Цэцэг хүүхэн цэрэгт явах цагаар!

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Цэцэг хүүхэн цэрэгт явах цагаар!

Цэцэг хүүхэн цэрэгт явах цагаар!

Монгол Улсыг Япон лугаа хөгжүүлэх чин “эрмэлзэлтэй” УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард болсон “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалтад оролцохдоо “Хүсвэл цементэн дээр ч цэцэг ургуулж болно” гэж байв.

Гэвч, одоогоор Монгол Улс цементэнд дээр цэцэг ургуулсан юмгүй, харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цэргийн албыг 1.6-2 жилийн хугацаатай, хүн бүр хаадаг болох” бодлого барьж байна гэсэн нь Цэцэг хүүхнийг ч цэрэгт татдаг тогтолцоо руу явахаар эрх баригчид нэгэнт шийджээ гэлтэй. Иймэрхүү байр суурийг өнгөрсөн хавар Ерөнхий сайд илэрхийлж, энэ санаагаа эмэгтэйчүүд эрт гэрлэж байгаа тул гэж тайлбарлаж байсан юм. Батлан хамгаалахын сайд дүгнэсэнчлэн хугацааг сунгаж, бүх хүмүүсийг хамруулах шалтаг нь  сүүлийн жилүүдэд цэрэгт явах залуус цөөрсөн, шалтгаан нь Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын насанд хүрсэн эрчүүд бүгд алба хаах ёстой юм байх.

   Одоохондоо ирээдүй цаг дээр бичигдэж байгаа энэ үг хэзээ үйлдэл болохыг таашгүй.  Цэргийн алба хаах хугацаа БНСУ-д 1.6-2 жил, ОХУ-д хоёр жил, БНХАУ-д 1-3 жил байдаг талаар сайд эш татаад цаашлаад Монгол Улс ойрын арван жилдээ буу зэвсэг, сумаа өөрсдөө үйлдвэрлэдэг болохоор мөрөөдөж яваагаа  дуулгажээ. Юун Япон лугаа урагшлах, Хойд Солонгос лугаа ухарч мэдэхээр болсон байна.  Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилийн дотор сумны үйлдвэртэй болно гэвэл төсвийн хамаг мөнгө цэрэг армид зарцуулагдах шинжтэй.

Цэрэгжсэн Монголыг хүсээгүй юм бол ардын армийг данхайлгаж, зардлыг нь өсгөх нь эдийн засагт дарамт багагүй дарамт болно. Хоол унд, хувцас хунар, хангалт, цалин хөлс гээд армийн төсөв өндөр. Тэгээд ч цэргийг мянган жил тэжээгээд нэг удаа ашиглатлаа ч хаа ч байсан юм.

Монголыг эзлэх дээрээ тулбал хятад танк нэг их хэрэггүй дээ, хил, крантыг  хоёроо хаачихад манай улс “сүйрнэ”. Эрээн найтаах төдийд Монгол хэвтэрт орохоо шахаж байна. “Роснефть” цоргоо хаангуут Монголд юу боллоо!

Цэрэгт явсан залууст бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэж, тэсвэр тэвчээртэй, хүний үг даадаг хүн болдог гэнэ. Бараг л зодуур даах ёстой гээд хэлчихээгүй нь их юм.  Үнэндээ хүний жаахан хөвгүүдийг цэрэгт аваачаад алчихсан, эсвэл алуурчин болгосон жишээ цөөнгүй.  Өнгөрсөн өвөл цэргийн дэг яргаллыг тэвчиж чадалгүй хугацаат цэргийн албан хаагч амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг хоёр удаа гарсан.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж байлдагчийг зодож хөнөөсөн, харуулын даргаа буудаж алсан онц ноцтой хэргүүдээс харвал Монголын армид нэг бол алуулна нөгөө бол алуурчин болно. Гол нь цэргийн яргалалт, дэглэлтээс айсандаа аав ээжүүд хүүхдээ алба хаагаад ир гэж явуулах дургүй байгаа юм.  Баруун хацар дээр нь үнсээд мордуулсан хүүгийнхээ зүүн хацарыг нь үнсэж чадалгүй сэтгэлийн насны шархтай хоцрох вий гэж айж байгаа болохоор.

Ц.Элбэгдоржийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр багагүй үр дүнгээ өгсөн. Цар тахлаар далимдуулаад МАН-ыг таг гацаачихсан болохоос биш. Уг хөтөлбөрийн зорилго нь их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулах явдал байсан.  Нэг үгээр хэлбэл, богино хугацаанд цэргийн алба хаалгах замаар эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой байлаа.

Гэтэл Батлан хамгаалахын сайд нь “Оюутнууд ч гэсэн нэгдүгээр курсдээ сураад, хоёрдугаар курсээсээ цэргийн алба хаагаад эргэж ирээд их сургуульдаа орж болно. Иргэн бүрийн өөрийнх нь хувийн  зохион байгуулалтын асуудал” гээд томроод сууж байна.

Хугацаат цэргийн албыг сунгаж, бүх хүн хаадаг боллоо гэхэд МАН-ын дарга нарын хүүхдүүд явахгүй. Энгийн иргэдийн хүүхдүүд л албадлагаар алба хааж таарах биз. Тэгж ярих юм бол Ц.Элбэгдоржоос өөр хөвгүүдээ цэрэгт явуулсан сайд дарга нар, улстөрчид МАН-д хаана байна.

Хугацаат цэргийн алба хаагчид амьдралд бэлтгэгдээгүй, мэргэжлээ сонгоогүй, өрх гэр толгойлоод авч явах учир дутагдалтай ирдэг гэжээ. Аргагүй шүү дээ, 18 настай байхдаа манай улстөрчид амьдрал аваад явчих хэмжээний бэлтгэгдсэн бие хүн болчихоогүй байсан нь лав.  Тэгээд ч философич Б.Батчулууны бичсэнээр “Хүн цэрэг болсноороо чөлөөт иргэн байхаа больж, төрийн мэдлийн субъект болдог. Төр хүссэн үедээ түүнийг үхэл хүлээж буй газар уруу илгээнэ. Бусадтай тулалдах, бусдыг алахыг шаардана. Тэгэхээр албадлагын доор цэргийн алба хаах нь боолчлолтой адил зүйл” нь үнэн шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж