Сүүлийн үед “sports betting” буюу спортын тэмцээн уралдаанд бооцоо тавих үзэгдэл залуусын дунд гаарч байна. Олон нийт төдийлөн анзаардаггүй ч хөдөлмөрийн насныхан, өсвөр үеийнхэн үүнд автаж, амар, хялбар аргаар мөнгө олохыг илүүд үзэх болов.
Иргэн Э-ийн хувьд спорт сонирхдоггүй ч аав, ээжээсээ авсан мөнгөө арвижуулах хүсэлтэй оюутан. Тэрбээр сүүлийн үед тогтмол бооцоо тавьж байгаа бөгөөд олохоосоо алдах нь их гэнэ. Тэрбээр “Анх 5000 төгрөгөөр дансаа цэнэглээд хөлбөмбөгийн хоёр тоглолтын үр дүнг зөв тааж байсан юм. Ер нь тэр үеэс л энэ замаар мөнгөө өсгөх боломжтой юм байна гэж бодсон л доо. Дараа нь 50 мянган төгрөгөөр цэнэглээд найзынхаа хэлснээр нэг баг дээр хожно гээд тавьчихсан чинь алдчихсан. Бөмбөг бөөрөнхий гэж үнэн л юм байна лээ. Алдсан хэдээ олох гээд улайраад хүмүүс бүр хэцүү байдалд ордог шүү” гэж ярилаа.
Харин Иргэн Б тогтмол орлогогүй ч бооцоо тавих дуртай. Түүний хувьд найз нөхөд, хамаатан саднаасаа хамгийн багадаа 5000 төгрөг зээлэн дансаа цэнэглэдэг аж. Тэрбээр “300 төгрөгөөр олон тоглолт холбоод зөв тааж чадвал эргүүлээд авах мөнгө нь өндөр байдаг. Хүнээс гуйж авсан мөнгөө бүгдийг нь тавиад алдаад байвал утгагүй шүү дээ. Хаа ганц ёндоорч хоолныхоо мөнгийг олчихдог юм аа. Одоо бодоход аягүй их мөнгө алджээ. Хадгалж, цуглуулсан бол ч…” гэв.
Дээрх хоёр хүн бол Монголын олон мянган “бооцоочин” залуусын төлөөлөл. Хамгийн харамсалтай нь, залуусын дийлэнхи нь мөнгөө алддаг. Зүгээр л төгрөгөө гадагшаагаа урсгачихдаг. Валют оруулж ирж байгаа нь тун цөөхөн.
Олны танил гэж хэлж болохуйц хүмүүс ч залуусыг үүнд уриалдаг. Тэдний хувьд хэдийнэ санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн, хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөөрөө тоглож байгаа нь лавтай.
Гэтэл сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхлэх насан дээрээ явж буй залуусыг уруу татаж, мөнгөө өсгөх амархан мэтээр ярьдаг, харуулдаг. Төгсгөлд нь “Эрсдлээ өөрсдөө үүрээрэй”, “Ганц л тип зөрлөө” гэгчлэн амыг нь хаадаг. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж үг бий. Анхнаасаа залуучуудад сэдэл өгсөн нь тэдний буруу.
Түүгээр зогсохгүй залуусын хэрэгцээн дээр суурилсан төлбөртэй үйлчилгээ үзүүлж буй хэсэг хүмүүс бий. Урьд цагт банкны картаараа шууд дансаа цэнэглэдэг байсан бол одоо энэ байдал үгүй болсон. Гэтэл агент нэртэй хүмүүсийн дансыг цэнэглэдэг бүлэг бий болов. Тэд хүмүүсийн дансыг цэнэглэж, дундаас нь тодорхой хувь авдаг. Мөн хүмүүст тип буюу зөвлөгөө өгдөг хэсэг хүмүүс ч бий. Тэдний ажил ерөнхийдөө аль баг, аль тамирчин ялж, ялагдахыг урьдчилан таамаглах. Гол нь аль ч тип 100 хувь баттай биш.
2028 он гэхэд олон улсын спорт бооцооны зах зээлд жилдээ 179 гаруй тэрбум ам.доллар эргэлдэнэ гэх тооцоо бий. Гэхдээ Монгол тэргүүтэй зарим улсад энэ нь хууль бус.
Харин АНУ, Канад, Их Британи, Испани, Хятад, Япон зэрэг орнуудад хуулиараа спортын бооцоо хүлээн зөвшөөрөгдсөн. "Nbcnews.com" сайтын мэдээлснээр АНУ-ын насанд хүрэгчдийн ойролцоогоор 1 хувь нь буюу 2.5 сая нь мөрий, бооцоо тавих донтой байдаг гэнэ. Мөнгөө алдсан хүмүүс ихэвчлэн зээлийн карт, хадгаламж, тэтгэврээ ашиглан шархаа нөхөх гэж дахин азаа үздэг аж.
"Debt.org" сайтын мэдээлж буйгаар 23 сая Америк мөрийтэй тоглоомноос болж өрөнд орсон бөгөөд дундаж алдагдал нь 55 мянган ам.доллар гэнэ.
Цар тахлын үед АНУ-д ийм нэгэн хэрэг гарсан. Род-Айлендаас гаралтай “Fortune 500”-д бичигддэг компанид өндөр цалинтай ажилладаг, эхнэр хүүхэдтэй 29 настай залуу “bet”-д донтжээ. Өдөржин компьютерийн дэлгэц шагайж, гэртээ бүгдэг байсан тэрбээр банкнаас дөрвөн удаа хэрэглээний зээл авч, алдагдсан мөнгөө эргүүлж олохоор дахин дахин бооцоо тавьсан ч алдсан аж. Эцэст нь 401K буюу тэтгэврийн хадгаламжаа хоосолжээ.
Түүний хувьд нийтдээ 200 мянган ам.долларыг бооцооны компаниудад алдсан гэнэ. Тэрбээр “nbcnews.com” сайтад өгсөн ярилцлагадаа “Би мөнгөө алдаж эхэлсэн. Одоо бол өөрөөсөө үнэхээр ичиж байна. Би шөнө уйлдаг. Охин, эхнэр хоёрынхоо нүүрийг арай ядан хардаг” гэжээ.
Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард спорт бооцооны “DraftKings” сайтад Нью-Жерсигээс нэгэн эр холбогдож, дансаа цэнэглэх гэсэн боловч хязгаартай тулсан тухайгаа хэлжээ. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу албаныхан хаягийг нь шалгатал тэрбээр 2020 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл нийтдээ 1.9 сая ам.долларыг бооцоонд зориулсан байж.
Ийм амар хялбар аргаар гэнэт мөнгөтэй болох гэсэн арга барил нь нөгөө талдаа хөдөлмөрлөх сонирхолгүй, хөлс гаргалгүй мөнгө олох гэсэн хөдөлмөрөөс зугтагсдын арми бий болгож байна. Дан ганц “sports betting” биш ийм төрлийн бооцоо тавьж алдаж, онодог, түүндээ шунадаг залуус маш олон болсны нотолгоо нь энэ.
Чимээгүй дон гэгдэж буй спортын бооцоо нь сэтгэл зүй, биемахбодийн болон санхүүгийн хохирол дагуулдаг. Монголд хуулиараа зөвшөөрөгдөөгүй ч техник технологийн дэвшлийг ашиглаж, хууль бусаар гадны бооцооны сайтууд манайд нэвтэрч, залуусын халаасыг хоосолсоор байна.
Холбоотой мэдээ