Гүйцэтгэх ажиллагааны зураг дэлгэх нь хүний нууцад халдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

Гүйцэтгэх ажиллагааны зураг дэлгэх нь хүний нууцад халдаж байна

Гүйцэтгэх ажиллагааны зураг дэлгэх нь хүний нууцад халдаж байна

НЭМЭЛТ:

Хуульзүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ хууль нь хүний эрх, бизнесийн эрхийг тодорхой хэмжээгээр зөрчиж байна. Тухайн хүний хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэр хэмжээнд төрийн байгууллага авах юм, яаж ашиглах зэрэг зааг ялгаа нь тодорхой бус байна. Хүний эрхтэй холбоотой маш том асуудал хөндөгдөж байгаа тул АН-ын бүлэг завсарлага авсан. Мөн хуулийн 29.2 гэх заалтад иргэн аливаа нэг албан тушаалтны тухай эзэнд нь мэдэгдэхгүйгээр мэдээлэхгүй гэсэн заалт мэдэх эрхийн хүрээнд хэвлэлийн байгууллагууд албан тушаалтнуудыг буруутай үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх ёстой. Гэтэл энэ эрхийг бүрэн хаасан заалт болчхоод байна” гэв.


Улсын Их Хурлын Хуульзүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2021.10.27/ болж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасан. Үүний дагуу Улсын Их Хурал 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, мөн оныхоо долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Уг хуульд хоёр  удаа нэмэлт, өөрчлөлт орж байжээ.

Хуулийн төслийн танилцуулгад “Шинээр оруулж буй Хувь хүний нууцын тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орж байна.  Тухайлбал, хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн үндэсний комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгасан.

Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан” гэжээ.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авав.

 УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Өргөн цар хүрээтэй чухал хууль. Хувь хүний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах гэсэн заалт байна. Аюулгүй байдлыг хангахаас гадна хадгалах явцад мэдээлэл алдагдвал яах вэ. Үүнээс гадна өөрт хамаарах  гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчтай хамааралтай  мэдээллийг тухайн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр   цуглуулна гэсэн заалтыг ойлгохгүй байна. Жишээ нь би өөрийнхөө хүүхдүүд, эхнэрийнхээ  тухай мэдээлэл цуглуулах нь хүний эрхэд  хамааралгүй хэрэг үү.

Хувь хүний мэдээллийн нууцыг хадгалахтай хэрхэн уялдах юм. Гүйцэтгэх ажиллагааны явцад мэдээлэл цуглуулахтай холбогдсон харилцааг гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар зохицуулна гэж заажээ. Гэвч гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар сүртэй зохицуулаад байгаа зүйлгүй.

Гүйцэтгэх ажиллагааны зураг дүрс нь видеогоор олон нийтэд цацагдаад байна.  Хувь хүний нууц, гүйцэтгэх ажиллагааны нууц ч байхгүй. Хүний нэр төр гутаагдаж, доромжлуулаад л дуусдаг.

Үүнийг бид Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар засах гэж оруулж ирсэн биз дээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд камер суурилуулаад бичлэг хийдэг. Тэр камерын бичлэг буюу хүний хувийн мэдээлэл алдагдаад байвал яах юм. Үүнийг хамгаалмаар байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Боловсруулах үйл ажиллагаанд хэд, хэдэн үйл ажиллагааг хамааруулж ойлгоно. Тухайлбал, ангилах, хадгалах, өөрчлөх, устгах, дүн шинжилгээ хийх, сэргээх зэрэг үйл ажиллагаа багтана. Тэгэхээр зэрэг хадгалах үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд багтаж байгаа гэсэн үг.

Хуулийн үйчлэх хүрээнд хамаарахгүй харилцаанд өөрт болон гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулж болно. Амьдрал баялаг учраас намтар бичих, гэр бүлийн ургийн мод боловсруулах явцад мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл авахгүй.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд камер суурилуулдаг. Энэ нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд тусгагдсан байдаг. Тиймээс ерөнхий зохицуулалтаас бусад хүний эрхтэй холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ. Гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэлд энэ хуулийн үйлчлэл хамаарахгүй. Тусдаа горимоор явна. Засгийн газрын түвшинд гүйцэтгэх ажиллагаа болон тагнуулын байгууллагын тухай хуулийн тодотголыг хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам бусад хуулиудтай уялдуулах ажлыг цаашдаа хийнэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Сүүлийн жилүүдэд гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл задрах болсон. Хуулийн байгууллагынхан  өөрсдийгөө ажлаа хийж байгааг сурталчлаад байгаа юм уу эсвэл үйл ажиллагаагаа тайлбарлаж зөвтгөөд байдаг юм уу. Ийм ойлгогдохгүй зураг, видеонууд цахим орчинд тардаг болсон.  Үүн дээр Засгийн газар тодорхой арга хэмжээ авна гэж ойлголоо шүү. “Хуулийн үйчлэх хүрээнд хамаарахгүй харилцаанд өөрт болон гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулж болно” заалтын хамтран амьдраг гэдгийг хасчихмаар байна. Энэ бол их өргөн утгатай үг. Гэр бүлийн гишүүдийг бол хуулиар тодорхойлж болно.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал:

1995 оны Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай  хуульд хувь хүн өөрөө мэдээллээ хамгаалах үүрэг хүлээсэн. Харин энэ хуулиар мэдээллийг цуглуулж байгаа буюу мэдээлэл хариуцагч тал үүрэг хүлээж байна. Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэн хамтран амьдрагчид хамааралтай мэдээлэл   нь маш өргөн хүрээний  ойлголт гэдгийг ажлын хэсэг дээр ярилцсан. Үүнийг эргэж харах боломжтой. Санал хураагаад гишүүдийн саналыг сонсч болно.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд кибер аюулгүй байдлын тухай хуультай хэрхэн уялдаж байна вэ. Уг нь хамт хэлэлцээд явсан бол чухал ач холбогдолтой байсан. Багц гэж  хэлж болохоор хуулиуд салж орж ирээд байна л даа.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Засгийн газраас УИХ-д хамт өргөн мэдүүлсэн. Хууль зүйн, байнгын хороо, инновац, цахим бодлогын байнгын хороо, гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Бид нэг ажлын хэсэг дээр ажиллаж байна. Тухайлбал,  Нийтийн мэдээллийн хууль, хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн хууль гээд хоорондоо бүгд уялдаж байгаа. Цаг хугацааны хувьд энэ долоон хоногт хоёр нь, дараа долоо хоногт Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль хэлэлцэгдэнэ. Ингээд эцсийн хэлэлцүүлэг дээр нэгтгэгдэж батлагдах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Өнөөдөр тамга эрхзүйн ямар ач холбогдолтой юуг баталдаг вэ гэдгийг эргэж харах цаг нь болжээ. Гарын үсэг бол эрхзүйн үр дагавартай. Бүртгэлийн баримт бичиг дээр гарын үсгээ зураад тухайн хүн хариуцлагаа хүлээдэг. Тэгвэл тамга дараад яадаг юм. Тамгыг дуурайлгаад хийчихдэг болсон шүү дээ. Хэдийгээр бид тамганы үйлдвэр гээд тусдаа төрийн өмчит аж ахуй нэгж байгуулаад, сайдын журам гаргаад байгаа боловч амьдралаас хоцорчхоод байна. Миний ойлгож  байгаагаар хүмүүс тамгыг хувь хүнийхээ онцлогыг гаргахын тулд хэрэглэдэг эрхзүйн ач холбогдол багатай зүйл болчхоод байна. Төсөв хэлэлцээд дууссаны дараа  тамганы хэрэглээ, цаашид хэрхэн хэрэглэх юм, хэрэглэвэл үр дагавар нь  юу байх, хаана юун дээр тамга хэрэглэх, гарын үсгээс юугаараа ялгарах вэ гэдгийг нарийн  тодорхой болгох шаардлагатай.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

Таны хэлсэн зүйлтэй санал нэг байна. Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг. Цаашдаа тамганы хэрэглээг хуулиар зохицуулах нь  зөв. Хууль, зүй дотоод хэргийн яамнаас тамганы тусгай зөвшөөрлийг олгож, улсын бүртгэл тухайн тамганы дугаарыг олгодог. Харин хяналтыг хаана, хэн тавьж байгаа нь тодорхойгүй. Үүнээс болоод тамгаа аваад зугтдаг зэрэг янз бүрийн асуудлууд гардаг. Үйлчилгээний байгууллагууд тамгагүй, тамгатай янз бүр.  Тиймээс яамны зүгээс энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороонд тусгайлан мэдээлэл хийе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж