьдрахын тулд энэ гэрлэлт бидний хувьд зайлшгүй сонголт байсан" гэсэн бол Кэй “Би Макод хайртай. Би ганц олдох амьдралаа хайртай хүнтэйгээ өнгөрүүлмээр байна. Маког дэмжихийн тулд би чадах бүхнээ хийх болно. Аз жаргалтай, гунигтай үеүдийг хамтдаа туулж, бие биедээ хэрэгтэй хүмүүс байна” гэжээ.

Гүнж Мако өөрийн хэргэм зэргээсээ татгалзаж, жирийн залуутай гэрлэсэн Японы Эзэн хааны гэр бүлийн гурав дахь эмэгтэй болжээ. Түүнээс өмнө 2005 онд гүнж Нори, 1960 онд гүнж Сүга нар энэхүү шийдвэрийг гаргаж байв.

Комүро, Мако нарыг эхнэр, нөхөр болсныг аравдугаар сарын 26-ны өдөр хааны ордноос мэдэгдсэн. Хосууд уламжлалт сүй тавих ёслол “Носаи но Ги”, Эзэн хаан, хатантай уулзаж, талархал илэрхийлэх “Чокэн но Ги” гэх зан үйлүүдийг хийлгүй, даруухан гэрлэлтээ батлуулсан байна. Тэд Нью-Йорк руу нүүх бөгөөд Макогийн хувьд анх удаагаа гадаад паспорт авах болсон тул ирэх сард Америкийг зорих ажээ.

Ийнхүү Эзэн хааны гэр бүлд 12 эмэгтэй, таван эрэгтэй үлдлээ.

Японы ард иргэд ч гүнжийнхээ хуримыг эсэргүүцэж жагссан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж