“Оюутолгой” төслийн асуудлаар хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд “Rio Tinto”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр хоногийн өмнө уулзсан. Талууд өнөөдөр (2021.10.28) Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ удаагийн яриа хэлэлцээний хүрээнд тус гэрээнд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн нь олны анхаарлыг татаж буй юм.
Өмнө нь, Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Рио Тинто” компани Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тул “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах өөрчлөлт болон хамрах хүрээний асуудлаар хэлэлцэнэ” гэж мэдээлсэн билээ.
Хөрөнгө оруулагч тал “Оюутолгой” төслийн хэлэлцээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох өр төлбөрийн 70 хувийг тэглэх, “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсны үр дагаврыг хариуцаж, гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн нэмэлт орлогыг төсөвт бүрдүүлэх санал тавьж, мөн зардлын хэтрэлтээс менежментийн төлбөр авахгүйгээ илэрхийлсэн.
Засгийн газрын Ажлын хэсгийнхэн хариуд нь дээрх саналуудад сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд "Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол хэлэлцээ цаашид үргэлжлэх боломжгүй" гэж мэдэгдээд буй юм.
Хоёр талын сүүлийн уулзалтын дараа “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд “Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн зарим хэсгийг мэдээж хүлээн зөвшөөрч байна. Бид Засгийн газрын зарим саналыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, компанийн засаглалыг сайжруулах. Бид ч тодорхой санал тавьсан. Энэ нь өмнөх гэрээг муу байсан гэж хүлээн зөвшөөрсөн хэрэг биш” гэж ярьжээ. Мөн тэрбээр Засгийн газраас тавьсан, компанийн засаглалыг сайжруулж, төслийн талаарх мэдээллийг эрх тэгш хуваалцах, менежментийн асуудалд Монголын талын оролцоог нэмэгдүүлэх шаардлагын дагуу ажиллаж буйг мэдэгдсэн байна.
Улаанбаатар хотноо 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компаниуд гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болсон билээ.
Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудаас онцлоход, тус гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд энэхүү хувь хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Мөн Засгийн газар өөрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хувь хүргэж нэмэгдүүлэх сонголт хийх боломжтой гэсэн заалт бий юм.
Хоёр тал ирэх сарын 7-ны дотор Эрчим хүч тогтвортой худалдан авах гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Нэмж өгүүлэхэд, “Оюутолгой” ХХК-ийн татварын маргааны талаар Монгол Улсын Засгийн газраас гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Рио Тинто” болон “Туркойз Хилл ресурс” компаниуд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй. “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг асуудлыг багтаасан.
Сөрөг нэхэмжлэлийг хянан хэлэлцэх, нэхэмжлэгч, хариуцагч талаас тайлбар авах зэрэг ажиллагаа Арбитрын шүүхэд маргаан хянан шийдвэрлэх журам, хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байгаа аж. Сануулахад, Арбитрын шүүх хуралдаан ирэх 2022 оны наймдугаар сарын сүүлийн долоо хоногт товлогдсон билээ.
Холбоотой мэдээ