Бритни Спирс олон жилийн турш үргэлжилсэн гэр бүлийнх нь шударга бус хандлага түүнийг хэрхэн туйлдуулж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн байна. Тэрбээр өөрт төрж буй сэтгэгдлээ гурван ширхэг ягаан сарнай, хуучны бичгийн машины зургийн хамт Даваа гаригт инстаграм хуудсандаа оруулжээ.
Тэрхүү чин сэтгэлээ уудалсан, урт зурваст гэр бүлийнх нь гишүүдийн нэрс дурдагдаагүй боловч шүтэн бишрэгчид нь хэнд зориулагдсан зурвас болохыг төвөггүй ойлгосон байна. Зурваст бичсэнээр “Чи бүхнийг умартан зөвхөн хайртай хүмүүстэйгээ аялалд гарч, өдрийн хоол идэхээр төлөвлөсөн байв. Гэвч 10 минутын дараа л орь ганцаараа байгаагаа мэдрэх танд ямар санагдах вэ?” гэсэн байв.
Өдгөө 39 настай дуучин, бүжигчин тэрбээр “Энэ бол үнэхээр гутамшигтай мэдрэмж. Надад чухал тэр хүмүүс хоёр долоо хоногийн дараа аялалд явъя гэж тэр дор нь хариулдаг… За ойлголоо… Тэд зөвхөн өөрт нь тохиромжтой үед л надад ханддаг… Одоо миний хувьд бүх зүйл хангалттай. Би ганцаараа байхаас татгалзахгүй. Харин бүхнийг ойлгогч Тереза эх байхаас татгалзаж байна. Хэрвээ надтай хүйтэн харьцвал би ч адилхан хандана. Баяртай!!! ” гэжээ.
Бритнигийн эцэг Жеймс Спирс сүүлийн 13 жилийн хугацаанд түүний санхүүгийн асуудал болон хувийн амьдралд хяналт тавьж ирсэн юм. Эцэгт нь хууль ёсоор олгогдсон энэ эрхийг цуцлуулахын тулд Бритни олон удаагийн шүүх хуралд оролцож, инстраграм хуудсанд “#FreeBritney” хөдөлгөөн хүртэл өрнөж байв. Энэ бүхний эцэст тэрбээр эцгийнхээ хяналтаас чөлөөлөгдөж чадсан билээ.
Жеймс Спирсийн дуучны санхүүгийн асуудлыг хянах эрхийг шүүхээс өнгөрсөн есдүгээр сард түдгэлзүүлж, энэ эрхийг нягтлан бодогч Жон Забелд шилжүүлсэн юм. Харин санхүүгийн бус асуудлыг консерватор Жоди Монтгомеригийн хяналтад хэвээр үлдээсэн байна. Ирэх арваннэгдүгээр сарын 12-нд болох шүүх хурлаар Спирс хувийн амьдрал болон санхүүгийн хяналтаас бүрэн чөлөөлөгдөх асуудлыг шийдэх юм.
ЭХ СУРВАЛЖ: TODAY
Холбоотой мэдээ