Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгын төсөлд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн /НДШ/ 50 хувийг төрөөс даахаар тусгасан талаар дуулгав. Малчид Монголын нийгмийн 30 хувийг бүрдүүлдэг томоохон бүлэг. Тэдний нийгмийн хамгаалал төр засгийн нуруун дээр яалт ч үгүй бий. Гэвч малчдаас илүү цар тахлын үед ажлын байраа хадгалахын тулд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй аж ахуйн нэгжүүдийнхээ /ААН/ татварыг хөнгөлсөн бол илүү бодит шийдэл болох байв.
Улстөрчдийн ярих дуртай төрөл бүрийн халамжийн эх үүсвэрийг аж ахуй нэгжүүд татвараараа бүрдүүлдэг. Covid-19 цар тахлын улмаас тогтоосон хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулан, ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүргэсэн.
Өнгөрсөн тавдугаар сард тайлан гаргаж өгдөг 80 гаруй мянган аж ахуйн нэгж уруудаж, 33 мянга руу орж, 500 гаруй мянган ажлын байр устаж эдийн засгийн макро тоонууд тэр чигтээ хасахтай гарсан. Татварын тухай хуулиар татвар төлөөгүй, өртэй аж ахуй нэгжүүдийн дансыг нь хааж эхэлсэн.
Хуулийн дагуу аж ахуй нэгжүүд татвараа төлөх, хуулиа биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас дэлхийн бүх л улс оронд хатуу хөл хориог хэсэгчлэн болон бүтэн тогтоож, хилээ хааж, халдварын тоог бууруулахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч санаснаар болохгүй байгааг бүгд харцгааж байна.
Цар тахлын үед татварын орлогоо төлж, ажлын байраа хадгалж ирсэн аж ахуй нэгжүүдээ дэмжинэ гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа ч бодит нөхцөл байдал дээр аж ахуй нэгжүүдийнхээ дансыг хааж, татвараа бүрдүүлэхээр улайрч байна уу гэж хардахад хүргэж байна.
Үүнээс харахад Монгол Улсын эдийн засаг өснө гэсэн өөдрөг төсөөлөл бодит амьдрал дээр биелэх дүр зураг төдийлөн харагдахгүй байна. Азийн хөгжлийн банкны шинжээчдийн тодорхойлсноор, өнгөрсөн онд цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг шилжилтийн үеэс хойших хамгийн том хүндрэлтэй нүүр тулж, 2009 оны хямралаас хойш анх удаа огцом агшив. Монголчуудын сэтгэлийг өнөөдөр ажилгүйдэлд нэрвэгдэж, ажлын байраа алдах вий гэсэн айдас түгшээж буй.
“Дарин дээр давс нэмэв” гэгчээр хэзээ ч цомхотголд орж, ажлаасаа халагдаж мэдэх эрсдэлд буй монголчуудад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн төр засгийн хоржоонтой шийдвэр хүнд цохилт болж байна.
2021 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган аж ахуй нэгж (160 мянган даатгуулагч), нийгмийн даатгалын шимтгэлийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байсан.
Өнөөдрийн байдлаар ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд цалингаасаа 11.5 хувийг, ажил олгогч 12.5 хувь буюу нийт 24 хувийг төлж байна. Компаниуд цалингаа нэмэх тусам, ажилтны хувьд ахиу цалин, орлого олохын хэрээр зардал нь дагаж нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засгийн хямралын энэ үед цалингаа тавьж чадахгүйд хүрсэн аж ахуй нэгжүүдэд шимтгэлийн өсөлт үнэхээр том цохилт болж буйг төр засгийн удирдлагууд ойлгох хэрэгтэй санагдана.
ЭРХ ЧӨЛӨӨ ӨГӨХ ТУСАМ, ТАТВАРЫГ БАГАСГАХ ТУСАМ ТАТВАРЫН ОРЛОГО НЭМЭГДЭЖ БАЙСАН
Covid-19 халдварын дараах эдийн засгийн сэргэлтийг ашиглахын тулд дампуурах дөхсөн компаниудаа өршөөл үзүүлэх талаар эдийн засагч Б.Лхагважав “ Тайлангаа 1.5 жил зогсоосноос болж НӨАТ-ын өрөнд орсон, орлогын албан татварын өртэй яваа компаниудаа төр өршөөх хэрэгтэй. Учир нь төрийн зохицуулалтаар эдийн засаг явагдана гэсэн системийг ашиглаж төр бүх бизнесийг зогсоосон. Яг тэгж зогсоосон шигээ татварын систем, даатгалын системийг зогсоох л ёстой. Монгол Улсын төр засаг 1996, 2008 онд иргэндээ эрх чөлөө өгсөн.
2016 онд аж ахуйн нэгждээ эрх чөлөө өгсөн. Үр дүнд нь улсын татварын орлого дандаа нэг их наядаар давж байсан. Эрх чөлөө өгөх тусам, татварыг багасгах тусам татварын орлого нэмэгдэж байсан. 1990 оноос хойших дөрвөн том хямралаас гарсан арга нь ерөөсөө л иргэн аж ахуйн нэгждээ эрх чөлөө өгсөн. Эдийн засгийн эрх чөлөөг нь, чөлөөтэй ажиллах урмыг л өгсөн. Гарцыг нь гаргаж өгөөд өөрсдөө холдож байсан. Төр өөрөө юм хийх гэж дайраагүй.
Одоо бол манай төр бүх аж ахуйн нэгжээ царцаачхаад өөрсдөө бүхнийг хийнэ гэж дайраад байна. Улсын гайгүйхэн хэдэн үйлдвэрийн олсон ашгийг нийгмийн халамжид өгч байна” гэдгийг онцолсон удаатай.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 онд хийсэн судалгаанд оролцсон “Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай”гэжээ.
Тус танхимаас өнгөрсөн тавдугаар сард нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээхийн тулд цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх санаачлагыг гаргаж байв.
Ингэхдээ:
- Татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх,
- Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алданги чөлөөлөх,
- Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй муу зээлдэгч аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах саналыг гаргасан.
Гэвч Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн есдүгээр сард “Татварын өршөөлийн хууль гэдэг өмнө нь хуримтлагдсан татварын өрүүдийг тэглэх нь дараагийн асуудлыг үүсгэдэг. Татвар төлөхгүй байх хандлага бий болгоно. Тиймээс татварын өршөөл үзүүлэхгүй” гэх байр суурийг илэрхийлсэн.
Холбоотой мэдээ