Тэрслүү үг: Манай дарга нарыг МАГТАЦГАА!

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Манай дарга нарыг МАГТАЦГАА!

Тэрслүү үг: Манай дарга нарыг МАГТАЦГАА!

Саяхандаа, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн өрөөнд нэгжлэг хийсэн АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагааны явцад авсан зургаа хэвлэлээр цацсаны дараа “хувь хүний нууц”-ын тухай асуудал олон нийтийн сүлжээнд хөндөгдсөн. Товчхондоо, АТГ шалгаж мөрдөж байгаа хэргийн баримт материалыг ингэж ил цагаан цацаж, болно, болохгүйн тухай. Мэдээж, олон хүн үүнд эмзэглэсэн.

Гэтэл үүний араас Хуульзүйн яамнаас өргөн барьсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэв. Өнөөдөр Хуульзүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг хуулийн төслийг  хэлэлцэж, АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Эндээс харвал АТГ-ынхан Д.Хаянхярваагийн “гардуулсан”  зургийг цацсан нь ёстой нэг сумаар хоёр туулай буудах зорилготой байжээ.  Эхнийх нь “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг олон нийтэд харлуулж, гутаах. Удаах нь уг асуудлыг далимдуулж, дээрх хуулийн төсөлд улстөрчдийн дэмжлэг авах.  Яагаав, хоёр жилийн өмнө С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг дэглэсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлж, айлгаж байгаад санасандаа хүрч байсан Ц.Нямдоржийн арга технологи л доо. "Д.Хаянхярваа дээр хийсэн гүйцэтгэх ажиллагааны зургийг та нар дээр ч хийж чадна шүү" гэсэн сануулга. Айсан гишүүд дуун дээр кнопоо дарна биз дээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгээс харахад Ардын намын бүлгийнхэн уг хуулийн төслийг ихэд таашаажээ. Жишээ нь, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн нараас гэх мэт.  Ц.Мөнх-Оргил гишүүн хэлэхдээ гүйцэтгэх ажиллагааны зураг дэлгэх нь хувь хүний нууцад  халдаж байгаа тухай анхааруулж. Түүний зөв, гэхдээ гүйцэтгэх ажиллагааны зургийг дэлгэх даалгаврыг Төрийн ордны аль нэг давхраас өгдөг юм шүү дээ. Өмнө нь Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас заавар, даалгавар авдаг талаар Х.Нямбаатар өөрөө хэлсэн байдаг.

Гүйцэтгэх ажиллагааны зураг, дүрсийг видео, ауди, фотогоор олон нийтэд ил болгох явдал экс Ерөнхийлөгчөөс эхтэй. Нөгөө л улс төрийн хар бохир технологийн тухай ярихаар бөөсний тухай үлгэр шиг МАН болоод Х.Баттулгатай очиж наалддаг болсон. Одоо өөрсдийнх нь бохир технологиор өөрсдийг нь намнаад ирэхээр өөрсдөө айж байгаа нь энэ юм. Үүнийг үйлийн үр  гэж монголчууд хэлдэг, ярьдаг.

Хууль баталсан ч,  хүсвэл АТГ гүйцэтгэх ажиллагааны зураг дүрсээ цацаж, хүний нэр төрийг гутаасаар байх биз. Хэзээ байтлаа, Монголын улстөрчид хууль дүрмээ дагадаг  байлаа. Хэзээ байтлаа Монголын цагдаа нар өргөсөн тангарагтаа үнэнч байлаа. Томилсон даргынхаа үгээр л хөдөлдөг шүү дээ.

Үндсэндээ Монголд хууль даргад нэг өөр, иргэнд бүр өөр үйлчилдэг дабль стандарт нэгэнтэй тогтчихсон. Жишээ нь, албан тушаалаа урвуулан ашигласан дарга нарыг шалгаад өг гэхээр АТГ нь өргөдөлд нэр дурдагдсан сайдыг биш өргөдөл бичсэн иргэнээ элдэвлэх. Тэгэхээр энэ хууль иргэн хүний биш даргын нууцыг чандлан хамгаална, үнэндээ миний цагдаа намайг хамгаалдаг бил үү.  Гүйцэтгэх ажиллагааны нууцыг хадгалах хуулиа мөрдөж чадахгүй байгаа цагдаа хувь хүний нууцыг хамгаална гэж "хуцах"-аа боль.

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай  1995 оны хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий. Гэхдээ  Хууль зүйн яамны зүгээс хуулийн төсөлд суулгаж өгсөн “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно” гэсэн заалт дарга нарт болоод тэдний даалгавар гүйцэтгэгчдэд үйлчилнэ гэж бодож байвал үүн шиг гэнэт ойлголт байхгүй.

Атал дарга хүсвэл хууль зөрчиж бусдын нэр төрийг гутааж чадна. Гүйцэтгэх ажиллагааны нууцыг олонд дэлгэж чадна. Түүнийгээ хэвлэлээр сэвүүлж чадна.  “Тэр хууль чинь хэнд хамаатай юм бэ” гээд сууж байдаг хүмүүс шүү дээ, монгол улстөрчид.

Харин энэ заалтаар энгийн иргэн Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар ял шийтгэл амсана гээд мөрийцсөн ч бараг алдахгүй дээ. Хэрэвзээ, энэ төсөл хууль болж батлагдах юм бол Ц.Нямдоржийн хоёр "амбаар"-ыг дрондсон Д.Мөнх-Эрдэнийг хувь хүний нууцад халдсан гээд шоронд сууна гэсэн үг. Иргэнийхээ ясыг цайтал эрхийг нь зөрчиж чадна, манай дарга нар.

Хуульдаа бол

30.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлд “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”  гээд их л гоёор заагаад өгчихөж. Монголчууд МАН-д хууртаж ханахгүй, МАН монголчуудыг хуурч ханахгүй юм даа.  Даанч энэ нь энгийн иргэдэд  ёстой падлий ч байхгүй. Энэ хууль батлагдсан өдрөөс эрхбаригчдын идсэн уусан, авлигад авсан асуудал хуулийн дагуу "хувь хүний нууц" болно гэсэн үг. "Тэг, миний тухай бич" гэж зөвшөөрөх тэнэг дарга ч байхгүй шүү дээ.

Зөвшөөрөлгүйгээр МАН-ын дарга нарын хүүхэн хүчиндсэн, хүн зодсон, авлига авсан асуудлыг дэлгэвэл шууд шоронд. Өөрөөр хэлбэл, Хувь хүний мэдээллийг хамгаалах хууль батлагдах аваас МАН-ын дарга нарыг магтан матахаас өөр сонголтгүй болно.  Магтахаас яахав, манай дарга нар хүчээ нэгтгэж хөгжүүлж чадахгүй ч хөгжөөж явдагт нь талархдаг шүү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж