Аялал жуулчлалын салбарынхан ажлын байрны 60 хувиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбарынхан ажлын байрны 60 хувиа алджээ

Аялал жуулчлалын салбарынхан ажлын байрны 60 хувиа алджээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэн аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсони байдал орсон. Аялал жуулчлалын салбар бол бүх хүнд ашиг тусаа өгч болдог ногоон бизнесийн нэгд тооцогддог аж. Уналтад орсон салбарыг эргэн сэргээхэд төр, иргэн, хувь аж ахуй нэгжүүд хамтран ажиллах шаардлагатай. Үүнд төрийн болоод хувийн хэвшлийн зохицуулалт, бодлого хийгээд иргэдийн эерэг хандлага хэрэгтэй байгаа талаар салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийллээ. 


“МҮХАҮТ”-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БАРСБОЛД:

-Цар тахлын нөлөөллөөс шалтгаалж хоёр жил гаруй хугацаанд аялал жуулчлал бүрэн зогссон гэж хэлж болно. Тэгвэл дэлхий нийтийн хэмжээнд энэ салбар эргэн сэргэх хандлага сүүлийн саруудад ажиглагдаж эхэллээ. 2022-2023 оны хооронд аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж, төр хувийн хэвшлийг нэгдсэн бодлоготой болгох уриалга дор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо болон бусад байгууллагууд хамтран  "Tourism forum Mongolia-2021" арга хэмжээг зохион байгуулж байна. Нэгдүгээрт, гадаад сурталчилгааг буюу жуулчдын эрэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрэлт нэмэгдсэнээр гадаад жуулчдыг авчрах тээврийн бодлогыг сайжруулах (агаарын болон төмөр зам). Гуравдугаарт, жуулчдыг Монголд ирсэн хойно нь хэрхэн тав тухтай, аюулгүй аялуулах талаар хөтөлбөр боловсруулах. Цаашлаад дотоодын аялал болон хүний нөөцийн асуудлыг шийдэх үндэсний томоохон цогц хөтөлбөр боловсруулж, танилцуулж байна.

Монгол Улс өнгөрсөн 2019 оны байдлаар 500 мянга гаруй аялагч хүлээн авч, 2300 гаруй аж ахуй нэгж аяллын салбарт үйл ажиллагаа явуулж 80 мянга гаруй ажлын байрыг бүрдүүлдэг байсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд эдгээр аж ахуй нэгжийн 15 хувь нь татан буугдаж, ажлын байрны 60 хувийг алджээ.

Монголыг зорих аялагчид бүх салбарт хөрөнгө оруулалт хийж байдаг. Тодруулбал, зочид буудал, бар ресторан, дэлгүүр, үзвэр үйлчилгээ болон хүнсний салбарт хүртэл үр өгөөжөө өгдөг.

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”-ИЙН ЗАХИРАЛ С.БАТ-ЭРДЭНЭ:  

Бидний зүгээс дөрвөн стратегийг тодорхойлон гаргаж ирсэн. Үүнд:

  • Жуулчдаа зоригтой авах
  • Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх
  • 2019 онтой адил хэмжээний жуулчдыг маш хурдацтай татан авчрах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн үйлчилгээнийхээ чанар стандартыг сайжруулах
  • Төр болон төрийн бус байгууллага, хувийн аж ахуй нэгжийн олон талд хамтийн ажиллагааг сайжруулах , нэгтгэх. Цаашлаад олон улсын аялал жуулчлалын салбарын хийж байгаа дижитал шилжилтийг оруулж ирэхээр зэхэж байна.

“LOOK MONGOLIA TRAVEL GROUP”-ИЙН ЗАХИРАЛ Т.БАТТУЛГА:    

-Аялал жуулчлалын салбарт бодлого маш их дутагдаж байна. Гадаадын жуулчин ирэх нь улсын эдийн засагт хэрэгтэй. Жишээлбэл, Нэг жуулчин 1000 ам.доллар Монголд зарцууллаа гэхэд уг мөнгөн дүн банк, эмнэлэг, дэлгүүр, зочид буудал, такси, түр оператор, даатгалын компани зэрэгт ямар нэг хэлбэрээр орлого оруулдаг. Улсын валютын нөөц, үндэсний орлогод нөлөөлж байдаг. Гэтэл гадаад жуулчин ирүүлэх, татах асуудалд төр бүх талаараа дэмжиж, иргэд нь ухамсартай хандах хэрэгтэй. Монгол Улс тэр чигээрээ найрсаг орон болох хэрэгтэй. Нөгөө талаараа жуулчид авчрах гэхээр дэд бүтцийн бололцоо дутмаг, 400, 500 мянган аялагчиддаа тулчихсан байна. Гадаадын орноос ирэх, буцах нислэгийн тоо, авиа компанийн хүртээмж гээд дутагдалтай тал олон бий.

Мөн нийслэлээс бусад газар холын замд аялаж байгаа жуулчдад зориулж ариун цэврээ сахих газрууд, амрах буудлууд ховор байдаг. Тэр хүмүүс хаана бие засах уу, хаана хогоо хаях уу гээд маш их асуудаг. Энэ бол наад захын хүний хэрэгцээ шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах улмынхаа тэр хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийг аль болох хадгалж, хамгаалж, сэргээж байх байтал төр өөрөө устгаад байгаад үнэхээр гайхдаг. Тэгсэн мөртлөө хэдэн мянгаар нь жуулчин авчирна гээд яриад байгаа нь үлгэр шиг л сонсогддог. Монголын аялал жуулчлалын салбарт төрийн бодлого дутмаг, наад захын энэ гээд хэлчихмээр дорвитой үр дүн гаргасан шийдэл 20 жилийн хугацаанд гараагүй байна.

Г.Энхжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж