Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд саналаа илгээлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд саналаа илгээлээ

Монгол Улсын Засгийн газраас 2021.05.19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан хуулийн төсөлд өгөх саналыг УИХ-ын нэр бүхий гишүүдэд хүргүүлээд байна.

Санал нь Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн төгсөгчдийн холбоотой хамтран 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоод, мэргэжлийн байгууллагын төлөөллийн оролцоотой зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан болно.

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар танаа

Монгол Улсын Засгийн газраас 2021.05.19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдэд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд өгөх дараах саналыг үүгээр хүргүүлж байна:

1/ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан. Энэ зохицуулалтыг дэлгэрүүлэх, бататгах буюу мэдээллийн эрх чөлөөг хангах суурь хууль нь Нийтийн мэдээллийн тухай хууль байх ёстой. Энэ ёсоор тус суурь хуульд нийцүүлэн бусад хуулийг өөрчлөх, уялдуулах шаардлагатай.

Гэвч төрийн мэдээлэл дээд зэргээр ил тод байх, нууцалбал зохих мэдээллийг зөвхөн нийтийн эрх ашгийн шалгуурт үндэслэн хуулиар тогтоосны үндсэн дээр нууцлах зарчимтай тус хуулийн төсөл нийцэхгүй байна. Тодруулбал, хуулийн төслийн 3.1-т “Хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан мэдээллийг ил болгоход энэ хууль үйлчлэхгүй”, 7.6-д “Хаалттай болон хязгаарлалттай мэдээлэлд хамаарах төрийн болон албаны нууцтай холбогдох Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэх заалтууд бөгөөд Төрийн болон албаны нууцын хуулийг огт хөндөөгүй, улмаар “төрийн нууц”, “албаны нууц” нэрийн дор олон нийтийн мэдээлэлтэй байх ашиг сонирхлыг үл хайхран мэдээллийг нууцлах, мэдээлэл өгөхгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтны алдаа, дутагдлыг нуух, хаацайлах өнөөгийн байдлыг залруулахад Нийтийн мэдээллийн тухай хууль үр дүнгүй байх шинжтэй байна.

Иймд Нийтийн мэдээллийн тухай хуулийг дагалдуулан нууцын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах. Энэ хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2-т “Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ зүйлийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна”, 14.1-т “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэснийг хүчингүй болгож, төрийн нууцын жагсаалт батлах тухай тусгайлсан хууль гаргах.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 29.1.1-т зааснаар хуулийн төслийн агуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх шаардлагатай бөгөөд мэдээллийг ангилах, тэрхүү ангилал нь мэдээлэл олж авах эрхийг хязгаарлах нөхцөл нь Үндсэн хуульд нийцэхгүй тул Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн 7.1-т “Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилна” гэснийг хасах. Энэ хүрээнд хуулийн төсөлд заасан “хязгаарлалттай”, “хаалттай” гэсэн зохицуулалтыг хасах. Тухайлбал, хуулийн төслийн 9 дүгээр зүйл /Хязгаарлалттай мэдээлэл/, 10 дугаар зүйл /Хаалттай мэдээлэл/-ийг төслөөс хасах.

2/ Иргэний мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийг зүй бусаар хязгаарлах эрсдэлтэй заалтуудыг хасах. Тухайлбал, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн 14.3.3-т зааснаар хүн, хуулийн этгээд авах мэдээллээ боломжит байдлаар тодорхойлсон байх үүрэг хүлээнэ. Энэ зохицуулалт нь авах мэдээллээ бодитой, зөв тодорхойлоогүй гэх шалтгаанаар мэдээлэл авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах үр дагавартай байна. Иймд хуулийн төслийн 14.3.3-ыг хасах.

3/ Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн 12.13-т “Энэ хуулийн 12.11-д заасан гомдлыг хянан шийдвэрлэсэн мэдээлэл хариуцагчийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно”, 14.1.6-д “мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл мэдээлэл хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд гомдол гаргах”, 14.2-т “Хүсэлт гаргагч мэдээлэл авах эрхээ хөндөгдсөн гэж үзвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргаж болно” гэж заасан байх бөгөөд зөвхөн гомдол гаргасан тохиолдолд бус, мэдээлэл авах эрхийг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтэд байнга хяналт тавих бүтэц бий болгох. Энэ хүрээнд тус чиг үүргийг тус хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комисст хамааруулан тодорхой тусгах.

4/ Хууль тогтоомжийн тухай хуулийн 29.1.3-т зааснаар хуулийн төсөлд тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй. Нээлттэй өгөгдөлтэй холбоотой харилцаа нь мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийг хангахад шууд хамааралгүй бөгөөд засаглалын ил тод байдал ба төрөөс иргэнд хэрхэн үйлчилгээ үзүүлэхтэй хамааралтай юм. Иймд хуулийн төслийн 4 дүгээр бүлэг /Нийтийн мэдээллийн дэд бүтэц/, 5 дугаар бүлэг /Төрийн цахим үйл ажиллагаа/, 6 дугаар бүлэг /Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны тогтолцоо/, 7 дугаар бүлэг /Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаарх хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг/-ийг Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслөөс хасч, “Төрийн цахим харилцааны тухай” буюу “Нээлттэй өгөгдлийн тухай” хуулийн төсөл болгох. Ингэхдээ нээлттэй өгөгдлийг хязгаарлалтгүй чөлөөтэй ашиглах, эх сурвалжийг дурдаж чөлөөтэй ашиглах, эх сурвалжийг дурдаж чөлөөтэй ашиглаж, ижил нөхцөлөөр түгээх нөхцөлийг хангах.

Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж