​Tourism Forum 2021: Цар тахалд сөхөрсөн аялал жуулчлалынхан сэргэлтийн цэгээ тодорхойлж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

​Tourism Forum 2021: Цар тахалд сөхөрсөн аялал жуулчлалынхан сэргэлтийн цэгээ тодорхойлж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Монголын аялал жуулчлалын холбоо хамтран өнөөдөр аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, оролцогч талуудыг хамарсан “Tourism Forum 2021” арга хэмжээг зохион байгуулж байна.

“Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриатай зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээгээр цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх, бэлтгэл ажил, аялал жуулчлалын хүний нөөц, тээвэр логистик, зочлох үйлчилгээний стандартыг хангах, ковидын үеийн болон дараах аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлох, Монгол Улсыг гадаад сурталчлах зэрэг сэдвүүдийг хөндөн, мэргэжилтнүүд байр суурь, арга туршлагаа солилцож, гарц шийдлийг тодорхойлох юм.

Арга хэмжээний нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Улмаар Монгол Улсад өнөөдөр аялал жуулчлалын салбарт 1600 гаруй ААН, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн алдагдал учирсан болохыг анхааруулсан юм. Мөн тэрээр аялал жуулчлалын салбарыг сэргээхэд агаарын тээвэр, нислэгийн тоо, үнэ, тогтмол байдал, дотоодын зам тээвэр, зочлох үйлчилгээний дэд бүтэц, аялал жуулчлалын салбарын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, хангах асуудал тулгамдаж байгааг онцоллоо.

Харин хэлэлцүүлгийн үеэр аялал жуулчлалын бизнес эрхлэгчид цар тахал, хөл хорио, хил нээх, бэлтгэл жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлуудтай холбоотой Засгийн газрын бодлого шийдвэрийн тодорхойгүй байдлыг шүүмжилж байв. Мөн аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн асуудал хамгийн хурцаар тулгамдаж байгааг илэрхийлж байв.

МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн дарга, Дисковер Монголия Трэйвил ХХК-ийн захирал Б.Барсболд “Цар тахлын улмаас бидний мэдэх Монголын аялал жуулчлалын салбар, бизнесүүд бүхэлдээ сүйрсэн” гэж тодорхойлсон юм.

Цар тахлын өмнө дэлхийн нийт ажиллах хүчний 10 хувь буюу арван хүн тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байв. Гэвч 2020 оны эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 100.8 сая ажлын байр үгүй болсон байна. Үүний талаас илүү буюу 63.4 сая нь манай улс багтдаг Ази-Номхон далайн бүс нутагт хамаарч байгаа юм.

Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд жуулчдын тоо 73 хувь буурсан бол Монгол Улсад энэ тоо 93 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсад ирэх жуулчдын тоо буурсан байдал дэлхийн дунджаас 20 хувиар илүү байна.

Тэгвэл салбарын судлаачдын хувьд 2024 оноос нөхцөл байдал цар тахлын өмнөх хэвийн түвшинд хүрнэ гэж тооцож байгаа аж. Улмаар дэлхийн хэмжээнд цар тахлын дараах аялал жуулчлалын шинэ үсрэлтийн цонх үе тохиох хүлээлт байгаа юм. Тухайлбал, томоохон улс орнууд аялал жуулчлалын цахим үзэсгэлэн, арга хэмжээнүүд зохион байгуулж, захиалгууд авч эхлээд байна. Цаашлаад олон хүн цугладаг музей, үзмэр, дурсгалт газруудыг үзэхээс илүүтэй цөөн хүний бүрэлдэхүүнтэй байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах тухайлсан зорилтот аяллын шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, санал болгож эхэлсэн.

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн хувьд энэхүү үсрэлтийн циклийг ашиглан цар тахлын дараах шинэ хэвийн байдалд стандарт хангасан, гадаадын жуулчдын хүсэл зорилгод нийцсэн аяллыг санал болгож, аялал жуулчлалын салбар зогссоноор алдагдсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх. Салбараас орж ирэх экспортын орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.

Гэвч бизнесийн төлөөллүүд аялал жуулчлалыг сурталчлах тал дээр төр хувийн хэвшийн нэг компанийн маркетингийн зардалтай тэнцэх хэмжээний төсөв зарцуулдаг. Тэр нь тодорхой үр дүнд хүрдэггүй болохыг хурцаар шүүмжилсэн юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин  “Бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болдог хэд хэдэн хүчин зүйлс бий. Нэгд, тээвэр логистик. Жуулчид маш богино хугацаанд, хямд өртгөөр Монгол Улсад ирэх ёстой. Хоёрт, жуулчдад зориулсан нийтлэг стандарт байхгүй. Аялал жуулчлалын маршрут дагуу амрах, отоглох цэгүүд, боловсон ариун цэврийн дэд бүтэц, зочлох үйлчилгээний стандарт гэх мэт. Гуравт, Монгол Улсад ирэх жуулчдад бид юуг санал болгох вэ. Тэдний сонирхлыг юугаар татах вэ. Өөрсдөдөө байгаа Монголын уламжлалт нүүдэлчин соёл дээрээ нэмээд юуг зарж болох вэ. Бидэнд бэлэн зүйл юу байна вэ гэдгээ ярих шаардлагатай байна.

Бид олон жил аялал жуулчлалын салбарт болохгүй байгаа зүйлсийг ярьж ирсэн. Тэгвэл өнөөдөр зөвхөн яриад суух биш яаж засаж, өөрчлөх вэ. Цар тахлын дараах шинэ хэвийн байдалд аялал жуулчлалыг хэрхэн сэргээх вэ гэдэг асуудал дээр нэгдмэл стратегиа энэ форумаар боловсруулах юм. Жишээ нь, МИАТ-ийг яаралтай хувьчилж, нислэгийг яаж либералчлах вэ. Жуулчид ирэх зайг яаж богино бас хямд байлгаж болох вэ.

Жуулчид Монгол Улсыг сонирхож, зорьж ирэх юуг санал болгож болох вэ. Магадгүй бооцоот морин уралдаан, казино зэрэг бусад бүтээгдэхүүнийг зоригтой нэвтрүүлэх, шинэчлэх маш олон ажил байна. Мэдээж үүнийг богино хугацаанд хийж боломжгүй. Гэхдээ үе шаттай шинэчлэл хийснээр бидэнд аялал жуулчлалын салбараас орж ирэх экспортын орлогоо нэмэгдүүлэх өргөн уудам боломж байна.

Дэлхийд долоон тэрбум хүн амьдарч байна. Хүн жилд ядаж нэг удаа аялахыг хүсдэг. Хүн бүрийн сонирхол өөр. Зарим нь ан гөрөө хийх сонирхолтой байдаг бол зарим нь зүгээр л байгальд алхахыг хүсдэг. Жуулчдын төлөө улс орон бүр л өрсөлддөг. Жуулчид биднийг зорьж ирнэ гэдэг хэцүү. Тиймээс бид өөрсдөө л очих хэрэгтэй.

Тэгвэл өнөөдөр цар тахлаас шалтгаалан хүмүүс аль болох зайгаа барьж, бусдаас тусгаарлагдахыг чухалчилж байгаа үед бид жуулчдад зүгээр л онгон байгальд алхах хийх аяллын бүтээгдэхүүн санал болгож болох юм. Байгальд ганцаараа алхана гэдэг өнөөдөр хүн бүрийн авч, мэдэрч чадахгүй зүйл. Нөгөө талдаа бид дэлхийн эдийн засгийн төв болж буй, дээр нь аялалд хамгийн их мөнгө зардаг Зүүн өмнөд Азитай хамгийн ойрхон улс. Тиймээс бид энэ зах зээл юуг хүсэж байна гэдгийг мэдэж, урьдчилан санал болгох хэрэгтэй. Ингэж чадвал бидэнд үнэхээр том орон зай бий" гэсэн юм.

Харин БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Хилээ нээж, аялал жуулчлалыг сэргээх асуудлыг харахын тулд цар тахлын нөхцөл байдал болон бусад шалтгаан нөхцөлүүдийг зөв судалж, гаргаж ирэх шаардлагатай байна. Ирэх жилээс гадаадын аялал жуулчлалыг зохих журмын дагуу нээхийн тулд бидэнд төр хувийн хэвшил, ТББ-ууд болон судлаачид хамтран шинэ хэвийн байдалд хэрхэн шилжих стратеги, төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байгаа.

Хил нээхтэй холбоотой асуудлыг хуулийн түвшинд бид үе шаттай тавьж байна. Нөгөө талдаа Монгол Улсыг хүлээж авах орнуудтай харилцан хилээ нээх хэлэлцээрийг хийж, тооцоо судалгаанууд дээр тур оператор компаниуд, ТББ-уудтай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын хувьд аялал жуулчлалыг нээхэд мэргэжлийн хүний нөөцийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байна. Энэ салбар хоёр жилийн хугацаанд тэг зогсолт хийж, хямралд ороход маш олон мэргэжлийн хүний нөөц өөр салбарт шилжих үзэгдэл гарч байгаа. БНСУ-ын буцалтгүй тусламжаар ирэх хавраас аялал жуулчлалын хүний нөөцийн сургалтын төв нээгдэнэ. Сургалтын төвд жил бүр тасралтгүй 3000 аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх боломж нээгдэнэ.

Аялал жуулчлалын салбарт бид өнгөрсөн хугацаанд материаллаг чанарыг анхаарч ирсэн. Гэтэл хүнээс-хүнд хүрэх үйлчгээ, боловсон хүчний тал дээр бааз, хөрөнгө мөнгөний дутмагшилтай байдлаас шалтгаалж, хүний нөөцөө бэлтгэх, чадвахижуулах асуудлыг бодлогоор дэмжих асуудалд үр дүнд хүрээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрчлөлт хийх шаардлагатай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж