Ресторанууд "шар айрагны газар" болж хувирахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

Ресторанууд "шар айрагны газар" болж хувирахад ойрхон байна

Ресторанууд "шар айрагны газар" болж хувирахад ойрхон байна

Томоохон зах худалдааны төвүүдээр нарийн ногоо тасарснаас үүдээд ресторан, зоогийн газрууд хоолны үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж,  хатуухан хэлэхэд "шар айрагны газар" болоход ойрхон байна.  Цар тахлын улмаас урд хөрш хилээ хаасан. Энэ нь экспортоор дотоодын хэрэгцээний 80 хувиа хангадаг Монгол Улсад хүндхэн байдал үүсгэлээ.

Хил хаасан мэдээ цацагдсан даруй зах, худалдааны төвийн лангуу хоосорч нарийн ногоо нүдний гэм болов. Монгол Улсад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нийтдээ 8500 oрчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас ресторан 1570 байдаг.  Бид эдгээр газрын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжиллаа.

Аж ахуй нэгжүүдийг байсхийгээд л нээж, хаах байдлаар бүтэн хоёр жил шахам үргэлжилсэн олон удаагийн хөл хорионы эцэст ресторан, зоогийн газруудын үйл ажиллагаа нь одоо л цэгцэрч эхэлсэн ч үйлчлүүлэгчид цөөрчээ.

Хотын төвийн болон томоохон ресторанууд өдрийн цайны цагаар хүний хөлд дарагддаг. Гэвч тэдний гаргадаг хоолны нэр төрөл, амт чанар нарийн ногооны хомсдолоос шалтгаалан өөрчлөгдсөн учир үйлчлүүлэгчдийн тоо буурсан байна. Тухайлбал, хэрэглэгчид ресторанд орж ирээд ямар, ямар хоол гарч буйг асуугаад гараад явчихдаг болжээ. Мөн тэдний зарим нь нарийн ногоог өөр бусад төрлийн хүнсний ногоогоор орлуулж ард хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаагаа ч хэллээ.

Биднийг энэтхэг хоолны “Namaste” ресторанд ороход цөөн хэдэн үйлчлүүлэгчтэй үйл ажиллагаа явуулж байв. Рестораны ажилчид “Тавтай морилно уу” хэмээн инээмсэглэн угтаж зарим нэр төрлийн хачир гарахгүйг хэлсэн юм. Хажуу ширээнд суух 40 орчим насны хоёр хүн “Энэ хоолыг авах уу, махан хоолноос ялгагдах юм алга.  Басмати будаатайгаас авъя. Вандуй, шоштой юм байна” гэх мэт ярилцаж байв.

Тус рестораны ажилтан А.Батдулам нарийн ногоо тасарснаас үүдсэн нөхцөл байдлын талаар ийнхүү ярилаа. Тэрбээр “Зарим нэр төрлийн хоол гарахгүй байгаа. Жаахан нөөц бий боловч дуусах гээд байна. Ихэнх хоолнууд гарах боломжгүй болсон. Манайх энэтхэг ресторан болохоор нарийн ногоо бага хэрэглэдэг. Энэ байдлаар удаан үргэлжилбэл нөхцөл байдал хүндрэх нь цаг зуурын асуудал боллоо.

Хэрэглэгчид нарийн ногоотой хоол их асуудаг. Өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр орлуулаагүй. Одоо манайд салат огт гарахгүй байгаа. Салат болон түүнээс шалтгаалах хоол гарахгүйгээс ашиг орлого муудаж байгааг юунд нуух вэ.

Энэтхэг хоолыг ихэвчлэн мах, будаа, бүдүүн ногооноор хийдэг. Тиймээс үйлчилгээгээ зогсоочихгүй явуулж байна. Ийм хүнд цаг үед  хоолныхоо үнийг нэмэхгүй байхыг бодож байгаа. Манай байгууллага “Барс” зах болон хувь хүнээс ногоогоо авдаг” гэлээ.

Мөн бид нарийн ногоог өргөнөөр ашигладаг солонгос хоолны газруудаар явлаа. Үйл ажиллагаагаа явуулж байгаа тухайн газруудад хоол гэхээс илүү хүмүүс шар айраг шимж сууцгаах нь харагдав. Үйлчлүүлэхээр орсон хүмүүс нэг их удалгүй гараад явцгаах юм. Учир байдлыг тодруулбал хачир, салат болон нарийн ногоо дууссанаас үйлчлүүлэх хүн цөөрчээ. Энэ талаар солонгос рестораны дарга Х.Болортуяа “Нарийн ногоотой хоол огт гарахгүй байгаа. Олдохгүй байгаа зүйлийг хаанаас олох билээ. Өмнөх долоо хоногт  нэг килограмм нь 4500 зарагддаг ногоог 8000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Одоо бүр олдохоо ч байлаа. Манайх солонгос хоолны газар болохоор панчан гаргадаг. Нарийн ногоо дууссан учраас төмс, луувангаар аргалаад гаргаж байна. Салатны навчгүйгээс хэрэглэгчид шарсан мах авахаа болиод байгаа. Үүнээс үүдээд ашиг орлого, үйлчлүүлэгчдийн тоо огцом буурч байна.

Энэ байдал удаан үргэлжилбэл хоолныхоо үнийг нэмэхээс өөр аргагүй. Манай байгууллага “Шинэхэн” компаниас нарийн ногоо худалдан авч байсан. Хятад хилээ хааснаас болоод тэрхүү газар үйл ажиллагаагаа зогсоосон” гэх хариултыг өгсөн юм.

Биднийг  “Spanish and Mexican cuisine” ресторанд эль хульхан, бараг үйлчлүүлэгчгүй байв. Рестораны үйлчлүүлэгч 20 гаруй насны эмэгтэй "Цэсэн дээр байгаа хоолонд яагаад өөр бүтээгдэхүүн орсон юм бэ” гэх асуултыг зөөгчөөс асуухад “Нарийн ногоо байхгүй учраас орлуулсан” гэж хариулав. Тухайн газрын ажилтан М.Төгсжаргал “Нарийн ногоо дууссан учир хүмүүс хоолны орц найрлага, амт чанарт их шүүмжлэлтэй хандаж байгааг та сая харлаа шүү дээ. Манайх захиалагч байгууллагуудаас ногоогоо  авдаг. Хятадын хил хааснаас болоод нарийн ногоо хомсдсон. Одоо хаана нарийн ногоо байна. Тэндээс аль болох түргэн шуурхай авахыг хичээдэг. Зарим үйлчлүүлэгчид салатны навч хараад баярлаж байна шүү дээ. Орцыг нь багасгаад ч болов хүргэхийг зорьж байна.  Манай адил үйлчилгээний зарим газруудад хоол огт гарахгүй байна лээ. Энэ байдлаар удаан үргэлжилбэл ашиг орлогод маш муугаар нөлөөлж байна. Ресторанаа хаах эсвэл зөвхөн шар айргаар үйлчлэх сонголт тулгарч магадгүй. Сайн сайхан юм энд алга” хэмээсэн юм.  Энэ мэтчилэн томд тооцогдох ресторанууд хүртэл аргаа барж эхэлжээ.

Нэг зоогийн газар 15-н нэр төрлийн хоолоор үйлчилдэг гэж бодье. Түүнээс дор хаяад 10 төрлийн хоолонд нарийн ногоо заавал орж байгаа. Тиймээс нарийн ногооны хомсдол эдгээр газруудад ямар их хохирол авчрахыг бодож үзэх хэрэгтэй. Энэ нь цаашлаад ажилчдынх нь цалин, татвар, түрээс гэх мэтэд нөлөөлнө.

Нарийн ногоог Хятадаас импортлох биш дотооддоо үйлдвэрлэх боломж уг нь бий. Өвлийн хүлэмж олноор барьж, нарийны ногоог дотоодоо 100 хувь хангах боломж байгаа хэдий ч төр засгийн удирдлагууд гадаадын тусламж, хөрөнгө мөнгө ярьсаар замхруулдаг. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд зориулсан төсөв, тусламжийн мөнгийг улстөрчдийн танил тал авдаг нь нууц биш.

Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн мөнгө нүдээ олж очдог бол өдийд хэд хэдэн өвлийн хүлэмж барьчихсан. Ядахдаа энэ мэт үүд хаалгаа хаахын даваан дээр байгаа аж ахуй нэгжүүдээ нарийн ногоог тасалдуулахгүй байсан болов уу.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр буюу дотоодод цар тахлын халдвар бүртгэгдэхээс ч өмнө  хөл хорио тогтоож, бүх шатны сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, номын сан, кино театр, үзвэр үйлчилгээний газрууд, бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаагаар түр зогсоох эхний шийдвэрийг гаргасан. Энэ үеэс л  тодорхой тооны аж ахуй нэгжүүд үүд хаалгаа барьж, дампуурлаа зарласан. Үүнээс хойш олон удаа хөл хорио тогтоож, аж ахуй нэгжүүдээ хаасан ч халдварын тархалтыг бууруулж, тодорхой үр дүнд хүрэх биш эсэргээрээ илүү олон үйлчилгээний газрууд дампуурч, хаалгаа барихад л хүргэсэн.

Засгийн газар өдгөө дотоодоо хөл хорио тогтоохгүй, цар тахалтай зохицон амьдарч, аж ахуй нэгжүүдээ дэмжинэ гэж мэдээлж байна. Гэвч бүтэн хоёр жил шахам төрийн "аашинд" тохируулан үйл ажиллагаагаа дөнгөн данган авч үлдсэн ресторан, хоол үйлдвэрлэгчдэд урд хөрш хилээ хааснаас болж улс даяараа хүнсний ногооны хомсдолд орсон нь "үхлийн цохилт" болж мэдэхээр байна.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж