Ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох мөрөөдөл замхрах вий!

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

Ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох мөрөөдөл замхрах вий!

Ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох мөрөөдөл замхрах вий!

Засгийн газар 2022 онд 36.7 сая тонн нүүрс Хятадад нийлүүлэхээр төлөвлөжээ. Өнөөгийн бодит байдлаа харвал энэ нь хэт өөдрөг төсөөлөл юм. Төмөр замгүйн улмаас урд хөрш рүү нүүрсээ машинаар зөөдөг Монгол Улсын хувьд ганцхан жилийн дотор нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдүүлэх нь бараг боломжгүй. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын 2021-2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгаснаар ирэх онд хилийн боомтуудыг авто замтай холбож, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх аж. Тодруулбал, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслийн хүрээнд,

  • Баян-Өлгий аймгийг ОХУ-ын хилтэй холбох Цагааннуур боомтоос Улаанбайшин хүртэл 25 км хатуу хучилттай авто замаар холбох. Ингэснээр баруун бүсийн босоо тэнхлэгтэй олон улсын тээвэр явах боломж бүрдэнэ.
  • Завхан аймгийн Нөмрөг сумын Арцсуурь хилийн боомтын чиглэлд нийт 199 км автозамын техник эдийн засгийн үндэслэлийг 2022 онд  боловсруулах. Үүний дараа зураг төслийг нь гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх юм.
  • Дархан-Сэлэнгийн Шаамар сумаас Зүүнбүрэн, Түшиг, Зэлтэрийн чиглэлийн 120.084 хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн.
  • Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хятад руу гарах Хавиргын боомттой холбогдох 124.04 км авто замын зураг төсөл хийгдэж 2022 онд бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Нийт 25 тэрбумын өртөгтэй
  • Дорнод аймгийн Ульхан боомтоос ОХУ-ын Ульхан боомт руу чиглэсэн 115 км хатуу хучилттай автозам энэ онд эхлүүлэхээр тус тус төлөвлөжээ.

Төмөр замын бүтээн байгуулалтын тухайд,

  • Баруун босоо чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн судалгааг энэ онд урьдчилсан байдлаар хийсэн бөгөөд арваннэгдүгээр сард дүн нь гарах аж. Арцсуурь-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын ажлыг УИХ-аар оруулахаар яригдаж байна. Үүнийг төр хувийн хэвшлийн компанитай хамтран бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Энэ төслийн бүтээн байгуулалт 2022 оноос эхлэх өөдрөг төсөөлөл байна.
  • Богдхан төмөр зам ашиглалтад орсон ч археологи, палеонтологи болон бусад чиглэлийн судалгааны ажлыг 2022 оноос эхлүүлнэ.
  • Дорнод аймгийн Чойбалсан хот-Хөөт, Эрээнцав-Чойбалсан зүүн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 2022 оноос эхлүүлж 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөрзам
  • Тавантолгой-Гашуунсухайт боомтын чиглэлд 257 км төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Дээрх төслөөс харахад л хилийн боомт, төмөр замын бүтээн байгуулалтыг 2022 оноос эхлүүлэхээр болбол Монгол Улс дэд бүтэц, тээвэр логистикийн асуудлаа шийдэх хүртэл багадаа л дөрвөн жил шаардлагатай болох нь. Харин  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төдийгүй түүний Засгийн газрын гишүүд нүүрсний экспортод чингэлэгт “найдаж” сууна. Хилийн боомтуудад чингэлэгт тээврийн терминал байгуулснаар урд хөрш рүү төмөр замаар нүүрс экспортлох юм шиг  тэд төлөвлөж сууна.

Тухайлбал, Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт дахь чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орсноор жолооч нар хил гарах шаардлагагүй нүүрсээ ачиж буулгана. Дараа нь Хятадын талаас нүүрсээ авна. Энэ мэтчилэн хилийн боомтуудад чингэлэгт тээврийн терминалтай болсноор экспорт сайжирна гэж сайд, дарга нар үзэж, ам нээх бүртээ л ярих болсон нь сүүлийн үед ажиглагдаж буй.

Цар тахлын үед тээвэр логистикийн асуудал "шүдний өвчин" болсон энэ цаг үед арга ядахдаа хувийн хэвшлийнхэн хамтарч чингэлэгт тээврийн терминал байгуулсныг төр дэмжсэн төдий. Энэ бол түрдээ л “гал унтраах” арга. Өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газар төмөр замын асуудал, дэд бүтцээ шийдээгүйн горыг өнөөдөр улсаараа амсч, монголчууд "үйлээ" үзэж байна.

Хэрэв төмөр замаа барьж, өргөн нарийн царигийн асуудлаа шийдсэн байсан бол улсын төсвийн гол орлого экспорт тасалдахгүй байв. Бас тэгтлээ их уруудахгүй байсан биз. Статистик сөхвөл, Монгол Улс  2020 онд 28.5 сая тонн нүүрс экспортолсон нь төлөвлөгөөнд хүрээгүй. Үүнийг цар тахалтай холбон тайлбарлаж буй. Гэвч Covid-19 халдвар дэгдсэн сургаар нь өмнөх Засгийн газрын шийдвэрээр хилээ хааснаас үүдэн экспорт тасалдахтай зэрэгцэн нүүрсний үнэ унасан нь эдийн засагт том цохилт болсон. Ёстой л "бушуу туулай борвиндоо баастай" гэдгийн үлгэрээр өнөөдөр эдийн засаг нь элгээрээ хэвтлээ. Эсрэгээрээ өнөөдөр Хятадын тал Монгол Улсаас “зайгаа барих” болов. Хилээ хааж, экспорт тэг зогсох бүрт "өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэдэг шиг л цар тахлын үед алдааг өөрсдөөсөө хайж, айлын талыг  царайчлахаас аргагүйд хүрч байна.  Хэдийгээр энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч үүний 50 хувьд ч хүрээгүй. Олон удаагийн хилийн хориг, экспортын гацалтаас үүдэн ердөө л 20 хүрэхгүй тонныг экспортлоод буй.  Эндээс харвал ирэх онд 36.7 сая тонн нүүрс экспортлох ирээдүй бүрхэг байна.

ХЯТАДЫН ТАЛ ХУДАЛДАН АВАХ УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГЭЭС Л ШАЛТГААЛНА

Монголын нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.ЗОЛЖАРГАЛ: 

БНХАУ-д нүүрсний үнэ маш их өссөн. Харин Монголын төр дэд бүтцийн асуудлаа шийдэж чадаагүй, нүүрсээ хилээрээ гаргаж чадахгүй байгаа. Нүүрсээ гаргаж чадахгүй байгаа учраас зах зээлийн нөлөө бидэнд мэдэгдэхгүй байна. Хилээр нэвтрүүлж буй нүүрсний хэмжээ өсөхгүй, маш бага байна. Гэтэл ОХУ-ын БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний хэмжээ өсөөд байна. АНУ-аас тив дамжин далайгаар Хятад руу нийлүүлж буй нүүрсний хэмжээ өсөөд байхад Монгол Улсын л нүүрсний экспорт нэмэгддэггүй. Хэрэв таатай нөхцөл бүрдвэл ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөнд хүрч чадна. Гэхдээ Хятадын тал худалдан авах уу үгүй гэдгээс л хамаарна. Тус улсын зах зээл жил бүр 70 гаруй сая тонн коксжих нүүрс авдаг. Үүний талыг Монгол Улс нийлүүлнэ гэдэг маш том амбиц. Гэхдээ хоёр улс дэд түвшиндээ худалдааны хэлэлцээр байгуулах л хэрэгтэй” гэсэн юм.

ХЯТАДЫН ТАЛД ЖИЛД 50 САЯАС ДООШГҮЙ НҮҮРС ЭКСПОРТЛОХ ХҮСЭЛТ ГАРГАСАН

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.ЭЛБЭГЗАЯА: 

-Бидний хувьд 2021 оны улсын төсөвт тусгагдсан орлого олохын тулд, экспорт хэвийн явуулахын тулд бүх төрийн байгууллага хувийн хэвшлийнхэнтэй хамтран олон ажлыг хийсэн. Үүний нэг хэлбэр нь, Шивээхүрэн-Гашуунсухайт боомт дээр чингэлэгт тээврийн терминалыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хамгийн гол нь, экспорт тасалдахад цар тахал маш их нөлөөлж байна. Монгол Улс экспортоо хэвийн үргэлжлүүлэхэд маш их хичээж байгаа. Хятадын талаас ч бас худалдан авсан нүүрсээ авах асуудлаа ярьж байгаа. Бидний хувьд магадгүй ирэх жил цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний хязгаарлалт байх вий гэх болгоомжлол бий. Үүнийг давж гарах бодит арга хэмжээг авах шаардлагатай. Хятадын талд бид томхон амбицтай, жилд  50 саяас доошгүй нүүрс экспортлох хүсэлтээ тавьсан. Энэ нь цар тахлын нөлөө буурсны дараа нүүрсний экспорт нэмэгдэх эерэг хандлага болох байх гэж харж байна.

Уул уурхайн компаниудын зүгээс  дэд бүтцийн асуудлаа шийдэхгүй бол хүний хүчин зүйлсээс шалтгаалдаг нүүрсний экспорт цаашид удаан “тэсэхгүй” гэдгийг хэлж буй. Учир нь, дэлхий дахин төмөр замын асуудлаа шийдсэн байхад манай улс л машинаар урд хөрш рүү нүүрсээ зөөсөн хэвээр. Иймд экспорт тэг зогссон энэ үед уул уурхайн компаниуд зогсонги байдалд орсон нь ч бас дэд бүтэцтэй салшгүй холбоотой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж