AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо эхэллээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт найман тамирчин өрсөлдөж байна.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд дэлхийн аваргын эрхээ авсан ч Белградыг зорих замдаа Covid-19-ийн халдвар авсан гэдгээ мэдэж, эргэн ирсэн.
51 кг-д өрсөлдсөн Х.Энхмандах эхний тулаанаа Азербайжаны боксчин Масуд Юсифзадатай хийн 4-1 гэсэн харьцаатай ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин түүний ах 57 кг-ын Х.Энх-Амар эхний шатандаа Казакстаны тамирчин Серик Темиржановтой тулалдаж, мөн тэмцээнээ өндөрлүүлэв.
63.5 кг-д Б.Мишээлт эхний тулаанаа Грекийн тамирчин Василейос Макригианнистай хийж, 5-0 гэсэн харьцаатай ялжээ. Тэрбээр дараагийн шатандаа Тайванийн Лаи Чү-Энтэй тулалдана. Мөн 67 кг-д хүч үзсэн Б.Чинзориг ялалт байгуулсан. Түүний хувьд Гуатемалагийн боксчин Карлос Таборыг ялж, дараагийн шатандаа Италийн Винсензо Мангиасапретэй учраа таарав.
Өнөөдөр/2021.10.27/ 48 кг, 60 кг, 71 кг, 86 кг-ын тулаанууд болно. 48 кг-д Г.Ган-Эрдэнэ Непалийн Рабин Тапатай, 60 кг-д О.Тулга Тринидад, Тобаго улсын тамирчин Доннел Филиптэй тус тус тулалдана. Харин 71 кг-д О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөжээ.