Орон сууцны өндөр барилгууд дунд хаалга, цонх нь хагарч онгойсон хуучны барилгын балгас бий. Хэн нэгнээс аврал эрэх мэт энэ түүхэн дурсгалт барилга бол “Гоожингийн өндөр”. Тус барилгыг анх Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан 1914 онд барьсан түүхтэй. Өдгөө зуу гаруй жилийн үүх түүхийг өгүүлэх “Гоожингийн өндөр” одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд байдаг.
Эргэн тойронд нь 5-12 давхар орон сууцууд сүндэрлэж, “Гоожингийн өндөр”-т газар гэх юм үлдсэнгүй. Хүнээр яривал “сэхээнд орж”, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд буй нь энэ. Дэргэдүүр нь өнгөрөх оршин суугчдын зарим нь яагаад “Гоожингийн өндөр” гэж нэрлэдгийг нь ч мэдэхгүй, “Орон гэргүй хүмүүсийн оромж” гэж сонссон гэх хариулт өгч байв. Харин залуусын хувьд “Энэ барилга ямар учиртай барилга вэ. Музей байсан юм уу” гэж асууцгаана.
Энэ мэт 1990-ээд оны үед хувьчлагдаж, хувь хүний гарт очсон түүхэн дурсгалт барилга Улаанбаатар хотод хэд хэд бий. Харамсалтай нь, эхнээсээ устаж үгүй болсоор байна. Тодруулбал, 2019 оны аравдугаар сард 1930-1936 онд Ерөнхий сайд агсан П.Гэндэн амьдарч байсан байшин буюу Хэлмэгдэгсдийн музейн хоёр давхар модон барилгыг зөвшөөрөлгүйгээр нураасан бол Улаанбаатар хотын анхны европ хийцийн хоёр давхар барилга гэгддэг, 1863-1865 онд Оросын консулд зориулан барьсан барилгыг мөн л зөвшөөрөлгүй буулгаж, устгасан.
Мөн Цагаан хааны аптек буюу анхны Европ эмийн сангийн барилга хувийн хэвшлийн эзэмшил болж, зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй хашаа татан засварлаж буй. Одоо “Гоожингийн өндөр”-ийг нураах асуудал сөхөгдөж эхэллээ. Эдгээр нь соёлын өвд бүртгэлтэй, нийслэлийн хамгаалалтад авсан түүхэн барилгууд. Гэтэл өнөөдөр хувь хүний өмч нэрээр соёлын өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт барилгыг зөвшөөрөлгүй дур мэдэн нураасных нь төлөө хэнд ч хариуцлага тооцож, арга хэмжээ аваагүй. Яагаад хэний зөвшөөрлөөр түүхт дурсгалын газрууд хувь хүний өмчид очсоныг хэн ч мэдэхгүй, сураглахгүй. Өөрөөр хэлбэл, газарт нь шунасан нөхөд байшинг нь балгас болж нураахыг хүлээсээр. Уг нь түүхт дурсгалын өв мөн бол төр өмчөө авах эрх бий.
Төр засаг хүсвэл бүтээж, бас нурааж чаддаг гэдгийг "Андлалын өргөө"-ний бүтээн байгуулалт харуулсан. Шинээр байгуулсан Соёлын яамны нэн тэргүүнд анхаарах шаардлагатай ажлын жагсаалтад аврал эрсэн эдгээр түүхэн барилга багтах ёстой.
XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН ДОРНОД СИБИРИЙН УЛАМЖЛАЛТ ЗАГВАР ХОСОЛСОН ӨВӨРМӨЦ ХИЙЦТЭЙ
Түүхэн энэ барилгад анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байснаас гадна XVIII Богд Жавзандамба 50 гаруй хоног хоригдсон, анхны цэргийн сургууль байгуулсан, Д.Сүхбаатар жанжны үсэг өрөгч амьдарч байсан гэдэг. Сангийн яамны Гадаад хүүгийн хэлтсийн байр, нэг хэсэг Санхүүгийн техникумын хичээлийн байр, дараагаар нь ажилчдын байр болсон гээд XX зууны эхэн үеийн Монголын цэрэг, санхүүгийн холбогдолтой байраар ашиглаж иржээ.
Сүүлд “Гоожингийн өндөр”-ийг Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн ажилчдын байраар ашиглаж байв. Дараагаар нь ажилчид нь тухайн барилгыг хувьчилж авсан бөгөөд сүүлд Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэний өмч болжээ. Өөрөөр хэлбэл, 2010 оноос хойш “Гоожингийн өндөр”-т огт хүн амьдраагүй гэсэн үг. Зарим иргэд эзэнгүй барилгыг улам эвдэн сүйтгэж, 2015 онд хоёр давхарт нь гал гарч, барилгын зарим хэсэг нь шатсан.
Барилгынхаа хувьд XX зууны эхэн үеийн Дорнод Сибирийн уламжлалт загвар хосолсон өвөрмөц хийцтэй. Ийм хийцтэй барилга Улаанбаатар хотод тун цөөн үлдсэн. Тийм учраас энэ барилгыг архитектурын хувьд авч үлдэх нэн шаардлагатайг судлаачид хэлж байв.
Түүх соёлын дурсгалт барилгыг хадгалж, хамгаалахын төлөө дуу хоолой болж яваа судлаач бол Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр юм. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 100 гаруй жилийн насжилттай 25 түүхэн дурсгалт барилга бий. Эдгээр хуучин барилгыг сэргээн засварлах бүрэн боломжтой. Гэхдээ сэргээн засварлалт хийх тусгай лаборатори, бүтэц нь одоохондоо алга. Соёлын өвийн үндэсний төв дээр сэргээн засварлалтын нэгж байгуулах талаар ярьж буй.
“ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ ИРГЭН Б.МӨНХ-ЭРДЭНЭ ӨМЧИЛДӨГ
“Гоожингийн өндөр” барилга нь 2008 онд Б.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний өмч болсон. Өмнө нь хоёр, гурван хүний нэр дээр ордер гарсан байсныг сүүлд Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авсан юм билээ. Энэ түүхэн барилгыг нэн даруй сэргээн засварлах шаардлагатай. Соёлын өвийг хадгалж, хамгаалах тухай хууль, дүрэм журам огт хэрэгжихгүй байгаагийн нэг жишээ “Гоожингийн өндөр”. Цаашдаа энэ чиглэлээр бодлогын түвшинд анхаарч, соёлын өвийг тогтмол санхүүжүүлэлтээр сэргээн засварлах боломжийг нээж өгөх ёстой. Олон жил ярьж буй энэ түүхэн барилгыг нийслэл өмчилж авах шаардлагатай. Уг нь 1991 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирлын тушаалд "Нийслэлийн өмчид шилжүүлсүгэй" гэж тусгасан байдаг. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Тэр тогтоол шийдвэрийг мэдээллийн санд оруулах ёстой. Нэгдсэн мэдээллийн санд соёлын өвд бүртгэсэн тухай оруулаагүй ч “Гоожингийн өндөр”-ийг түүхэн дурсгалт барилга биш гэж ойлгож болохгүй” гэв.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Өрнөхөөс мэдээлэл авахад “Манай нэгдсэн мэдээллийн санд “Гоожингийн өндөр” барилгыг түүх соёлын дурсгалт барилгаар бүртгээгүй байна“ гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрладаг “Гоожингийн өндөр” барилга нь 2000 эхээр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн бүртгэлтэй байсан. Өнөөдрийн байдлаар энэ түүхэн барилгатай холбоотой ямар нэгэн гомдол санал иргэдээс ирээгүй байна. “Гоожингийн өндөр” барилга нь одоо нийт 470 метр квадрат хэмжээтэй газартай. Тухайн газрыг өмчилж буй иргэний талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Баянгол дүүргийн иргэн Б.Мөнх-Эрдэний хувьд уг барилгыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах, эсвэл буулгах зөвшөөрөл олгож, шинэ барилга барих нөхцөлийг хангаж өгөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад тавьж байжээ. Гэвч нийслэлээс тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон НИТХ-ын 2007, нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар нийслэлийн соёлын өвд бүртгэсэн учир зөвшөөрөл олгоогүй байна.
“ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СУДАЛЖ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ НЬ ХҮРТЭЛ ХИЙСЭН”
Архитектор Г.НЯМЦОГТ:
-Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах газар нь 1973 оноос байгуулсан түүхтэй. Энэ газар өдийг хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Энэ газарт түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Энэ газраас төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.
Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.
Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Гэвч харамсалтай нь газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.
Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.
Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх соёлын дурсгалт сэргээн засварлалтын газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон.
"ГООЖИНГИЙН ӨНДӨР” ШИГ ТҮҮХ ДУРСГАЛЫН БАРИЛГЫГ ХУВИЙН ӨМЧ ГЭЖ ОРХИГДУУЛАХГҮЙ"
Соёлын яамнаас ирэх 2022 оны улсын төсвийн төсөлд түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Богд хааны ордон музейг сэргээн засварлахад 2.6, Чойжин ламын сүм музейд 1.7, Улсын драмын эрдмийн театрт 1.2, Дуурь бүжгийн эрдмийн театрт 1.9 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс гадна хувь хүний өмчлөлд очсон, авран хамгаалах шаардлагатай түүхэн дурсгалт барилгуудаа сэргээн засварлах нь чухал байна.
Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр ярихдаа “Өнгөрсөн 2014 онд батлагдсан Соёлын өвийн тухай хуулиараа түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах нэгжийг байгуулахаар тусгасан. Тэрнээс хойш Соёлын яам байгуулаагүй явсаар байгаад саяхан салбарын яам байгуулснаас хойш хуулийн хэрэгжилтийн хүрээнд энэ нэгжийг байгуулъя гэж шийдвэрлэсэн. Тиймээс ирэх оны төсөвт Соёлын өвийн үндэсний төвийн нэмэгдүүлж буй орон тоонд таван хүний бүрэлдэхүүнтэй нэгж байгуулахаар ажиллаж байна. Энэ ажил төсөв батлагдсаны дараа л эхлэх байх.
“Гоожингийн өндөр” шиг түүх дурсгалын барилгыг хувийн өмчид байгаа гээд орхигдуулахгүй. Энэ барилга, төр хувийн хэвшлийн өмч байхаас үл хамаарч, Монголын ард түмний оюун санааны өмч. “Гоожингийн өндөр” барилгын асуудал өмнө нь тавигдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үед ч сэргээн засварлахаар ярьж байсан.
1998 онд анх хувьчилж авсан иргэдийн тухайд энэ барилгыг сэргээн засварлахыг дэмждэггүй байсан. Одоо нэг хүний өмч болсон гэж дуулсан. Соёлын яамнаас соёлын өвийн дурсгалуудаа сэргээн засварлах тал дээр бодлого барьж байна. Тийм учраас ирэх оны төсөвт Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейг засварлахаар төсөв өргөн барьсан. Цаашдаа үе шаттайгаар эдгээр түүх соёлын дурсгалт барилгуудаа сэргээн засварлана” гэв.
“ХОРООНЫ ФЭЙСБҮҮК ГРУППТ “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ НУРААХААР ИРГЭДИЙН ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ БАЙНА”
Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэдийн байр суурийг хүргэе.
Иргэн Ц.АЛТАНЦЭЦЭГ:
-Олон жил болж буй энэ хуучин барилгыг засварлаад сэргэх үү? Үнэхээр мэргэжилтнүүд нь сэргээн засварлаж чадвал сайн л байна. Эсвэл энэ газар дээр нь олон нийтэд зориулсан талбай байгуулсан нь дээр. Хуучин барилгын өнгө үзэмж муудаж, балгас болсон байгааг харж биз.
Иргэн А.АЗЖАРГАЛ:
-Би анх энд нүүж ирээд “Гоожингийн өндөр” гэдэг түүхэн барилгыг судалж үзсэн. Тэгсэн чинь энэ барилга Улаанбаатарын анхны өндөр барилга юм билээ. Бас анхны Ерөнхий сайдад зориулж байгуулсан гээд арвин түүхтэй. Улаанбаатар хотод ийм ховор барилга хэр их байдаг билээ гэхээр 10 гаруйхан л байдаг юм билээ. Манай хорооны иргэдийн фэйсбүүк группт энэ түүхэн барилгыг нурааж, газар дээр нь зогсоол, ногоон байгууламж байгуулахаар гарын үсэг цуглуулж байна.
Миний хувьд энэ барилгыг нураах бус, сэргээн засварлахаар иргэдийн гарын үсэг цуглуулах ёстой гэсэн бодолтой байна. Ингэснээр олон хүн түүх соёлтойгоо танилцаж, хөгжүүлэхийг хүснэ. Ер нь ногоон байгууламж, авто зогсоолыг хаана ч байгуулж болно. Харин түүх соёлын дурсгалт барилга байшинг ямар ч зүйл орлохгүй.
Нийслэлд сүүлийн хэдэн жил орон сууц, худалдаа үйлчилгээний барилгууд олноор барьж, түүхэн дурсгалт барилга гэх юмгүй үлдлээ. Гэтэл Улаанбаатар хот байгуулагдсаны 382 жилийн ой тэмдэглэх талаар ярьж байдаг. Энэ түүхэн ойг илтгэх зүйл нь түүх соёлын дурсгалт барилга байгууламж шүү дээ.
“Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч Б.НАРАНБААТАР:
-Ер нь оршин суугчдын зүгээс янз бүрийн санал гаргаж байна. “Гоожингийн өндөр” барилгыг нурааж, орон сууц барина гэвэл авто зогсоол ч байхгүй шүү дээ. Тэгснээс сэргээн засварласан нь дээр байх. Бараг газар гэж үлдсэнгүй. Миний хувьд уран бүтээлч хүн учраас түүх соёлын дурсгалт барилга устаж буйг хараад их эмзэглэдэг.
Түүх соёлын дурсгал гэдэг талаасаа дахин давтагдашгүй барилга. Ийм их түүхтэй барилгын өнгө төрхийг нь алдагдуулахгүйгээр сайхан засварлаж, музей байгуулж болно. Энэ барилгын түүхийг сайн мэдэхгүй. Гэхдээ ЗХУ-аас ирсэн худалдааны зөвлөх Козин гэж хүн амьдарч байсан тул “Гоожингийн өндөр” гэж нэрлэсэн юм билээ.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ