Ерөнхий боловсролын сургуульд нэг хүүхдийн үдийн хоолны санхүүжилтийг 1500 төгрөг байхаар тусгасан. Гэвч бодит байдал дээр хүүхдэд өгч буй үдийн хоол чанар болоод шим тэжээлийн хувьд хангалттай биш байгааг NEWS.MN сайт “Үдийн хоолны үнэн төрх”, “Атар талхны мөнгөөр төр хүүхдүүдээ хооллож байна” зэрэг цуврал сурвалжлагаар бэлтгэн хүргэсэн билээ. Үүний дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс гомдол, мэдээлэл очиж, шалгалтын ажлыг эхлүүлээд буй.
Хэрэв та сурагчдын үдийн хоолны чанар, порц зэрэгт анхаарах асуудал бий гэж үзэж байвал ШӨХТГ-ын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах утсанд хандаж, мэдээлэл өгөх боломжтой юм. Төрөөс олгож байгаа тодорхой хэмжээний татварын мөнгөөр улсын ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхдэд үдийн хоолыг тусгайлан төсөвлөсөн ч санхүүжилтээс хамаарсан, чанаргүй зэрэг олон зөрчил гарч байгааг эцэг эхчүүд цахим хуудастаа бичсээр байна. Харин тусгайлан шалгах байгууллагаас энэхүү хяналтыг тавих болсон нь нэг талаар давуу тал юм. Хэрэв танд баримт байгаа бол тухайн сургуулийн үдийн хоолыг шалгах нь зөв болохыг иргэд дэмжиж байгаа аж.
Сургуулийн хоол үйлдвэрлэгчид "Үдийн хоолны нэг хүүхдийн санхүүжилт 1500 төгрөг болсон ч бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд, ийм мөнгөөр порц ихтэй хоол өгөх хүндрэлтэй байна. Үдийн хоолонд заавал гурван төрлийн хоол өгөхийг шаарддаг. Бид хувийн сургуулийнхан шиг хоол өгөх боломжгүй. Эрх баригчид хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Бодит амьдрал дээр нэг хүүхдийн багц хоол 1500 төгрөг болохгүй. Өнөөдөр гадуур мантуун бууз, хуушуурын ширхэгийн үнэ 1500 төгрөг болж, тавагтай хоол 8000 болсон шүү дээ" гэсэн тайлбар, мэдээлэл өгсөн. Тиймээс бодит нөхцөл байдал төсөөлснөөс өөр байгааг ерөнхий боловсролын сургуулийн хоол бэлтгэгчид төдийгүй эцэг, эхчүүд, сурагчид хэлж байгаа юм.