"Дахин дельта хувилбарын давалгаа гарахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.10.27-нд нийтлэгдсэн

COVID-19

"Дахин дельта хувилбарын давалгаа гарахгүй"

"Дахин дельта хувилбарын давалгаа гарахгүй"

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын дельта хувилбарын давалгаа буурч, халдварын тархалт тогтворжиж буй талаар мэдээлсэн. Гэвч өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томуугийн дэгдэлт эрс нэмэгдэж, цар тахлын шинэ хувилбар гарахгүй гэх баталгаа алга. Одоогийн байдлаар цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг 94 хувьтай томуугийн урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулсан гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ эрсдэлтэй цаг үед цар тахлын шинэ хувилбар гарч, дахин давалгаа үүсэх талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.


УОК-ЫН ДЭРГЭДЭХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.БАТБАЯР:

-Цар тахлын мю хувилбар байх боломжтойг олон улсын эрдэмтэн судлаачид хэлж буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ хувилбар нь цар тахлын дельта хувилбарыг давах юм уу эсвэл хавсарч шинэ давалгаа үүсгэж магадгүй гэж таамаглаж байсан. Гэхдээ энэ бүхэн нотлогдсонгүй. Ер нь дельта хувилбараас илүү халдварлах чадвартай хувилбар дахин гарахгүй гэдгийг Оксфордын вакцин бүтээгчдийн ахлах эрдэмтэн Даме Сара Гилберт хэлсэн. Тэрбээр “Цар тахлын вирус цаашид илүү хүчтэй болж хувьсах зам үгүй. Учир нь вирус хувьсан өөрчлөгдөх зам тийм ч олон байдаггүй юм” гэж мэдээлсэн.

Халдвар авсан иргэдийг долдугаар сарын дундах хүртэлх нь альфа, тэрнээс хойш өвдсөн нь дельта гэж үзэж буй. Энэ талаарх нарийн тоон судалгаа гаргаагүй.

Мэдээж цар тахлын ийм өндөр давалгаа явж байхад нас баралт бүртгэгдэнэ. Дэлхийн улс орнууд нийт хүн амынхаа өвчилсөн тохиолдлын хэдэн хувь нь  нас барав гэж тооцдог.

Монгол Улс нас баралтын хувьд 0.5 хувиас 0.3 хувь болж буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ бүхэн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл, ажлын үр дүн. Өөрөөр хэлбэл, бид цар тахлыг хохирол багатай давж байна гэсэн үг.

Хойд хөрш ОХУ гэхэд Монголоос 10 дахин их нас баралт бүртгэгдэж байна. Нас барж байгаа иргэдийн хувьд архаг хууч өвчтэй, настай хүмүүс дийлэнх хувийг эзэлж буй. Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн хийж буй судалгаа шинжилгээг шийдвэр гаргахад ашигладан. Бид иргэдэд хамгийн ач холбогдолтой мэдээллээ өгдөг. Одоо эдгэсэн хүмүүсээс илүү нас баралт, батлагдсан тохиолдлын тоо чухал. Удахгүй цар тахлын эсрэг вакцины гуравдугаар тунгийн үр дүнтэй холбоотой судалгааны дүн гарна.

ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ж.БАЙГАЛМАА:

-Томуугийн өвчлөл арванхоёрдугаар сарын дундаас эхэлнэ. Харин цар тахлын тархалт он дуустал үргэлжлэн бүртгэгдэнэ гэсэн таамаглалтай байна. Өрхийн эмнэлгүүд дээр бага насны хүүхдүүд ханиад томуу тусахаараа очиж үзүүлдэг.  Хэрвээ хүүхэд тань өвдсөн тохиолдолд өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээ өгч, томуу, цар тахал гэдгээ ялган оношлох шаардлагатай болно.

Хэрвээ ханиад томуу туссан бол түргэвчилсэн тестээр шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин бүр онцгой тохиолдолд ханиад нь хүндэрч, уушгины хатгаа авсан тохиолдолд эмнэлгээс шинжилгээ авдаг.

Нийт хүн амын хэдэн хувь нь альфа, дельта хувилбараар өвчилсөн гэж хэлэх боломжгүй. Одоо өвчилж буй иргэдийн 90 хувь нь дельта хувилбар байх боломжтой гэх судалгааг өмнө нь гаргасан. Гэтэл өнөөдрийн байдлаар 90 хувьдаа аль хэдийнэ хүрчихээд байна. Цар тахлын ямар нэгэн шинэ хувилбар гарч ирэхгүй бол давалгаа үүсэхгүй. Дахин дельта хувилбарын давалгаа гарахгүй. Халдварын батлагдсан тохиолдлын тоо харьцангуй тогтворжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж