Хуульзүй, дотоод хэргийн салбар ирэх 2022 оныг цахим шилжилтийн үндсэн жил болгон зарлажээ. Энэ хүрээнд гэмт хэрэг хянан шалгах ажилд хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөж байгааг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Тэрбээр “Хуульзүй, дотоод хэргийн салбар 2022 оныг цахим шилжилтийн үндсэн жил болгон зарлаж байна. Энэ хүрээнд дотоодын болон гадаадын иргэдийг бүртгэлжүүлэх ажил дуусах шатандаа орж байна. Мөн иргэн бүрийг тоон гарын үсэгт шилжүүлнэ.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, орон нутгийг иж бүрэн камержуулж, хэрэг, зөрчил хянан шалгах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглахаар эхний туршилтуудыг эхлүүлнэ.
Оны дараа нэгдсэн платформ ашиглаж прокурор дээр биечлэн очиж, хянуулдаг тогтолцоог хална. Мөн хоёр мянга гаруй ялтныг цахим хяналтаар ял эдлүүлж байна. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цагдан хорих зарим төрлийн арга хэмжээг цахим системд шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мөн энэ онд эхлүүлсэн цахим архивын шилжилтийн ажлыг эхлүүлснээр цаасан нотлох баримтуудыг цахим санд шилжүүлэх ажил үргэлжилнэ. Улсын хилийн 27 боомт геометр бүртгэлийн сантай болж байна.
Үндсэндээ Хуульзүй, дотоод хэргийн салбарын төсөв 2022 онд цахим шилжилт рүү чиглэнэ” гэлээ.
Хуульзүй, дотоод хэргийн салбарт 15 байгууллага харьяалагдаж байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Оюуны өмчийн газар зэрэг багтдаг байна.
Холбоотой мэдээ