Э.Одбаярыг хууль зөрчиж, хорьж саатуулсан бол хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

LiveЭ.Одбаярыг хууль зөрчиж, хорьж саатуулсан бол хариуцлага тооцно

 

18 : 25
2021-10-28

"Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүс таг зогссон хэвээр байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Тэрбээр “Алтанбулаг“ чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдэлгүй өнөөг хүрч байгааг дуулгалаа. Учир нь чөлөөт бүс байгуулах асуудал сайдаас, сайд, яамдаас яамд дамжсаар ийм байдалд оржээ.

Чөлөөт бүсийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг" гэсэн томъёолол нь найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдож байна. Агуулгын хувьд Чөлөөт бүсийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Чөлөөт бүсийг хилийн боомтын болон Засгийн газрын санал болгосон бүс нутагт байгуулна.”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ”Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй” гэж заасантай зөрчилдөж байна. Түүнчлэн чөлөөт бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах цагдаагийн чиг үүргийг дотоодын цэрэг гүйцэтгэхээр заасныг Цагдаагийн албаны тухай хуультай нийцүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байна.

Иймд Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтын уялдааг хангах, хуулийн агуулга, найруулга дахь дээр дурдсан зөрчил болон хийдлийг арилгах үүднээс Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах шаардлагатай байна” гэв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Чөлөөт бүсийг хөгжүүлнэ гэж ярьсаар 20 гаруй жил өнгөрлөө. Алтанбулаг, Цагааннуур таг зогссон хэвээр. Замын-Үүд нь дөнгөж эхлэх төдий л байна. Энэ хууль батлагдсанаар чөлөөт бүсүүд үүдээ нээж, үйл ажиллагаа явуулж чадах уу. Эдийн засагт үр өгөөжөө хэрхэн өгөх вэ. Чөлөөт бүсийг эсэргүүцдэг хэсэг бүлэг хүмүүст мэдээлэл өгмөөр байна. Тэд чөлөөт бүс байгуулна гэхээр Хятад, Оростой хилээ нийлүүлнэ. Монгол Улсын тусгаар тогтнол байхгүй болно гэж боддог талтай. Танк орж ирээд, хамаг юм будаа болно гэдэгтэй адилхан нийгэмд айдас байх вий. Иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй бол эхнээсээ буруу мэдээлэл авсан иргэд эсэргүүцэж эхэлдэг. Ингэхээр ажил хариуцаж байгаа албан тушаалтан нь айгаад, ажлаа хийдэггүй. Тиймээс ач холбогдлоо зөв ойлгуулмаар байна.

"Замын-Үүд" чөлөөт бүсийн захирагч А.ЭНХЗУЛ:

-Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Замын-Үүд чөлөөт бүс Эрээн, Замын-Үүдийн хамтын ажиллагааны хэлэлцээр УИХ-аар соёрхон батлагдах юм. Хуульд хил дамнасан чөлөөт бүс гээд нэр томъёоны гажуудал үүссэн учраас эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталж чадахгүй байна. Хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2019 онд хоёр улсын засгийн газар баталсан боловч өнөөдрийг хүртэл УИХ-аар соёрхон батлуулж чадаагүй. 2016 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ээр “Замын-Үүд чөлөөт бүс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6-2.3 хувиар өснө. 2025 он гэхэд 9400, 2030 онд 15 мянга, 2035 онд 18 мянган ажлын байр бий болгоно гэж үзсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 2034 он гэхэд 2.9 тэрбум ам.долларт хүрнэ. Замын-Үүд чөлөөт бүсэд 2500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломжтой” гэсэн.

Замын-Үүд чөлөөт бүс нь Үйлдвэрийн бүс, тээвэр ложистикийн бүс, худалдаа аялал жуулчлалын бүс гэсэн дөрвөн чиглэлээр хөгжинө. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Замын-Үүд чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд орсон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд өдөр бүр 300 зорчигч, 120 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Байнгын үйл ажиллагаатай гурван дэлгүүр ажиллаж байна. Дээрх дэлгүүрийн хоёр сарын борлуулалт тэрбум төгрөгт хүрсэн. 2015 оноос эхлэн уг бүсэд 66 ААН 100 га газарт газар эзэмшиж ирсэн. 66 ААН нийтдээ 323 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Замын-Үүд чөлөөт бүсийн захиргаатай гэрээ байгуулж, төслөө ирүүлээд байна.

"Алтанбулаг" чөлөөт бүсийн ажлын албаны дарга:

-"Алтанбулаг" чөлөөт бүс 2014 оноос эхлэн байнгын үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар улсын төсвөөс 26.5 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлын хөрөнгө оруулалт хийгдсэн. Манай чөлөөт бүсэд 136 ААН-ийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Чөлөөт бүсийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар ОХУ-тай Засгийн газрын түвшинд ажиллах нөхцөл бүрдэнэ. 2014 онд Чөлөөт бүс нээгдсэн цагаас хойш нийт 20 ААН байнгын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бараа эргэлт зургаа дахин, зорчигч долоо дахин, тээврийн хэрэгсэл 5-6 дахин ихэссэн. Чөлөөт бүсэд нийт 15 орноос 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортолдог. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26.5, хувийн хэвшлийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын явцад орон нутагт нийт 716 түр ажлын байр бий болсон. Одоогоор 66 байнгын ажлын байр бий болсон. "Алтанбулаг" чөлөөт бүс улсын төсөвт 1.7 тэрбум төгрөгийн газрын төлбөр хураамж төвлөрүүлсэн байна. ААН-үүдийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвараас нийт 2 тэрбум төгрөг оруулсан. Манай чөлөөт бүсээс улсын төсөвт 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Сүүлийн есөн жилийн хугацаанд улсын төсөвт чөлөөт бүс дээр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаагүй учраас цахилгааны хомсдолд орсон. Харин энэ жилийн төсөвт 1 тэрбум төгрөг тусгасан. Цахилгааны өргөтгөлийн асуудал шийдэгдвэл экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой. Компани, төсөл нь бэлэн байна.

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Чөлөөт бүсийн асуудал сүүлийн 20 гаруй жил яригдаж байна. Хуулийн өөрчлөлтийг хийсний дараа арай өөр маягаар ажилламаар байна. Хоёр хөршийн хүмүүс чөлөөт бүсэд орж ирж, хөрөнгө оруулъя гэсэн зүйл яагаад яригдахгүй байна вэ? Чөлөөт бүсэд сонирхлыг нь төрүүлэх юу байгаа вэ? Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн асуудал цаг хугацаа нь туллаа. Эрх зүйн орчныг дагаж хийх ажлууд хүлээгдэх вий. Гадны орнуудын амжилттай хэрэгжүүлсэн чөлөөт бүсийн туршлагыг хуулах биш, арай өөрөөр ажиллах хэрэгтэй байна.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан өндөрлөлөө.

17 : 23
2021-10-28

Э.Одбаярыг хууль зөрчиж, хорьж саатуулсан бол хариуцлага тооцно

Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа ирүүлжээ.

УИХ-ын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувийн саналаар батлагдлаа.

УИХ-ын гишүүн Ш.АДЪШАА:

-Хүмүүсийг хууль бусаар барьж хорьсон, жагсаал хийх эрхэд нь халдаж байна гэсэн мэдээлэл гарч байна. Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссыг хуралдуулъя гэсэн ч ирц нь бүрдэхгүй байна. Оюутолгойд ажиллаж байгаад тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хууль бусаар ажлаасаа халагдсан хүмүүс бий. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Ж.Сүхбаатар гишүүн хүний эрхийн холбогдох хууль, тогтоомжуудын асуудалд санаачилгатай ажилласан. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Монгол Улсын хүний эрхийн тогтолцоог бүрдүүлэх ажилд хуульч гишүүнийхээ хувьд оруулсан мэдлэг ур чадвар, хүний эрхийн төлөөх эрмэлзэл нь Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд итгэл үнэмшил төрүүлсэн. Тиймээс хүний эрхийн асуудалд хүчтэй байр сууриа илэрхийлж, зарчмын байр сууриа илэрхийлнэ гэдэгт итгэж байна.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

Дэвшилтэт үзэлтэй УИХ-ын гишүүн Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр томилогдож байгааг дэмжиж байна. Сүүлийн үед иргэн  Э.Одбаярын асуудал ноцтой байна. Үүн дээр УИХ, хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Сүхбаатар илүү анхаарч ажиллана гэж найдаж байна. Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг шалгаж байгаа асуудлаар прокурорын байгууллагаас УИХ-д тодорхой мэдээлэл өгч, энэ асуудлаар олон нийтэд зөв ойлголтыг өгөх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Иргэн Э.Одбаярын тухайд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өлсгөлөн зарлахад хяналт тавьдаг. Энэ журмын дагуу хяналт тавигдана. Эрүүл мэнд, амь насанд аюул учрахаар бол өлсгөлөнг албадан зогсоох арга хэмжээ авах ёстой. Тиймээс хяналт тавих байгууллагууд хуулийн дагуу хяналт тавиад, хууль зөрчвөл хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Хууль зөрчиж, хорьж саатуулсан бол Шүүхийн тухай хуулиар хууль зөрчсөн шүүгчид хариуцлага тооцохоор болсон. Иргэн гомдол гаргаад шүүгчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй, эрх ашгийн зөрчил хөндсөн байвал шүүгчид хариуцлага хүлээлгэдэг болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

17 : 06
2021-10-28

"ҮЭ-ийн газрыг зарж, байрыг түрээслэж, хувьдаа ашиг олдог нөхдүүд бий"

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-1992 оны Үндсэн хуулиас өмнө тав таван жилээр ажлаа төлөвлөж, улсын төлөвлөгөөний комисс ажиллаж, үндэсний хэмжээний бодлогоо боловсруулдаг байсан. 1992 онд зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэвч үүнийхээ үр дүнд өнөөдрийг хүртэл төрийн бодлого тодорхойгүй, тогтворгүй явж ирлээ.

2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд “Монгол төрийн бодлого тогтвортой байна” гэж тогтсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын олон хууль тогтоомж, төрийн шийдвэрүүдийг хүчингүй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр УИХ-аас хоёр удаа тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн. Энэ хүрээнд зарим тогтоолууд орж ирж байна. Ер нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн хэрэгжилт хэр байна вэ. Хоёрдугаарт, хүчингүй болгох олон бодлого байна. УИХ олон бодлогын баримт бичиг батлаад яам бүр өөрсдийн лоббигоор батлуулах гэж улайрдаг.

Үндсэндээ Засгийн газрын баталдаг байсан бодлогуудыг УИХ-руу чирж оруулж ирээд байна. Үүнийг бүгдийг нь хүчингүй болгох шаардлагатай. Энэ ажил хэр урагштай байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд төрийн бодлогын бичиг баримтад хамаарахгүй бодлогын бичиг баримт оруулсан. Онцгой, гамшиг,дайны онц байдлын гэх мэт. Эдгээрээс  заримыг нь хүчингүй болгохоор оруулж ирсэн байна.

Үндэсний хөгжлийн газрын дарга Г.БАТЖАРГАЛ:

-2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Оролцогч талуудын чиг үүрэг маш тодорхой болгосон. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангахад зарим нэгэн засах, эргэж харах зүйл байсан. Үүнийг УИХ-ын нэр бүхий гишүүд нэмэлт өөрчлөлт оруулахаар одоо хэлэлцээд явж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн хязгаарын тухай асуудал Сангийн яамнаас орж ирээд яригдах тэр үед хөгжлийн жилийн төлөвлөгөөний асуудал дээр макро эдийн засгийн үзүүлэлтүүд, түүнийг дагасан төсвийн бодлого явах учраас цагалбарын хувьд эдгээрийг нарийвчлан оруулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Тодорхой асуулт асуусан ч бөөрөнхий хариулт хэлэх юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ:

-Засгийн газрын түвшинд хүчингүй болгох 300 гаруй баримт бичиг бий. 60 гаруй баримт бичгийг хүчингүй болгосон. Үлдсэнд нь хяналт шинжилгээ хийж байна. Цаашаа хэрхэх вэ гэдгээ шийднэ. Шаардлагатай бол УИХ-д санал оруулж ирнэ. Ер нь нэг дор бүгдийг нь хүчингүй болгож болохгүй. Тэр дунд шаардлагатай зүйлс бий. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн хэрэгжилтийн явцад өөрчлөлт оруулах шаардлага гарсан учраас гишүүд хууль санаачилсан. Засгийн газар саналаа өгөөд дэмжээд явж байна. Ер нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, эдийн засгийн асуудал хариуцсан бүтэц хэрэгтэй гэдэг дээр Засгийн газар санал нэгтэй байгаа. Тиймээс 2022 оны төсөв дээр эдийн засгийн хөгжлийн яам байгуулах тухай санал оруулж ирсэн. 2022 он гараад шинэ яам байгуулагдвал улам боловсронгуй болох байх.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Цаг хугацааны явцад ач холбогдолгүй болсон үүргээ гүйцэтгэсэн тогтоолуудаар баталсан хөтөлбөрүүдийг хүчингүйд тооцох нь зөв. 1992 оны Шинэ Үндсэн хууль баталсан цагаас хойш олон хөтөлбөрүүдийг УИХ, Засгийн газрын тогтоолоор баталж ирсэн. Үндсэн хуульт ёс төлөвшүүлнэ гэж яриад байгаа нь хүний эрхэнд хуулиас гадуур халдаж болохгүй гэдгийг тодотгож байгаа. Хүний эрхэнд халдвал зөвхөн хуулиар халд гэх үг бий. Хуулиар халдаж болохгүй дөрвөн эрх бий. Шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх, эрүүдэн шүүхээс ангид байх, амьд явах эрхтэй. Энэ дөрвөн эрхт онц бөгөөд дайны байдлын үед ч халдаж болохгүй. Цаашдаа бид асуудлуудыг хуулиар шийдэх алхам руу явж байгаа нь зөв. Сайн сайсан тогтоолууд байсан. Үүнийг үгүйсгэж болохгүй. Нөгөө талдаа түүхэн үүргээ гүйцэтгэсэн битгий хэл 1992 оноос өмнө баталсан мөртлөө өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа нэг хууль бий. 1991 оны  Үйлдвэрчний эвлэлийн хууль байна. Хөдөлмөрчин ангийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр зарим нөхөд нь улс төр хийдэг. Шуудхан хэлэхэд үйлдвэрчний эвлэлийн газрыг зарж, байрыг нь түрээслэж, хувьдаа ашиг олдог нөхдүүд бий. Талбайн хажууд сайхан том байртай. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонтой. Монголын залуучуудын холбоо залуучуудын нэр бариад хотын төвд байр, газар  булаацалдсан одон медаль зардаг хэсэг бүлэг бий. Үүнийг Засгийн газар анхааралдаа аваасай.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Засгийн газрын гишүүдэд би томилогдож байх үед нь “Үндсэн хууль. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль ширээн дээр чинь байх ёстой. Энэ хоёр номыг ширээний ном болгоорой” гэж хэлж байсан. Харамсалтай нь, Засгийн газрын зарим гишүүд эдгээр хуулийг тоож харахгүй байна. Аливаа ажлыг төлөвлөж, зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлаа хянаж үнэлж байж бид үр дүн гаргана. Тэгэхгүй бол салан баавгайн үлгэрээр явж байна. Улс орон өөрийн гэсэн зорилго, алсын хараатай байх ёстой. Бид ч гэсэн 2024 онд ард түмнээр дүнгээ тавиулна. Үүнд л хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэрэгтэй. Төрийн бодлого тогтвортой, залгамж чанартай байж чадвал улс орон хөгжинө. Амжилтгүй хэрэгжсэн олон жишээ бий. Төрөөс 2010 онд төмөр замын талаарх баримтлах бодлого гаргасан. Амжилт олоогүй. Нарийн царигтай төмөр зам, өргөн царигтай төмөр зам гээд маргасаар байгаад өнөөдрийг хүртэл хэдэн тэрбум ам.доллар зарцуулсан мөртлөө гадагшаа гардаг ганц ч төмөр замгүй ажил нь гацсан байна. Төрийн бодлого тогтвортой, тодорхой  байсан бол өнөөдөр төмөр замаараа нүүрсээ гаргаад хүнд цаг үед гацсан эдийн засгаа сэргээх байсан.

УИХ "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх  нь зүйтэй гэж үзсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

15 : 43
2021-10-28

УИХ-аас баталсан 17 бичиг баримтыг хүчингүй болгоно

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

"Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

Тэрбээр ”2020 оны тавдугаар сард Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсан. Мөрдөгдөж байгаа, УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажил хийгдэж байна. Энэ хүрээнд УИХ-аас баталсан 17 бичиг баримт бичгийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна. Өмнө нь гарсан дээрх УИХ-ын тогтоолууд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй. Мөн энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй байгаа учраас хүчингүй болгох санал оруулж байна. Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлсэн" гэлээ. 

Тодруулбал, дээрх 17 бичиг баримт нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тогтоолоор баталсан хүчингүй болсонд тооцох шаардлагатай бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн жагсаалтад багтсан.

Эдгээр бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэлийг тодруулан үзэхэд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй, мөн хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй төрөөс баримтлах бодлого-12, үндэсний хөтөлбөр-4, дунд хугацааны стратеги-1, нийт 17 баримт бичиг байна.

Түүнчлэн дээрх баримт бичгүүд нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй агуулгын давхардал, зөрчил үүсээд байгаа аж. Тиймээс Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

14 : 41
2021-10-28

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж байна. “Тус хууль батлагдсанаар төрийн үйлчилгээ цахимжиж, заавал биечлэн очиж, дараалал үүсгэх биш, аж ахуйн нэгж байгууллагаас эхлээд банкны данс нээлгэхэд хүртэл гэрээсээ бүртгүүлэх, үйлчилгээ авах боломж бүрдэнэ” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. 

УИХ Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжих эсэх талаар гишүүдээс санал авч байна.

12 : 34
2021-10-28

"Иргэн, хуулийн этгээдэд нийт 38407 тоон гарын үсэг олгосон"

УИХ үргэлжлүүлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгад “Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдсан, 6 бүлэг, 36 зүйлтэй. Уг хууль батлагдсанаас хойш гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт гурван зүйл, заалтад өөрчлөлт оржээ.

Энэ хуулийг баталснаас хойш есөн жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдэд нийт 38407 тоон гарын үсэг олгогдсон байгаа нь практикт тус хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгааг бодитойгоор харуулж байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр олгосон тоон гарын үсгийн ихэнх нь аж ахуйн нэгж, байгууллагад олгогдож, иргэн бүрийг тоон гарын үсэгтэй болгох ажил ихээхэн удаашралтай байгаа юм.

Иймд Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим орчинд цахим гарын үсгийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулах шаардлагатай. Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:

1. Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилтыг өөрчилж, цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлагыг тогтоох талаар нэмж тусгасан.

2. Хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад мэдээллийг цахим орчинд иргэн, хуулийн этгээд хооронд дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд “албаны нууцад” гэснийг хасаж тогтоосон. Өөрөөр хэлбэл одоогийн зохицуулалтаар албаны нууцад хамаарах мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр дамжуулахад энэ хууль үйлчлэхгүй байхаар заасан нь хуулийн үйлчлэх хүрээг ихээхэн хумьсан шинжтэй зохицуулалт үйлчилж байна.

3. Тоон гарын үсэгт тавигдах шаардлагыг тодорхойлж, хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой, мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа мэдээлэл болон тоон гарын үсэгт өөрчлөлт оруулсан, мэдээллийн бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой байхаар тогтоосон.

4. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэхээр заасныг өөрчилж, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тоон гарын үсэг, хуулийн этгээд цахим тамга хэрэглэхээр тусгалаа. Ингэхдээ Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицууллаа.

5. Тоон гарын үсэг, цахим тамга нь гэрчилгээжүүлэх байгууллагаас олгосон тоон гарын үсгийн гэрчилгээтэй байхаар, гэрчилгээнд тусгавал зохих мэдээлэл, гэрчилгээний хүчинтэй байх хугацаа, гэрчилгээний үнэ, гэрчилгээний мэдээллийн сан, гэрчилгээ эзэмшигчийн талаарх зохицуулалтыг цогц байдлаар тусгасан. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Цахим гарын үсгийн тухай хуулиар гэрчилгээний хүчинтэй хугацааг ихдээ 2 жил хүртэл байхаар иргэн, хуулийн этгээдэд олгох гэрчилгээний хугацаанд ямар нэгэн ялгаа тогтоолгүй олгож, тэр бүртээ гэрчилгээний үнэ буюу тоон гарын үсэг болон тоон гарын үсгийн хэрэгсэл, үйлчилгээний хөлс авч байна. Иймд уг зохицуулалтыг өөрчилж, гэрчилгээг иргэнд 5 жил, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд 3 жил хугацаагаар олгохоор тус тус зохицуулсан. Түүнчлэн гадаадын иргэн хүсэлт гаргаж, тоон гарын үсэг авч болох зохицуулалтыг шинээр тусгаж, түүний оршин суух хугацаагаар, эсхүл 5 жилээс дээш хугацаагаар оршин суух бол гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор оруулсан” гэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-Цахим гарын үсгийн тухай хуультай холбогдуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт есөн хүний тоо орон тоо нэмэгдэх юм байна. Нэг хүний зардал жилдээ 13.3 сая төгрөг. Үйл ажиллагааны зардалд нь 120.1 сая төгрөг буюу нийтдээ 133.4 сая төгрөгийн зардал гарна. 133 сая төгрөг зарцуулаад, биет болон биет бус утгаараа эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар судалсан уу.

Ажлын хэсгийн дарга Н.УЧРАЛ:

-Энэ хууль 2022 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэ хуулийн дэвшил Улсын бүртгэлийн Ерөнхий газар (УБЕГ) өөрсдөө 2.2 мянган иргэнээ тоон гарын үсэгтэй болгоно гэж тооцсон. Мэдээж бүх иргэн тоон гарын үсэгтэй болчихвол байгууллагууд дотооддоо журмаараа зохицуулаад, тоон гарын үсэг хэрэглэнэ. Шаардлагатай тайлан мэдээлэл бүгд цахимд шилжих боломжтой. Энэ хуулийн дагуу гуравдугаар сарын 1-нээс өмнө УБЕГ иргэдээ бүгдийг нь тоон гарын үсэгтэй болгоно. Ингэснээр жил бүр хэмнэлт мэдрэгдэнэ. Тэгж байж Монгол Улс цахим засаглалд шилжинэ. Түүнээс биш салбар бүрт мэдээллийн технологийн төв байгуулна гэж хэн ч хэлээгүй. Төрөөс баримтлах цахим бодлого гаргахгүй бол хавтгайрах нь. Ер нь бидэнд нэг буруу хандлага байна. Цахим шилжилт хийнэ гэхээр хүн л нэмэгдээд байдаг. Уг нь багасах ёстой шүү дээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.БААСАНДОРЖ:

-УБЕГ 2.2-2.3 сая иргэн бүрт тоон гарын үсэг олгоход техник тоног төхөөрөмж, хүний нөөцтэй холбоотой зардлын тооцоог хийсэн. Өнөөдөр УБЕГ улсын хэмжээнд 340 сум, сууринд үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий газар дээрээ IT чиглэлийн 24 алба хаагч ажилладаг. Мэргэжлийн 17 үндсэн ажилтан бий. Энэ хууль хэрэв батлагдвал орон тоо нэмэхгүйгээр УБЕГ-т ажиллаж байгаа хүмүүстээ түшиглэн ажиллана. 2022 оны төсөв дээр тоон гарын үсгийн дэд бүтэцтэй холбоотой зардлуудыг Хууль, зүй дотоод хэргийн сайдын багцад суулгаж өгсөн. Тооцоод үзэхэд ес хүртэлх орон тоо нэмэгдэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.САЙНЗОРИГ:

-Монгол Улс цахим шилжилт хийхийн тулд иргэдээ цахим орчинд таньж баталгаажуулах нь чухал. Эдийн засаг бизнесийн үйл ажиллагаанд цахим гэрээ, хэлэлцээрийг хийж болно гэж заасан мөртлөө цахим гарын үсгийн хэрэглээ түгээмэл биш байна. Багц хуулиуд батлагдсан тохиолдолд төрийн үйл ажиллагаа ил тод, дундын мэдээллийн сангаа ашиглах юм бол дэд бүтэц, программ хангамжийн мэдээллийн зардлыг хэмнэнэ. Цаашлаад эдийн засгийн өсөлтийн нээлттэй байдлыг дэмжиж цахим шилжилт хийснээр 5 орчим хувиар өсөх прогноз бий. Дундын мэдээллийн сангаа ашиглаад төрийн байгууллагууд жилд цаасан суурьтай бичиг баримтад зарцуулдаг 10 тэрбум орчим төгрөг хэмнэгдэнэ.

 УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Миний хувьд уг төслийг дэмжиж байна. Нэг асуулт байна. Бид тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниудтай түншлэх зарчмаар явж байна. Гэтэл хувийн хэвшил хэт ашиг олох зорилгоор, цаашид үнээ бизнесийн зорилгоор тогтоогоод явчих боломжийг хаах чиглэлд ямар заалт байгаа вэ?

Хоёрдугаарт, манай эрх зүйн тогтолцооны уламжлал, шинэчлэлийн ялгаа байх шиг. Газар болон үл хөдлөх хөрөнгө дээр бол цаасан баримт баталгаатай эх сурвалж болно гэж үздэг. Франц, Герман улсууд эдийн засгийн хямралд бага өртсөн шалтгаан нь нотариатын сайн тогтолцооных гэсэн дүгнэлт гарсан байсан. Тэд тоон гарын үсгээр бас яг гэрээгээ баталгаажуулахгүй байна лээ. Гэрээ хийж байх процессыг лайв байдлаар, бичлэгээр гэрээ хийх энэ зохицуулалтыг хаагаагүй биз дээ. Зөвхөн цахим гарын үсэг л байвал хүчинтэй гэсэн хувилбар оруулаагүй биз. Хакердах гэхчлэн эрсдэлээс компани ганцаараа сэргийлж чадахгүй.

Гуравт, гадаадад тоон гарын үсэг хийж байгаа программуудаа огт гадаадын болон хувийн компаниудаар хийлгэдэггүй юм билээ. Тэгэхээр энэ бодууштай санагдсан. Үүн дээр ямар зохицуулалт байгаа вэ?

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Монгол Улс 2011 онд цахим гарын үсгийн хуулийг баталснаас хойш хэрэглээнд нэвтрүүлэх гэж оролдож эхэлсэн. Өнөөдөр маш бага хэмжээнд л тоон гарын үсгийг ашиглаж байна. 10 жилийн хугацаанд 38 мянган тоон гарын үсэг л гарсан байна. Маш бага тоо. Энэ хуулийг баталснаар цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой. Зөвхөн хувийн байгууллагын хийх ажил биш юм билээ. Улсын бүртгэлийн байгууллагаас үнэмлэх дээр тоон гарын үсэг суулгаж өгдөг, түүгээрээ баталгаажуулалт хийгээд явчихдаг байх хэрэгтэй. Үнийн асуудал дээр иргэд нэг удаа гарын үсэг авсан бол дахиад авах хэрэггүй.  

12 : 19
2021-10-28

Э.Одбаярыг яргалах гээд байгаа хэрэг үү?

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Цэц шударга шүүхээр шүүлгэх ёстой гэж дүгнэжээ. Үндсэн хуульдаа ч ингэж заасан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ? Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хоёр хүнийг хорьж, найман иргэнийг дуудаж байцааж байна. Мөн өмгөөлөгчдийг бас дарамталж байна.

Үүнээс харахад Үндсэн хуулийн зүйл заалт цаасан дээр л байна. Үүнийг хариуцаж ажиллах ёстой Засгийн газар юу хийж байна вэ? Э.Одбаярыг яах гээд байгаа юм бэ. Яргалах гээд байгаа хэрэг үү. Энэ хүн М.Дамдинсүрэн шиг шоронд босоогоороо нас барах уу? Хаана байна, тэр шударга шүүх чинь. Шүүгчдийг дарамталдаг Хууль зүй, дотоод хэргийн сайдаа соль” гэв.

11 : 35
2021-10-28

"Төрийн албаны цалингийн төлөөх марафоныг цэгцлэх хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Хүнд нөхцөлд ажиллаж буй төрийн тусгай алба хаагчдын нийгмийн бодлоготой холбоотой асуудлыг анхааралгүй яах вэ. Гэхдээ төрийн алба бүх төрлөөрөө цалин нийгмийн баталгаа нь ялгамжгүй байгаа учраас төрөөс бодлого гаргах цаг болсон. Төрийн албаны салбар бүр цалин, нэмэгдлээ нэмүүлэх гэж өрсөлдөх болсон. Нэгдсэн нэг бодлого байхгүй учраас заримыг нь нэмэгдүүлээд ялгамжтай байдлыг бий болгоод байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Төрийн алба улс төрийн албан тушаал, төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, төрийн тусгай алба гэх ангиллаар олон жил ялгамжтай цалин, нэмэгдэл авч ирсэн. Байгууллага, салбар бүрээрээ цалин хангамжаа нэмэгдүүлэхийн тулд хоорондоо уралдсан хуулийг УИХ-аар батлуулах гэдэг. Энэ асуудлыг бид шийдэх ёстой. Тэгэхгүй бол үеийн үед УИХ төсөв хэлэлцэж байх үед төрийн албаны салбар бүр л “Манай байгууллага” чухал гэлцдэг. Намрын чуулганаар Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хууль УИХ батална. Аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа иргэдийн хурлын ажилтан, Засаг даргын тамгын газрын ажилтан нар ижил чиг үүргийн ажил гүйцэтгэдэг мөртлөө өөр өөр цалин авдаг. Нэг нь дөнгөж 600 мянган төгрөг, нөгөөх нь 800 мянган төгрөгөөс цалин нь эхэлж байна. Төрийн албаны цалин, нэмэгдлийн төлөөх марафоныг цэгцлэх, төрийн албыг онцлогоос нь хамаарч нэмэгдэл болон бусад нэмэгдлүүдийг олгодог болгох шаардлагатай. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа цагдаа, онцгой, эмч, хилийн цэргийн алба хаагчдад нэмэгдэл олгодог хууль хэрэгжиж эхэлсэн. Гэтэл энэ дунд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид байхгүй байсан учраас энэ хуулийг оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Танай байгууллага дээр хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн бий юу. 2021 он гарсаар хорих ангиудад хүний эрхийн зөрчил хэдэн удаа гарсан бэ? Үүн дээр ямар нэгэн арга хэмжээ авсан уу. 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын асуудал маш хүнд байна. Хэрэв энэ залуугийн амь нас эрсдвэл хариуцлагыг бид хатуу тооцно шүү. Э.Одбаяр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон. Энэ бол маш ноцтой сэдэв. Монгол Улс өнгөрсөн хугацаанд 37 мянган иргэнээ хийгээгүй хэргийн төлөө улс төрөөр хилсээр хэлмэгдүүлчхээд өнөөдөр зовоод сууж байна. Үүнийг битгий мартаарай.

ШШГЕГ-ын дарга Д.ЗАГДЖАВ:

-Бид хүний эрхийг зөрчихгүй байх талаас бүхий л боломжийг эрэлхийлж, камерын хяналтад байлгаж, жижүүрлэж ажилладаг. Нийгмийн асуудал хариуцсан ажилтан, сэтгэл зүйч бий. Иргэн Э.Одбаярын хувьд 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн, даралт 100/70. Зүрхний цохилт 95. Жингийн алдагдал 10 гаруй кг. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь харилцаж байна. Өлсгөлөнгөө сайн дураар зогсоохгүй гэсэн. Түүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байна. Өлсгөлөн зарласан этгээдэд авч хэрэгжүүлэх журмын дагуу ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны долдугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Түүний дараа Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжив.

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж тус тус заасан нь

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал …-ыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,
  • Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дээрх заалтуудыг 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

10 : 38
2021-10-28

ШШГЕГ-ын алба хаагчдад нэмэгдэл олгоно

Чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгад “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэнд учирсан эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь гэмт этгээдийг олж илрүүлэн шийтгэхээс дутуугүй ач холбогдолтой.

Монгол Улсын Их Хурлаас 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр төлөгч этгээдийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байсан. 2017 оны зургадугаар сарын 9-ний өдөр баталж, мөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай (шинэчилсэн найруулга) хуулиар уг асуудлаар хориглосон зохицуулалт тусгагдсан.

Ийнхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш 239.5 тэрбум төгрөгийн төлбөртэй 1569 Монгол Улсын иргэн, 20.5 тэрбум төгрөгийн төлбөртэй 42 гадаад улсын төлбөр төлөгчид хилийн хориг тавьсан байсныг цуцлах шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2018 онд 211.4 тэрбум төгрөгийн төлбөртэй 719 төлбөр төлөгчдийн хилийн лавлагааг эрх бүхий байгууллагаас авахад 194.6 тэрбум төгрөгийн төлбөртэй 630 төлбөр төлөгч хилээр гарсан, мөн 2019 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар 22.3 тэрбум төгрөгийн төлбөртэй 174 төлбөр төлөгч Монгол Улсын хилээр орж, гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан бол 138 төлбөр төлөгч гадаад улсад ажиллаж, амьдарч байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсээд байна.

Энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж, төлбөр төлөгчийг төлбөр төлөхөөс зайлсхийх боломжийг бий болгож байх тул дээрх албадлагын арга хэмжээг гүйцэтгэх зохицуулалтыг дахин бий болгох шаардлагатай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн бүх төрлийг төв байгууллагын дарга ногдуулахад Төрийн албаны тухай хуулиар тогтоосон хугацаа хэтрэх асуудал байнга тулгардаг, мөн төв, суурин газраас алслагдсан хорих ангид ажилласан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг тогтоохтой холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Төрийн албаны тухай (шинэчилсэн найруулга) хуулиудын давхардал, зөрчлийг арилгах шаардлагатай” гэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.БАДЕЛХАН:

-Орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдад нэмэгдэл олгох юм байна. Үүнийг дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар хичнээн алба хаагч энэ хуулийн төсөлд хамаарч, хэр хэмжээний зардал гарах вэ?

Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 3000 гаруй алба хаагч ажиллаж байна. Үүнээс Улаанбаатар хотод 1500, орон нутагт 1500 орчим хүн ажиллаж байна. Үндсэндээ суманд ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад нэмэгдэл олгоно. Эхний ээлжид 6 тэрбум төгрөгийн зардал, цаашдаа жилд 1-2 тэрбум төгрөгийн зардал гарна гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот болон аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба хаагч нарт нэмэгдэл олгоно.

17 : 39
2021-10-27

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлт
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай, үргэлжилнэ).
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж